​Америк, Италийн араас очмооргүй байна, маскаа зүүцгээе

302
Коронавирусийн халдвар анх АНУ, Европод тархаж эхлэхэд албаны хүмүүс маск зүүх шаардлагагүй гэж үзэж байлаа. Харин дэлхийн хамгийн их халдвар тархсан улсуудыг нэрлэхэд Итали, Франц, Испани, Герман гэх Европын улсууд байв. Ерөнхийлөгч нь хүртэл маск зүүх шаардлагагүй гэж мэдэгдэж байсан АНУ өнөөдөр хамгийн их өвчлөлтэй орноор нэрлэгдэж, өдөрт мянга, мянгаараа нас барж байна. Одоо АНУ иргэдээ амны хаалт зүүхийг уриалж байна. Хожимдсон ч гэсэн тэд маск зүүх ёстой хүлээн зөвшөөрч байгааг илтгэнэ. 
Яагаад маск зүүх хэрэгтэй вэ
Коронавирус олон замаар дамжиж байгаа ч хамгийн их нь агаар дуслын замаар дамжиж буй. Агаарт нүдэнд харагдахгүй маш олон бичил биет, тоосонцрууд бий. Үүнээс гадна маш жижиг аерозол буюу усан дуслууд байдаг. Энэ усан дуслууд дээр вирусүүд наалдана. Тэд агаарт байхдаа амьгүй. Амь тээгээд л үхчихгүйхэн шиг энд тэндгүй явж байна. Үүгээр нь бид амьсгалахад халдвар авна. Халдвар авах ийм л амархан. Авснаа мэдэхгүй тараах бүр ч амархан. Хүнээс хүнд дамжиж, агаар дуслын замаар халдвар дамжихаас сэргийлэх арга бол маск зүүх, гараа байнга савандаж угаах, олон хүн цугларсан газраар явахгүй байх хэрэгтэй. 
Бид яагаад Франц иргэнээс халдвар аваагүй вэ
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа доктороос Франц иргэнээс монгол иргэд яагаад халдвар авсангүй вэ гэж асуухад тэрээр "Гуравдугаар сарын 2-нд монголчууд бүгдээрээ маскаа зүүдэг болсон байсан. Тэрний үр дүн гарлаа" гэж хариулсан. Бид халдвар анхлан бүртгэгдсэн улстай хил залгаа, халдвар тархах эрсдэл хамгийн өндөртэй улс байсан ч хамгаалалтын арга хэмжээг шуурхай авснаараа өнөөдөр зөвхөн зөөвөрлөгдөн ирсэн тохиолдолтой байна. Гэхдээ тайвшрах болоогүй.
Цаашид юу болох вэ
Цар тахлын эхний давлагаа Европт өрнөж байна. Зарим улсад халдварын тоо буурч байгаа ч хоёр дахь давлагаа Азийн улсууд руу шилжиж, зөөвөрлөгдөн тархаж байгааг судлаачид анхааруулж байна. Тохиолдлын тоо буурч байсан Япон улсад халдвар эргэн хурдацтай тархаж эхэлсэн байна. Коронавирусийн тархалтын оргил үе дөрөв, тавдугаар сард гэдгийг Хятадын эрдэмтэд хэлсэн. Гэтэл бид урин дулаан цаг ирлээ хэмээн гадуур зугаалж, хүүхдүүд нь гадаа тоглож, маскаа зүүхээ ч мартаж, олон хүнтэй газраар тоох ч үгүй явж байна. Гараа угааж, ариутгахаа ч умартлаа. Гэтэл зарлаад байгаа дөрөвдүгээр сар дөнгөж эхэлж, тавдугаар сар айсуй.
Эрүүл мэндийн яамнаас мэдээллийн цагаараа үргэлж маскаа зүүхийг сануулж байгаа. Өвчин ирээгүй байхдаа гайгүй юм шиг санагддаг байх. Гэхдээ тэр ирэхдээ хэнийг ч ялгадаггүй. Энэ өвчнөөс хамгаалахын тулд маск ямар чухал вэ гэдгийг дэлхий нийтээрээ ойлгосон. Тайвширсан хүн болгонд маскаа зүүж, гараа угаахыг сануулъя. Коронавирус гэх аюулт цар тахлыг өнөөдөр л мэдсэн юм шиг өөрсдийгөө хамгаалъя, Монголчууд аа!

Н.Саруулдөл
Эх сурвалж: Itoim.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn