“Үлэмж” хэрчсэн гурил болон бусад бүтээгдэхүүний нэр төрөл өргөжиж байна

41

Ховд аймгийн нийт хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Тиймээс залуусаар удирдуулсан шинэлэг гарааны бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох зорилтын дагуу Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”, үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж ирсэн. Тус үйл ажиллагаанд оролцож, үр шимийг нь бодитоор хүртэж, хөгжиж яваа бизнес эрхлэгч бол  “Үлэмж урам дэлгэрэх” ХХК-ийн захирал П.Үлэмжнаран юм. Түүний ажлын гараа, амжилт ололт, сэтгэгдлийг танилцуулж байна.

П.Үлэмжнаран хэлэхдээ: “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилээ угтсан уншигч та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Намайг Пүрэвдашийн Үлэмжнаран гэдэг. Ховд аймгийн Манхан сумын харъяат. Эрх зүйч, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Нөхөр, хоёр хүүхдийн хамт аймгийн төв буюу Жаргалант суманд амьдарч байна. Миний бие төрийн байгууллагад найман жил, хувийн хэвшилд гурав дахь жилдээ ажиллаж буй. Өнгөрсөн 2018 оны 10 дугаар сард төрийн байгууллагад ажиллаж байгаад гараад “Үлэмж” кафег эгчтэйгээ хамтран нээсэн.

Улмаар Ховд аймгийнхаа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үлэмж” нэрийн бүтээгдэхүүн болох хэрчсэн гурил, бүхэл үрийн гурил болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг шинээр боловсруулан гаргаж, зах зээлд амжилттай нийлүүлж байна.

2019 оны 10 дугаар сард эгч Н.Олонбаярын хамт “Үлэмж баяжуулсан гурил” төслөөр Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” үйл ажиллагаанд оролцож 10 сая төгрөгийг 3 жилийн хугацаатай хүүгүй зээлэх санхүүжилт авч чадсан нь бид бүхний хувьд маш том дэмжлэг болж байлаа.

Мөн 11 дүгээр сард Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга, мэргэжилтнүүдийн санаачилгаар сүүлийн 3 жилд шалгарсан гарааны бизнес эрхлэгчдээ Улаанбаатар хотод туршлага судлуулсан нь шинэ бизнесээ эхэлж буй залуучуудын хувьд нүдээ олсон томоохон ажил байсан юм.  

Манай “Үлэмж урам дэлгэрэх” ХХК нь 2 жилийн өмнө 3 ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан. Харин одоо 18 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. 2020 оноос эхлэн коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, тэр тусмаа гарааны бизнесээ эрхэлж буй бидний хувьд нэлээн хүндхэн жил болж байна. Бүх нийтийн өндөржүүлсэн байдлын үед үйл ажиллагаагаа зогсоох, хэдийгээр ажиллаж эхэлсэн ч орлого багатай, орлогогүй өдрүүдийн тоо нэлээн олон, ажилтнуудаа цалингүй байлгахгүйн тулд заримдаа тэсээд үлд, тэвчээд амьдар гэдэг өдрүүд ч олон байна.

Залуу хүний хувьд бизнесийн үйл ажиллагаа эрхлээд явж байхад зах зээлд байгаа боломжуудыг шүүрч авч, бодит ажил болгож үр дүнг үзэх нь олон олон саад бэрхшээлийг даван туулах, хийсэн ажилдаа тууштай, чин сэтгэлээсээ хандах болон илүү их хурдыг шаарддаг юм шиг санагдсан.

2021 оноос эхлэн дээр дурдсан нэр төрлийн бүтээгдэхүүнээс гадна пиццаны гурил, тактуританы бэлдэц, шаржигнуур тахианы бэлдэц зэргийг худалдаанд гаргаж байгаа бөгөөд цехээс 7 төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт “кафе”-гаа ажиллуулж байна. Орон нутгийнхаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, шинэ санаачилгуудыг бодит үр дүнд хүргэн, хөгжүүлж буй Л.Билэгдэмбэрэл даргатай Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хамт олон болон нийт уншигчиддаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэв.    

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn