О.Лхагвасүрэн: Зах зээлд хямд байгаа малын түүхий эдийг үнэт зүйл болгох боломж бий

550

Хөдөө орон нутагт өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй зарим иргэдийн ажил үйлс, цаашдын зорилтын талаар цуврал сурвалжилгаа хүргэж байна. Ховд аймгийн ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр энэ онд зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний нэг  нь “Ажлын байрыг дэмжих”хөтөлбөр юм.
Тус хөтөлбөрт Мянгад сумын Цагаанбулан багийн иргэн О.Лхагвасүрэнгийн “Боломж” гэх малын гаралтай түүхий эд боловсруулах төсөл шалгарч, 2 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Ингээд малын гаралтай түүхий эд болон бусад төрлийн бараа материал татан авч, төслийнхөө үр шимийг хүртэж байна. Сум орон нутагтаа өрхийн үйлдвэрлэл хөгжүүлж байгаа иргэн О.Лхагвасүрэнгийн ажлын талаар сурвалжиллаа. Тэрээр 1985 оноос эхлэн малын арьс, шир ашиглан сур, суран эдлэл хийж буй. Одоогоор эмээл, хазаар, бугуйл, ташуур хийх ба гадаад, дотоодын жуулчдад зориулсан 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийдэг аж.
Сур элдэгч тоног төхөөрөмжзохион бүтээжээ

Малын арьс, ширийг боловсруулах технологи нь цэвэрлэх, хатаах, элдэх, утах, тослох зэрэг хэд хэдэн шат дараалалтай. Энэ дагуу ажлыг хурдан хугацаанд гүйцэтгэх, хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор иргэн О.Лхагвасүрэн сур элдэгч болон утагч төхөөрөмж хийжээ.
Тэрээр хэлэхдээ: сур, суран бүтээгдэхүүн хийхэд гар ажиллагаа, цаг хугацаа их шаардлагатай. Би аливаад тууштай байж, шинийг санаачлан хэрэгжүүлэхийг зорьдог. Энэ утгаараа өөрийн нөөц боломжид тулгуурлан гагнуур хийж сурсан. Ингэснээр өөрийн ажилд зайлшгүй шаардлагатай байсан сур элдэгч төхөөрөмжийг хаягдал төмөр ашиглан хийсэн гэв.
Аялагч иргэдэд зориулж хазаар, ташуур, чөдөр гэх гурван хос бүтээгдэхүүн хийсэн

Иргэн О.Лхагвасүрэн орон нутагтаа аялал жуулчлалыг татах зорилгоор бэлэг дурсгалын зүйлс хийхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар морины хазаар, ташуур, чөдөр гэх гурван хос бүтээгдэхүүн хийсэн гэж танилцууллаа.
Хазаар, ташуур, чөдөр гэх гурван хос бүтээгдэхүүн нь жижиг хэмжээтэй бөгөөд 15 мянган төгрөгөөр худалддаг. Хүмүүс нэг ширхэгээр салган авах боломжтой. Нэг ширхэг нь 5000 төгрөг аж. Тэрээр уг гурван хос бүтээгдэхүүнийг аймгийн Музейд нийлүүлдэг. Гадаадын жуулчид төдийгүй нутгийн иргэд нэлээд сонирхон авч байна. Өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд зах зээлийн эрэлт хэрэгцээг зөв тодорхойлж, иргэдийн санал хүсэлт, захиалгын дагуу бүтээгдэхүүнээ хийх нь чухал гэж боддог. Мөн нэг ямааны арьсаар 30 орчим хос бүтээгдэхүүн хийх боломжтой. Энэ бол зах зээлд хямд байгаа малын түүхий эдийг үнэт зүйл болгох, өрхийн орлогоо нэмэгдүүлэх томоохон боломж гэж иргэн О.Лхагвасүрэн онцоллоо.
Мөн иргэд аливаа зүйлийн бэлгэдэл утгыг судалж, анхаардаг болсон. Тиймээс олом, даруулга, хазаар зэрэг морины тоноглол хийхдээ өлзий хээ шингээж байна. Одоогоор гэрийн нөхцөлд захиалгын дагуу бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг. Нэг үхрийн ширийг 30 мянган төгрөгөөр худалдан авч бүтээгдэхүүн хийхэд 100 мянган төгрөгөөс дээш орлого олж байна. Цаашид сум орон нутагтаа бүтээгдэхүүн борлуулалтын нэгдсэн цэг байгуулах, бэлэг дурсгал,аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нь өргөжүүлэхийг хүсдэг гэж иргэн О.Лхагвасүрэн хэлэв.

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn