Номын ахан дүүс минь шатрын хэд минь

510

Номын ахан дүүс, энэ нэрийг домог түүх Хамрын хийд, шамбалын оронд аялаж явахдаа олсон бүр тодруулбал тэндхийн сакура ургасан жалга өгсөөд нямба бясалгал хийж байсан 108 агуйны гол хэсгийг үзэж явах үес тайлбарлагчийн хэлсэнээр гар гараасаа хөтлөлцөн буухдаа номын ахан дүүс болцгоолоо гэж хөгжилдөн шуугиж явсанаас үүдсэн хэрэг.

Тэр удаагийн ахан дүүс маань Монгол Улсын шатрын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан буюу их мастер Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Ц.Шаравдорж, Олон улсын мастер Г.Мөнхгал, Б.Гүнбаяр гэсэн таван эрэгтэй, их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Олон улсын мастер Б.Анхчимэг, Д.Янжиндулам, С.Отгонжаргал гэсэн таван эмэгтэй шатарчин, дээр нь Б.Нямдаваа хэмээх шатар судлаач шүүгч залуу, тэгээд миний бие юм.

Шигшээ багийнхан эв нэгдэлтэй, эрч хүчтэй байж, Турк Улсын Истанбул хотод болсон дэлхийн шатрын 40 дүгээр олимпид оролцоод ирсэн юм.

Истанбулын WOW нэртэй үзэсгэлэн яармаг гардаг том танхимд дэлхийн 160 улсын эрэгтэйчүүд, 127 улсын эмэгтэйчүүдийн шигшээ багууд дөрөв дөрвөн ширээн дээр өрсөлдөв. Ганцхан том, цэлгэр танхимд дэлхийн оюуны спортын сор болсон шатарчид цуглан оюун ухаан, тэвчээр хатуужлаа уралдуулсан нь юутай их оюуны төвлөрөл, юутай их эрчим хүчний төвлөрөл болсон нь тодорхой. Бас сэтгэхгүйн тулаан юм гэдгийг тэнд ойлгож авлаа. Миний бие ХБНГУ-ын Дрезденд болсон олимпид шатарчдынхаа тулааныг үзсэнээс хойш нэгэнт дөрвөн жил өнгөрчихсөн байх юм.

Истанбулд шатрын олимпийг зохион байгуулагчид дэг журмыг хатуугаас хатуу барьж байсан. Барихаас ч аргагүй байх. Олимпийн 11 өргөөс гурван өрөг дутуу байхад би Истанбулд очсон юм. Манай багийнхан өрөө тасалгааг маань бэлдчихсэн байв. Олимпид оролцох эрхийн мандат /баж/ зургаан дэстэй бол тоглолтын бүхий л газар орох, байх эрхтэй үнэмлэхийг Англид шатрын академи ажиллуулж байгаа Сайнбаяр гэдэг Монгол шатарчин бэлдчихсэн хүлээж, өөрөө шүүгч хийгээд гялалзаж явна.

Мандатаа мартсан уу, орхисон уу, дэлхийн домогт шатарчин, дэлхийн олон удаагийн аварга Нона Гапрандишвили гуайг шатрын тэмцээн болж байгаа танхим руу оруулахгүй, Гапрандишвили цүнхээ уудлаад л зогсоод байна лээ. Бас энэ цагийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргыг эзэмшиж буй Хятадын Ху Яапан мөн л орж чадахгүй тэмцээн нь эхэлчих гээд сандраад, хүн гүйлгэж байх жишээний харагдах нь дэг журам гэдэг дэг журам л байдгийн баримт. Секурити буюу аюулгүйн албанд ар өврийн хаалга, таньдаг мэддэг хамаагүй нь энэхэн тэмцээнээс ч харагдана.

Mongolia гэсэн хаягтай эх орныхоо төрийн далбааг тавьсан эрэгтэй, эмэгтэй багийнхаа ширээнүүдийн хооронд шогшсоор нэг мэдэхэд л 5–6 цаг болчихсон, ёстой л сэтгэл зүйн тулаанд давхар орж явчих нь тэр.

Оросын өндөр эрэмбийн шатарчид Америкуудтай үзэлцээд илүүрхэх гэж шаралхаад хожигдчихов. Крамник, Грищук гээд рейтинг нь ч өндөр, чац нь ч өндөр шатарчид Америкийн шатарчин Накамура, Гата Камский нартай тэнцсэнээс хожигдсон нь дээр гэж үзсэнийх үү, яалт ч үгүй тулсан мань мэтэд ч ойлгогдохоор тэнцээ шатар дээр илт буруу нүүдэл хийн хожигдохыг харав.

Өмнөх олимп дээр Накамуратай манай Гүндаваа өрсөлдөөд, Гүндавааг илт давуу явахад нь Накамура тэнцэх санал дахин дахин тавьж, сэтгэл зүйн дайралт хийсээр хожсон юм. Тэр нь сая ч бас давтагдаж Крамникийг хожиж, Америкчууд бөөн баяр болов.

Харин эмэгтэй багтай нь манай охидууд учраа таарч Анхаа маань хүү алдахад хүрч, манай баг хасах нэг болчихов. Гэтэл гуравдугаар ширээнд тоглосон Янжаа маань байрлал тийм ч сайн биш болов. Тэнцээ санал тавьсан ч өрсөлдөгч нь зөвшөөрсөнгүй. Ийнхүү хүнд байдалд өрсөлдсөөр тэнцээ болгож чадлаа. Т.Батчимэг Америкийн шатарчинтай мөн л тэнцэв. Эцсийн найдлага Б.Мөнгөнтуулд Америкийн аварга Затонская тэнцэх санал тавьсанд Мөнгөнтуул уг саналыг хүлээж авалгүй тулаанаа үргэлжлүүлэв. Хэрэв Мөнгөнтуул тэнцэх саналыг хүлээж авбал манайх багаараа АНУ-д хожигдох байсан учраас эцсээ хүртэл тулалдахаас аргагүй болсон юм.

Туршлага, тэвчээр зааж тоглосон Мөнгөнтуул маань хожиж дэлхийд айргийн тав дотор байдаг Америкийн багтай 2:2-ын харьцаагаар тэнцлээ. Төгсгөлийн 11 дэх өргийг Италийн багтай хийж Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, С.Отгонжаргал нар маань хожиж 3:1-ийн харьцаагаар Италийн эмэгтэйчүүдийн багийг илт давуу буулган авснаар эмэгтэйчүүд маань 8–13-р байрыг хуваан эзэлсэн юм.

Эрэгтэйчүүд маань сүүлийн гурван өрөгт бас л сайн тоглож, Б.Гүндаваа зургаан оноо авч шатрын Олон улсын их мастерийн болзол биелүүлж, олон жилийн хүч хөдөлмөрийнхөө үр дүнг үзэв. Ц.Батчулуун маань их мастерийнхаа эрэмбэд тоглож, тус олимпийн үеэр Дэлхийн Шатрын Холбооны Ерөнхийлөгч Кирсан Илюмжиновоос их мастерийнхаа тэмдгийг, А.Энхтуул маань Олон улсын мастерийн тэмдэгийг тус тус хүлээн авсан юм.

Шатарт хорхойтойн хувьд, Монголоос маань оюуны спорт-шатрын их мастерууд олноор төрж, Монгол Улс зөвхөн биеийн хүчний спорт бөх, боксоор зогсохгүй оюун ухааны спортоор ч дэлхийд хүчтэй өрсөлдөгч гэж харуулах юмсан гэдэг чин хүслийг өвөртөлж зүтгэж ирсний үр дүн болж энэ жилийн хувьд хоёр их мастер төрөн гарлаа.

Манай шатарчдад онолын, тактикийн, сэтгэл зүйн, бие бялдарын бэлтгэл аль аль нь хэрэгтэй нь өндөр зэрэглэлийн тэмцээнүүдээс улам бүр тод мэдрэгдэж байна. Манай их мастерууд дэлхийн ямар ч супер их мастеруудтай ана мана өрсөлдөх сууриа нэгэнт тавьжээ. Энд олон хүний чимхлүүр хөдөлмөр орсон. Тухайлбал, манай Б.Гүндавааг гарч ирэхэд гэр бүлийнхнээс нь эхлээд Х.Сүрэндорж багш, Н.Чинбат багш, Ж.Жанцандорж мастер, Г.Мөнхгал найз нь гээд олон хүний хүч хөдөлмөр ард нь байх жишээтэй.

Номын ахан дүүсээ улам сайн бэлтгэж, цаашид олон шилдэг шатарчдыг төрүүлэн Норвегид болох дараагийн олимпод Истанбулын амжилтаа ахиулах зориг хүч байгаа гэдэгт итгэж явнам.

Д.Лүндээжанцан

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn