"Ховд аймагт COVID-19 халдвар илрээгүй"

339
Ховд аймагт covid-19 халдвар илэрч, тэг зогсолт хийх гэж байна гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Уг мэдээллийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав үгүйсгэж, ташаа мэдээлэл болохыг залруулж мэдэгдэл гаргав. Түүний тайлбарыг бүрэн эхээр нь хүргэе.
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав: Ховд аймагт энэ сарын 21-нд covid-19 халдварын тохиолдол илрээгүй. Тиймээс хөл хориог чангатгасан, 0 зогсолт хийх тухай асуудал огтхон ч яригдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе.
Иргэдийг сургаар сонссон мэдээллээ "үнэн" мэтээр "цахим" орчинд түгээж олон нийтийг айдаст автуулж бас төөрөгдүүлэхгүй байхыг хүсье. Нөхцөл байдал үүслээ гэхэд бидэнд ард иргэдээсээ  үнэнийг  нуух шаардлагагүй.  Аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаарх үнэн бодит мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх үүднээс орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар "Олон ястны телевиз"-ээр болон цахим хуудсаар дамжуулан хүргэж байгаа болно.
Сovid-19 халдварын тохиолдол Улаанбаатар хотоос гадна Дархан, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр зэрэг таван аймагт бүртгэгдсэн. Улсын хэмжээнд   өчигдрийн /2020.11.21/ байдлаар covid-19 халдварын нийт  батлагдсан тохиолдол 582-т хүрлээ.
Улсын Онцгой комисс, Засгийн газраас голомтод байгаа орон нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, хатуу хөл хорио тогтоосон. Гэвч зарим иргэн зохих ёсны шинжилгээ өгөхгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлэн голомтын бүсээс аймаг, сумдад ирэх явдал гарсаар байгаа нь нууц биш. Энэ нөхцөл байдал нь дэлхий нийтийг цочроож буй нийгмийн аюултай, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, Улсын Онцгой комисс, Засгийн газар, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн 24 цагаар ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулсаар байна.
Б.ЦЭЦЭГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn