Эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнийг Ховдын брэнд болгоно

535
Орон нутагт өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, тогтмол үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд олон бий. Тэдний төлөөлөл болох “Сод эсгий гоёл” ХХК-ийн үйл ажиллагааны талаар сурвалжиллаа. 
Б.Очирбат: Бид эсгий бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хүссэн өнгө, загвараар хийдэг 
“Сод эсгий гоёл” ХХК нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн үндсэн үйл ажиллагаа, цаашдын зорилтын тухай захирал Баастын Очирбат танилцуулсан юм. Иргэн Б.Очирбат нь цахилгаанчин мэргэжилтэй. Харин түүний гэргий Ц.Нямхүү багш мэргэжилтэй. Тэд ажлынхаа хажуугаар энэхүү өрхийн үйлдвэрлэлийг эхэлснээрээ онцлогтой. Харин охин О.Дэлгэрмаа бүтээгдэхүүний загвар гаргах, гоёл  чимэглэл хийх ажилд туслалцаа үзүүлдэг гэнэ.
Ийнхүү гэр бүлийн гишүүдийн  оролцоо,  хамтын хүчээр өргөжин хөгжиж буй  “Сод эсгий гоёл” ХХК нь эрт дээр үеэс монголчуудын аж амьдралдаа ашиглаж ирсэн хонины ноосыг боловсруулж эсгий гутал, цүнх бусад жижиг хэрэглээний бүтээгдэхүүн хийж байна. Цаашид өдөр тутмын болон орчин үеийн чиг хандлагыг дагасан загварлаг хувцас урлах замаар бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өргөжүүлэхээр зорьж байгаа тухай иргэн Б.Очирбат ярилаа.
Өрхийн үйлдвэрлэлийг эхлүүлсэн түүхээс...
Б.Очирбат: Ах минь Улаанбаатар хотод эсгий бүтээгдэхүүн хийдэг. Тэгээд бид орон нутагтаа энэ ажлыг хэрэгжүүлэхээр болж, түүнээс суралцсан. Бид анх хүүхдийн эсгий гутал, бойтог, улавч хийж эхэлсэн. Одоо нэмэлтээр том хүний эсгий гутал, цүнх, бичгийн хэрэгсэл, малгай гэх мэт бүтээгдэхүүн хийж байна. Манай бүтээгдэхүүний гол түүхий эд нь хонины ноос юм. Үйлдвэрийн аргаар хялгасыг нь бүрэн авсан хонины ноос Улаанбаатар хотоос татан авдаг. Ингээд хивсний будаг ашиглан төрөл бүрийн өнгө оруулах ба гар аргаар эсгийгээ боловсруулдаг. Тухайн эсгийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийж, элдэв хээгээр чимэглэнэ. Бидний ашиглаж буй тоног төхөөрөмж гэвэл ноос самнадаг машин юм. Бусад үйлдлийг гар аргаар хийдэг хэмээн ярив.
Эсгий бүтээгдэхүүний борлуулалт сайн байна
Сүүлийн үед зах зээлийн эрэлт хэрэгцээ сайн байгаа. Ховдынхон манай бүтээгдэхүүнийг хэрэглээд сурчихсан гэж боддог. Бид Улаанбаатар хот, сум орон нутаг болон зэргэлдээх аймгуудад очиж үзэсгэлэн худалдаанд оролцох замаар бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулдаг. Бас аймгийн ХХҮГ-ын дэргэдэх “Ховдод үйлдвэрлэв” дэлгүүрт бүтээгдэхүүнээ борлуулж байна. Сүүлийн үед голдуу захиалгаар хийдэг боллоо. Хэрвээ иргэд захиалга өгөхийг  хүсвэл 95111005, 95111700 утсаар холбогдох боломжтой. Бүтээгдэхүүний түүхий эд болох хонины ноос олдоц их байдаг. Бид Улаанбаатар хоттой харьцуулахад хямд үнэтэй худалдаалж байна.  
Бид ачаалал бага үед өдөрт 5, захиалга их бол өдөртөө 10-20 гутал хийх хүчин чадалтай. Манай бүтээгдэхүүн өнгө, загварын сонголттой. Хэрэглэгчийн хүссэн өнгө, загвар, хэмжээгээр хийдэг.  Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй буюу чийг татахгүй, хөнгөн, дулаан юм. Бидний хийж байгаа зүйл улирлын чанартай боловч экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай.  Мөн дан ганц манай компани орон нутагтаа эсгий гутал хийж байгаагаараа онцлогтой.
Одоо бид Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 9 дүгээр гудамж 1 тоот хашаанд үйлдвэрлэл явуулдаг. Цаашид ажлын байраа өргөтгөж, ажилтны тоог нэмэгдүүлэхээр зорьж байна. Мөн баруун бүсийн аймгуудын хэрэгцээг хангах  бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Улмаар аймгийн брэнд бүтээгдэхүүн болгохыг хүсдэг.  Манай гэр бүл өрхийн үйлдвэрлэл эрхэлснээр орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Хүйтний улиралд  3-4 хүнийг ажлын байраар хангадаг гэж “Сод эсгий гоёл” ХХК-ийн захирал Б.Очирбат хэллээ.  
Амжилтын түүхээс...
“Сод эсгий гоёл” ХХК-ийн эсгий урлалын бүтээгдэхүүн нь:
-2013 онд "Ховдод үйлдвэрлэв" үзэсгэлэнд худалдаанд оролцож,  гар урлалын шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч байсан. 
-2014 онд "Элбэг дэлбэг цагаан сар" үзэсгэлэн худалдаанд оролцож, тэргүүн байрт шалгарсан. 
-2015 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд оролцож, Хөдөлмөрийн яамны хүндэт жуухаар шагнагдсан.
-2019 онд “Цайны зам” өв соёлын II наадмын үеэр зохион байгуулсан “Ховдын хөгжил-2019” үзэсгэлэн худалдаанд оролцож “Шилдгийн шилдэг гранпри” шагнал хүртсэн аж. 
Цүнхний багц шинээр гаргажээ
“Сод эсгий гоёл” ХХК-ийн хүүхдийн эсгий гутал 20-30 мянга, том хүнийх 50-80 мянган төгрөгөөр борлуулдаг. Харин улавч 35 мянга, цүнх 40 мянган төгрөгийн үнэтэй. Онцлоход сүүлийн үед цүнхний багц \коллекц\ гаргаж, 70-80 мянган төгрөгөөр борлуулж байна. Тус багц нь үзэг, харандаа болон нүдний шилний гэр, түрийвч зэргээс бүрдэх аж.  

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn