Хөгжлийн бэрхшээлтэй 111 иргэн ажлын байр дэмжих хөтөлбөрт хамрагджээ

403

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар сурвалжиллаа. Ингэхдээ тус хөтөлбөрийн үр дүнг бодитоор хүртэж яваа зарим сумын иргэдтэй уулзсан юм. Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж буй.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2017-2019 онд өөрөө хөдөлмөр эрхлэх чадвартай болон байнгын асаргаанд байдаг хүүхдээ асарч буй эцэг эх, хувиараа аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд 48 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулжээ.
Ингэснээр гурван жилийн хугацаанд 111 иргэний төслийг дэмжиж, 200.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагаанд 2017 онд 49 хүн хамрагдсанаар 75 сая төгрөгийн санхүүжилт авсан. Харин 2018 онд 34 хүнд 70 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Мөн 2019 онд тус хөтөлбөрт 28 иргэн хамрагдаж, 55 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, үйлдвэрлэл үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлсэн аж.
Т.Отгонжаргал: Цайны газар ажиллуулснаар 2 хүнийг тогтмол ажлын байраар хангасан

Ховд аймгийн Мянгад сумын тухайд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт нэг иргэн хамрагдсан. Тодруулбал, 2019 онд Мянгад сумын Баянхошуу багийн иргэн Т.Отгонжаргал “цайны газар” гэх төсөл бичиж, 2 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Ингээд сум орон нутагтаа анх удаа Цайны газар ажиллуулж эхэлсэн байна.
Иргэн Т.Отгонжаргал нь тус хөтөлбөрт хамрагдсанаар хоёр хүнийг тогтмол ажлын байраар хангаж, эрүүл ахуйн стандарт мөрдөн ажиллаж буй. Тэрээр хэлэхдээ: Манай цайны газар нь өндөгтэй хуурга, нарийн махан хуурга, бууз, хуушуур зэрэг зургаан төрлийн хоол болон цай бэлтгэдэг. Өдөрт дунджаар 20 гаруй хүнд үйлчлэх замаар өрхийн орлогоо нэмэгдүүлж, амьжиргааны түвшингээ дээшлүүлж байгаадаа баяртай байна гэлээ.
Ц.Түмэнжаргал: Зочид буудлынхаа халаалтын асуудлыг бүрэн шинэчилсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт Ховд аймгийн Дөргөн сумаас 2017-2019 онд 2 иргэн хамрагдаж, нийт 3.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авчээ.
Тухайлбал, Дөргөн сумын иргэн Ц.Түвшинжаргал “Дөргөн зочид буудал”-ыг 2008 оноос эхлэн ажиллуулж байгаа юм.
Тэрээр өнгөрсөн 2019 онд тус зочид буудлын халаалтын асуудлыг бүрэн шинэчлэх тухай төсөл бичиж, 1.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авснаар зочид буудлынхаа үйл ажиллагааг сайжруулж, үйлчлүүлэгчдэд ая тухтай орчин бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Дөргөн зочид буудал зургаан өрөөтэй. Зарим өрөөнд дулаан хангамж тааруу, жижиг зуух ашиглаж байжээ. Тэгвэл тус хөтөлбөрийн үр шимээр халаалтын зуух болон зарим өрөөний шугам сүлжээг шинэчилсэн байна. Ингэснээр зочид буудлын дулаан хангамж хэвийн болж, үйлчлүүлэгчид ая тухтай амрах боломж бүрджээ. Энэхүү зочид буудал нь сумандаа тогтмол ажиллаж буй цорын ганц буудал гэдгээрээ онцлогтой.
Б.Хишигбадрах: Чандмань суманд анх удаа хэвлэлийн үйлчилгээ нэвтрүүлсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 2017-2019 онд Ховд аймгийн Чандмань сумын 3 иргэн хамрагдаж, нийт 5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэх замаар ажлын байр шинээр бий болгожээ.
Тодруулбал, Чандмань сумын иргэн Б.Хишигбадрах сум орон нутагтаа компьютер, хэвлэлийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Тэрээр 2017 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 2 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан. Ингээд сум орон нутагтаа анх удаа компьютер, хэвлэлийн үйлчилгээ тогтмол үзүүлэх боломж бүрдүүлсэн гэнэ.
Тэрээр өөрөөсөө гадна нэг хүнийг ажлын байраар хангаж байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх замаар интернэт кафетэй болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Иргэн Б.Хишигбадрах нь сурч, хөгжих чин хүсэлтэй залуу үеийн төлөөлөл. Хөгжлийн бэрхшээлтэй гээд зүгээр сууж, сэтгэл гундаагүй. Өөрийн авьяас, оюун ухаан, хүсэл сонирхлын дагуу бие даан суралцаж, компьютерийн бүх төрлийн программыг эзэмшсэн аж.
Ийнхүү Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжсэнээр тэдний нийгмийн идэвх оролцоо сайжирч, аж ахуй, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаа өргөжих замаар өрхийн орлого нэмэгдэж байгааг албаныхан онцоллоо.  

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn