Өрх бүр хашаандаа мод тарихыг уриалж байна

33
Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас санаачлан “Хог биш мод тарья” хөдөлгөөн өрнүүлнэ. Агаар орчны бохирдол, цөлжилтийг сааруулах, хотын тохижилт, ногоон байгууламжийн менежментийг сайжруулахад  олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг хангахад энэхүү хөдөлгөөний зорилго чиглэж буй.
Тус хөдөлгөөний хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд гэр хорооллын бүсэд 5000 орчим айл өрх 3200 гаруй хашаанд оршин суудаг. Иймд Жаргалант сумын өрх бүр хашаандаа 3-5 ширхэг мод тарихыг уриалж байна.
Ингэхдээ аймгийн ИТХ-ын ажлын алба, байгаль орчны салбар байгууллагууд хамтран модны суулгац, бордоо, мод тарих зөвлөгөө зэргийг багтаасан 5-10 мянган төгрөгийн багц гаргаж, нэгдсэн цэгээр дамжуулан худалдах аж.
Харин албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүрээлэн байгаа орчиндоо шинээр мод тарих, арчлах, хамгаалах ажлыг эрчимжүүлэх чиглэл өгч, хянан ажиллахаар болжээ.
Мөн мэргэжлийн байгууллагын ойжуулагч, цэцэрлэгжүүлэгчдийн зөвлөмжийн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үе шаттайгаар олон нийтэд түгээнэ. Мод тарихын ач холбогдол бүхий сурталчилгааны материал бэлтгэж цахим сүлжээнд байршуулна. Үүнээс гадна тэмдэглэлт өдрүүд, баярын үйл ажиллагаанд зориулж мод тарих дадлыг бий болгохыг зорьж байна.
Түүнчлэн“10 мянган мод-Олон ястны угтах хаалга” төгөл, аймгийн БОАЖГ-ын харьяа цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн паркт мод тарьж хэвшихийг энэхүү хөдөлгөөнөөр дамжуулан уриалж буй. “Хог биш мод тарья” хөдөлгөөн дууссанаас хойш ажлын гурван өдөрт багтаан үйл ажиллагааны нэгдсэн тайлан гаргаж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ.
Хөдөлгөөнд хамгийн идэвхтэй оролцож, тарьсан мод нь сайн ургаж байгаа албан байгууллага, аж ахуй нэгж, багуудыг шалгаруулж, мөнгөн шагнал олгох аж.
Тус хөдөлгөөний үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Сум дундын ойн анги, БОЭТ-ийн Төрөх тасаг, Улсын бүртгэлийн хэлтэс, БСУГ, ЭМГ зэрэг байгууллага хамтран оролцохоор болсон гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn