Японы онгоц 120 байхад манайх 40 хүрэхгүй ч байлдах болон жолоодлогын ур чадвараараа гайхуулж байсан...

322

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, ахмад дайчин Д.Цогныгийн дурсамжаас хүргэж байна. 

1939 оны Халх голын байлдаан болон 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдын нэг бол Доншуурын Цогны юм. Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонт, ахмад дайчин Д.Цогны 1919 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Бодонч” гэх газар мэндэлжээ.

1938-1942 онд цэргийн алба хааж, Дорнод аймгийн Матад сумын наймдугаар морьт дивизийн их бууны дивизонд тагнуулын салаанд алба хаасан байна. Ингэхдээ тус ангид ахлах тагнуулчийн үүрэг гүйцэтгэж байв. 

Тэрээр 1939 оны Халх голын байлдааны цус урсгасан шуурган галын дунд их бууны тагнуулчаар амь хайргүй тэмцэж, дайсны хянах байрыг устгаж явахдаа улаан армийн ангиас дайсанд баригдан тамлагдаж байсан цэргийг авран хамгаалж гарамгай гавьяа байгуулсан түүхтэй.

Түүний охин АИХ-ын депутат, багш Ц.Харнүдэн: “Миний аав Д.Цогны 1938-1943 он хүртэл таван жил цэргийн албыг нэр хүндтэй хааж, 1945 онд дахин түр цэрэгт татагдаж, эх орноо хамгаалах дайнд оролцсон. Энэ байлдаанд наймдугаар дивизийн дарга Д.Нянтайсүрэн, дивизийн комиссар Дандгаа, сургагч Цегенин, штабын дарга Батсуурь нарын хамт оролцож байсан” гэж бичсэн бий.  


Ахмад дайчин Д.Цогны амьд сэрүүн ахуйн дурсамждаа: 1935 оноос эхлэн дайны бэлтгэл хангасан Японы милитаристууд манай эх орны Дорнод хилээр өнгөлзөж, өдөөн хатгалга хийж байсан тэр үед Зөвлөлтийн сургагч Цегенинтэй хамт их бууны ангид ахлах тагнуулчийн үүрэг гүйцэтгэж явсан.  

“Эмээл” толгойг эзлэхэд ногоон өвсөөр нөмрөг хийж мөлхсөөр хянах байранд очдог. Японы цэргийн агаарын бөмбөлөг газарт хаа сайгүй хөглөрч байсан. Түүнийг устгахад хурдан шалмаг хөдөлгөөн шаардагдана. Артиллерийн хянах байр цаг тутамд байрлалаа өөрчилнө.

Нэгэн өдөр сургагч Цегенин “Нөхөр Д.Цогны түргэл, түргэл” гэж командлан дайсны хяналтын бөмбөлгийг дагуулан анхааралтай мэргэн буудсаны ачаар устгалаа. Зургаадугаар сарын 22-ны өдрийн агаарын тулалдаанд Японы онгоц 120 байхад манайх 40 хүрэхгүй ч ач тач үзэлцэж, байлдах болон жолоодлогын ур  чадвараараа гайхуулж байсан нь бахтай.

Сургагч Цегенин тагнуулын чухал мэдээг цаг алдалгүй өгч, манай хороо сумангуудын байлдааны ажиллагааг хангахад үнэт хувь нэмэр оруулдаг байсан. Элст манхан, Эмээл толгой гэх газар орчим хоригдож байх үед хүйтэн салхитай шөнө Цегенин маань шүд зууж, нэг ч удаа цурамхийлгүй үүр цайлгаж байлаа. Огторгуйд гэрэлт дохио хөөрч, манай их буунуудын уралдуулсан гал дайсны үүрэн дээр гал нударга буулгалаа.

Нисэх онгоцууд дайсныг чанх дээрээс бөмбөгдөж, их буучдад чиг харааны баримжаа өгч байв. Дайсны бөмбөгийн хэлтэрхийд баруун гар минь шархадсаныг сургагч Цегенин боож өгөөд, “ничего явна Цогны” гээд сугадан босгож, хөтлөн явж байсан. Сайн анд нөхрөө би мартдаггүй. Манай дивизийн захирагч Д.Нянтайсүрэн, дивизионы захирагч Цэгмид, салааны захирагч Гангаа, байлдагч Дүнхэрхорлоо, Жигдсүрэн, Цэвээнжав зэрэг нөхдөө дурсан ярих дуртай хэмээжээ.

Ахмад дайчин Д.Цогны энэхүү дурсамжаа Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн тэжээлийн үйлдвэрлэлийн цехийн мастер байх үедээ ярьсан. Энэ талаар Манхан сумын харьяат, бэлтгэл хурандаа Жамбын Нямдаваа дурсаж, түүхэн баримт эх сурвалж мэдээллийг орон нутгийнхаа сонинд ирүүлсэн байдаг.  

Дайны талбарт ч, энх цагийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад ч өөрийн нэр алдраа цуурайтуулсан эх орны хүү, эгэл цэргийн гавьяаг хойч үеийнхэн мартах учиргүй. Иймд Ховд аймгийн харьяат ахмад дайчдын намтар, түүх, дурсамжийг цувралаар танилцуулж байгаа нь энэ юм.   

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn