Ядуу ч “ялах” Монгол

20
“Баялгийн сантай болно”, “Валютын нөөцийг нэмэгдүүлнэ”, “Өрийн дарамтаас гарна”, “Байгалийн баялгийг иргэддээ хүртээнэ”, “Залуу гэр бүлийг дэмжинэ”, “Таван саяас илүү цалинтай болгоно”, “Өрх бүрийг орон сууцанд хамруулна”, “Тусгай зөвшөөрөлгүй болгоно”...
Энэ бол сонгуульд дэвшиж буй нам, эвслийнхний мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлс. Уриа, лоозон шинжтэй гоё сайхан үгсээр чимэглэсэн мөрийн хөтөлбөрийн нүүрэн дээр цагаанаар хараар бичигдсэн үгс. Энэ бүгдийг харахаар хэн ялахаар байна. Зарим нэг намын сонгуулийн плакатыг харвал “Сүхбаатарчууд”, “Сэлэнгэчүүд”, “Архангайчууд” ялах мэтээр лоозогнож байна. Сонгууль бүрийн урд хэлдэг уриа төдий хэдэн үгс намуудын мөрийн хөтөлбөр гэх 0.55 мм-ээс зузаан цаасан дээр үлдэж хоцорчээ. Гэвч бид гаднын дүгнэлтээс хол зөрөлгүй 30 жилийг ардаа үлдэж. Тэд чухамдаа яаж дүгнэсэн бэ гэж үү? Ядуу. Заримынх нь 30 жил хаяглуулж дадсан, бүр заримынх нь 30 жил хаягжуулж чадсан хэсэг бүлэг хүмүүсийн хамгийн дургүй тодорхойлолт.
Ядуу Монгол
Тийм ээ та буруу уншсангүй. Бид ядуу Монгол. Эдийн засгийнх нь 70-аас илүү хувь нь зөвхөн нэг салбараас хараат, экспортын нийлүүлэлтийн 90 хувь нь үзэн яддаг Хятадаас хараат “тийм” улс. Тусгаар тогтносон улсын хувьд бид хүнд болон хөнгөн үйлдвэрийн үнэр ч байхгүй, зөвхөн уул уурхайгаа тойрсон эдийн засагтай түүнийгээ тойрсон эдийн засагтай улс. Мега төсөлтэй гэдгээ сонгуулийн дөрвөн жилийн интервалиар санадаг улс. Гадаад зах зээл дээр жижиг тоос дэгдэхэд л  нөлөөлөл нь бидэнд шанаа өгч мэдэхээр тийм эмзэг улс. Гаднын зах зээлээс босгосон зээл, тусламж, арай боломжийн үгээр тайлбарлавал бонд гэдгээр нөгөөгөө нөхөж нөгөөгөө тэтгэдэг улс. Дотооддоо юу ч үгүй атлаа гаднын хөрөнгө оруулалтаар валютын нөөц нь хэмжигддэг чадуу улс. Хямралын сүүдэрт дарагдаад ирэхийн цагт түрийвч зузаантай хэн нэгний хаяаг барааддаг ядуу улс. Бид ядраад, мөнгөө бараад ирэхээр хаяаг нь барааддаг Дэлхийн банк биднийг сүүлийн 20 жил ингэж дүгнэсээр ирсэн. Өнгөрсөн жил боловсруулсан ядуурлын судалгаагаар бид үзэн ядаад, үгүйсгэж дүгнэсээр байдаг Африкийн нэжгээд улсаас гадна жагссан юм шүү.
Нэгдүгээрт бид ядуурал хоёр жилийнхээс дээрдсэнгүй. Тус судалгаанд Монгол Улсын ядуурлын түвшин 2018 онд 29.6 байсан бол 2018 онд 28.4 хувьтай гарчээ. Гурван сая хүн амтай Монгол Улс хоёр жилийн хугацаанд гурван хувиас дээш гарч чадаагүй гэсэн үг. Дээрээс нь цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэмэгдэхгүй байгаа нь ядуурлын гол шалтгаан гэнэ. Ядуурлын гол шалтгаан нь хүндээ, төрдөө бус гэдгийг энэ тайлан харуулна. Ерөөс боловсролын тогтолцоо нь энэ бүгдийн угийн уг дахь асуудал аж. Нэг хүнд ногдох дээд боловсролын дипломын тоогоороо бид Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн дунджаас тэргүүлнэ. Гэвч дээд боловсролтой таван хүн тутмын хоёр нь ажилгүй, хоёр нь өөр мэргэжлээр ажилладаг гэсэн судалгаа гарчээ. Хамгийн эрсдэлтэй бөгөөд эдийн засгийн хямралд өртөхүйц үнэлгээ гэвэл хот суурин газар дахь ядуусын тоо. Монгол Улсын хүн амын 66 хувь нь хот суурин газар амьдардаг ч тэдгээрээс 10 хүн тутмын зургаа нь ядуу байгаа гэсэн дүн гарчээ. Хөдөө амьдрал “гуниг” байгаа гэх шалтгаанаар хөдөөгөөс хот руу чиглэсэн их нүүдлийг хазаарлаж чадаагүй манай улс ийнхүү хотдоо ядуучууд ч шавдаг улс болж хувирав. Энэ нийтлэлийг уншиж буй таныг бүр тавгүйцүүлэх нэг баримт байгаа нь хоёр жилийн дотор хамгийн ядуу гэх тодотгол шилжиж буй өрхийн тоо нэмэгдсээр байгаа явдал. Монгол Улсад хамгийн ядуу гэх тодотголд хамаарч буй гурван өрх тутмын нэг нь хамгийн ядуу гэх ангиллаас доогуур ангилал руу шилжжээ.Дээрээс нь ядуу өрхийн гишүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хоёр дахин бага ажил эрхэлдэг байна. Үүний тоонд мужаан, өнгөлгөө, машин угаагчийн ажил багтана. Дэлхийн банкны гол шүүмжилж буй зүйл гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага хөдөлмөр эрхэлж буй иргэдийг хамгаалах тогтолцоо сул байгаа явдал. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хууль бүс нутгийн бусад улсуудыг бодвол боловсронгуй ч хүн амын тодорхой хувийг эзэлдэг ч бага орлоготой өрхийг дэмжээгүй гэдэг нь судалгаанд доогуур үнэлэгдэх нэг шалтгаан болжээ.
Нөгөөтээгүүр мал ихтэй ч нөгөөхөө зөв хуваарилж чаддаггүй Монгол Улсын парадокс болсон нэг зүйл байгаа нь малчид “баяжихгүй” байгаа явдал. Дэлхийн банкны судалгаанд гурван малчин тутмын нэг нь ядуу байгаа гэх судалгаа гарчээ. Ялангуяа газрын хэвлийн баялаг ихээр илэрч дэлхий дахинд үүгээрээ цуурайтаж байх 2010 оноос эхлэн ядуу малчдын тоо нэмэгдэх болсон гэдгийг Дэлхийн банк тайландаа онцгойлсон байна.  Гэхдээ энэ тохиолдолд төрийн сайд Ч.Улаанын улайхгүй хэлсэн шиг ямаа хаана, хэд хүрэх тухай асуудлаас тэс ондоо шүү. Малчдын дэд бүтэц, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь Дэлхийн банкны судалгааны гол анхаарах зүйл болжээ. Малчдын дургүйлхээд байдаг бэлчээрийн даац гэдэг ухагдахууныг энэ удаад мөн л ашигласан. Монгол Улсын бэлчээрийн даац аль хэдийнээ хэтэрсэн төдийгүй цөлжилтөд сүүлийн 15 жилд хамгийн өртөх магадлалтай улсын тоонд манайхыг оруулж тооцоод хэдийнээ таван жилийн хугацааг үджээ. 
Жендер гээд эр нь эмийгээ, эм нь эрээ үгүйсгэх болсон энэ цагт Дэлхийн банкны судалгаа улам барайлгах нь дамжиггүй. 2010 оноос хойш Монгол Улсад 25-29 насны эмэгтэйчүүдийн боловсролын завсардалт, ажил эрхлэлт тасалдах байдал 2000-аад оны эхнийхээс нэмэгдсэн гэх үзүүлэлт гарчээ. Нэг ёсондоо хөдөлмөрийн зах зээл дээрх хүйсийн тэнцвэргүй байдал нь эдийн засгийн эмзэгшил үүсгэж байгааг тэд онцолсон байна.Бид зөвхөн эр хүнээс илүү эрхтэй байх ёстой гэдэг дээр анхаардаг боловч хөдөлмөрийн зах зээл, хүүхэдтэй ээжүүдийг хөдөлмөрлөх насанд нь хамгаалдаггүй гэдгээрээ бүс нутгийн дунджаас доогуур улсуудаас тааруу үзүүлэлттэй  байна. Энэ мэтчилэн олон зүйлс биднийг ядуу гэх тодотголд хамруулах “чадалтай” аж. Тийм ээ бид бултаараа ядуу улс.
"Ялах" Монгол
Сонгуулийн үнэр ногооны униартай хамар цоргиж байгаа энэ цагт Монголоос илүү ялах улс үгүй. Бүр сумаараа, хороогоо, дүүргээрээ ялна. Сүхбаатарчууд, Архангайчууд, Сэлэнгэчүүд ялна. Энэ удаагийн сонгуульд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан Монгол ардын нам /МАН/, Ардчилсан нам /АН/-д л лав Дэлхийн банкаар “гоочлуулсан” тодорхойлолтоос гарах өгүүлбэр алга. Мерит зарчим, бизнес эрхлэх тэгш эрх, боловсруулах үйлдвэртэй болно, өрийн дарамтаас гарна, бултаараа хөгжинө гэсэн уриа болсон үгс л харагдана. Бид энэ үгийг 30 жилийн турш 0.55 мм-ийн зузаан цааснаас малийсан төрхтэй хэн нэгнийг хэлсэн үг мэт харсаар өдийг хүрчээ. Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн эдийн засаг хэсгийн мөрийн хөтөлбөрөөс нэг л заалтыг та бүхэнд сонирхуулъя. Тус нам сэхээнд орсон эдийн засгаа эрчимт эмчилгээнээс гаргаад хэвийн тасагт “хэвтүүлсэн” гэдгийг онцлоод дараах хэд, хэдэн ажлуудыг бусад намаас илүү хэрэгжүүлнэ гэж тодотгожээ. МАН-ын мөрийн хөтөлбөрийн 2.2-ийг “Эдийн засгийн төрөлжилт” гэж нэрлэжээ. Нөгөө л 30 жил ярьсан үг. Энэ үг нөгөө л лоозон болсон уриагаар тодорхойлогдоно. “Импортлогч улсаас экспортлогч улс”. Магадгүй энэ үг нь манай хэдээс ичиж байж мэдэх юм. Энэ дэд хэсэг нийтдээ 28 төрлийн өнгө ижил лоозогнолоор үргэлжилнэ. Ардчилсан нам мөн л үүнтэй өнгө жил зүйлсийг мөрийн хөтөлбөртөө дурджээ. Хүртээмжтэй эдийн засаг гэх дэд хөтөлбөртөө эдийн засгийн бүтцийг эрс шинэчилж экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ гэж заажээ. Байгалийн нөөцийн өгөөж, мега төслүүдийн маргаашийг ч энэ хөтөлбөртөө дурдсан. Цаашид энэ мэтчилэн загвараар бусад нам эвслүүд тунхгийн шинж чанартай уриалгыг дэвшүүлжээ.
Манай эдийн засгийн бодлого ердөө л сонгуулийн дөрвөн жилээрээ хэмжигддэг. Зөвхөн эдийн засаг ч гэлтгүй бүх бодлого яг ийм л интервальтай. Энэ хооронд ядрахаараа түшдэг түрийвч зузаан улсууд нь эдийн засгаа төрөлжүүл, төсвийн сахилга баттай бол гэж сануулдаг ч амьдрал дээр хэрэгжихгүй байсаар Дэлхийн банкнаас гаргасан ядуурлын индекст хамгийн муугийн жишээ болсон Африкийн улс орнуудтай дөрөө харшуулаад “зүтгэж” явна.
“Монгол Улсын эдийн засаг автомашинтай зүйрлэвэл их засвар хийхгүй яваад байгаа юм. Шатахуун хийгээд л, гадна талыг нь арчаад яваад байгаа. Тэгэхээр дараагийн хямралд өртөх нь ойлгомжтой” гэж эдийн засагч Н.Энхбаяр ярьсан юм.
Бид эдийн засгийн хувьд “Эрдэнэт”, “Оюутолгой”-гоо л түшиглэдэг. Эрдэнэтийг бодвол нөгөө толгой нь явж өгдөггүй. Явж өгдөггүйгээс гадна явах замд нь садаа болдог хэдтэй, ажлаа хийхдээ будилаан тарьдаг хэсэг хэдтэй улс. Хүссэн ч эс хүссэн ч бид уул уурхайгаа ойрын хэдэн жилдээ ярихаас өөр аргагүй.
Эсвэл ялагдах уу
Харин тэгээд яана гэж ялах гэж байгаад ялагдчихсан уу. Бид тойрогтоо, хайрцагтаа, жалгандаа сэтгэсээр байвал ялагдах л болно. Гаднынхан бидэнд ердөө гурван л зүйлийг захиж байгаа. Нэгдүгээрт төсвийн сахилга батыг сайжруулах, хоёрдугаарт ядуурлыг бууруулах тал дээр цогц арга хэмжээ ав, гуравдугаарт эдийн засгийн бодлогоо өөрчилж гэж. Харамсалтай нь бид энэ хэдэн зөвлөгөөг дагалгүйгээр өдийтэй золгожээ.
“Монгол хүн маш ухамсартай, хариуцлагатай гэдгийг. Ийм хүмүүст итгэж, найдаж болох юм гэдгийг л сурах хэрэгтэй. Тиймээс дараа, дараагийн жилүүдэд эдийн засагт төрийн оролцоог хумих, аль болох иргэд рүү чиглэсэн, иргэндээ эрх чөлөө олгох, иргэдэд чиглэсэн хүнд суртлыг багасгах чиглэлд л анхаарах юм бол амжилтад хүрнэ” МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Дэд профессор, доктор (Ph.D) Б.Алтанцэцэг ярьсан юм. Монгол ялна гэдэг “түлээ” ч юм шиг уриа бол угтаа монголчууд ялна гэсэн үг юм. Монголчууд ялна гэдэг нь эргээд эдийн засгийн зөв бодлого. Эдийн засгийн зөв бодлого нь явж, явж Монгол хүн гэдгийг мөхөс би бус үгийг нь авдаггүй эдийн засагчид хэлж байна. Хүнээ дэмжинэ гэдэг нь “Хүүхдийн мөнгө”, “Тэтгэвэр нэмнэ”, “Цалин нэмнэ” гэх хошхируулалт биши бөгөөд зөвхөн иргэдээ ажиллаж, амьдрах боломжоор хангана гэсэн ойлголт аж. Хэрэв хүнээ боддог бол төсөв тэлэхгүй. Харин хумигдана. Элдэв бичиг цаас шаардахгүй цааш “явах” боломжоор хангана гэсэн үг. Гэтэл бид одоо тэлэхийн дээдээр тэлээд том хямралын өмнө том шоутайгаар тулж ирээд байна. Энэ том сорилтыг эцсийн эцэст цэнхэр, улаан малгайтай хэн ч гэтэлгэхгүй бөгөөд татвар төлөгчид давж гарах билээ

Б.Аззаяа
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn