Д.Олонбаяр: Бүх сум, байгууллагыг үндэсний бичгээр хаягжуулахаар төлөвлөж байна
Ховд аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Олонбаяртай уулзаж, орон нутагт монгол хэл, бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх чиглэлд хийж буй зарим ажлын талаар ярилцлаа.
-Ховд аймагт Хэлний бодлогын салбар зөвлөлийг хэзээ байгуулсан бэ? Тус салбар зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлооч?
-Манай аймагт Хэлний бодлогын салбар зөвлөлийг анх 2017 онд долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байсан. Улмаар 2021 онд зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, ажиллах журмыг шинэчлэн баталлаа. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 17 дугаар тогтоолоор тус салбар зөвлөлийг 19 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулж, тус оны ажлын төлөвлөгөөг баталсан.
Хэлний бодлогын салбар зөвлөл нь монгол хэлний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдэд монгол хэл, бичиг, соёлоо эрхэмлэн дээдлэх, өвлүүлэн хөгжүүлэх үзэл хандлагыг төлөвшүүлэх үүрэгтэй. Иймээс орон нутгийнхаа салбар бүрийн төлөөллийг тус зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулснаар тухайн байгуулага, салбартаа төрийн бодлого, хууль тогтоомжийг үе шаттай хэрэгжүүлэхэд илүү оновчтой, үр дүнтэй болсон.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэж буй. Энэ хүрээнд Ховд аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна вэ?
-“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэх зорилгоор "Эх хэл бидний бахархал” аяны удирдамжийн хүрээнд “Монгол бичгийн тэргүүний уншигч-2021”, “Монгол бичгийн сайхан бичигтэн-2021”, “Уран бичлэг -2021” гэсэн гурван төрлийн бүтээлч уралдаан зохион байгуулж байна.Түүнчлэн үндэсний бичиг үсгийг сурах, хэрэглэж хэвших талаар уриалга гаргах, Уйгаржин монгол бичиг, тод бичгийн номын үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөсөн. Мөн монгол бичгээр туурвисан бүтээл(бичвэр)-ийг “Үндэсний бичиг, өв соёл-Олон ястны бахархал”, “Ховд аймгийн Нийтийн номын сан” гэх цахим хуудсаар дамжуулан сурталчлах зэрэг ажлыг тусгай хуваарь, төлөвлөгөөний дагуу зохион байгуулна. Энэ жилийн тухайд коронавирусний халдварын тархалт нэмэгдсэн тул дээрх ажлуудыг цахимаар зохион байгуулж байна.
-Ховд аймаг албан хэргийг хос бичгээр хөтлөх, бүх нийтээр үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хэр хангаж байна?
-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол бичгийн хөтөлбөр-III”-ыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд төрийн байгууллага албан бичиг хэргийг 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх орчин бүрдүүлэх, туршиж эхэлнэ. Улмаар 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан хөтөлж явуулах тухай тусгасан байдаг. Ер нь албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулахад архив, бичиг хэргийн ажилтнууд, төрийн албан хаагчдыг чадваржуулах, төрийн бүх шатны байгууллагууд хамт олноороо монгол бичигтэн болох аян, хөдөлгөөн өрнүүлэх нь чухал. Иймээс Ховд аймгийн хэмжээнд “хос бичигтэн” болох бэлтгэл ажлыг хангах, монгол бичиг, соёлын хэрэглээг нэмэгдүүлэх, сургалт зохион байгуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол хэл, бичиг” дэд хөтөлбөр боловсруулан 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Ховд аймгийн тухайд монгол хэл, бичгийн 108 багштай. Эдгээр багш нар аймаг, сумынхаа төрийн албан хаагчдад үндэсний бичгийн хичээл заах бүрэн боломжтой. Мөн ахмад багш нарын нөөц бий. Одоогийн байдлаар зарим багш нар сум, байгууллагуудын ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулж эхэлсэн.
Түүнчлэн төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварын судалгаа, сорилыг 2021 оны дөрөвдүгээр сард амжилттай зохион байгууллаа. Үүнд аймгийнхаа төрийн албан хаагчийг 100 хувь хамруулаад байна.
-Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ерөнхий боловсролын сургуулийн түвшинд ямар ахиц гарч байна?
-Энэхүү толь нь худалдаанд гараагүй, зөвхөн ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшийн тоогоор өгсөн байдаг. Монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар цахим хэлбэрээр ашиглаж байгаа. Зөв бичих, толь бичиг ашиглахыг багш бүр зааж сурган, хичээн ажиллаж байна. Ховд аймгийн “Монгол хэл, бичиг” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлд хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Коронавирусний халдварын тархалтын улмаас тус ажил хараахан батлагдаагүй байна.
-Тус аймгийн хувьд бичгийн соёлын дурсгалаа хэрхэн хадгалж, хамгаалж байна вэ? Хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу?
-Ховд аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн бүрэлдэхүүн энэ чиглэлд анхаарч ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Бид Ховдын хүүхдүүд” аяныг тогтмол зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд орон нутгийнхаа музей үзэж сонирхох, Ховд нутгийн тухай дуу, шүлэг сурах, домог судлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд тус аймгийн ИТХ-аас шилдэг сурагчдыг шагнаж урамшуулдаг.. Тус аяны гол зорилго нь Ховд нутгийнхаа түүх, соёлыг танин мэдэх, бахархаж, түгээхэд чиглэж буй.
-“Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс үлгэр, домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн. Тус аяны зорилго биелсэн үү?
-Манай аймагт урианхай, дөрвөд, захчин, торгууд, халх зэрэг 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байгаа тул “олон ястны өлгий нутаг” хэмээдэг. Эдгээр угсаатны аж байдал, өв уламжлал, хэл аялгуу, соёл, ёс заншил, сэтгэлгээ давтагдашгүй өөр өнгө төрхтэй. Иймээс Ховд аймгийн ИТХ, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан олон угсаатны бүлгийн хэл аялгуу, аман зохиолын төрөл зүйлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, гоц авьяастныг тодруулах, алдаршуулах, соёлын өвийн санд хадгалан хамгаалах зорилгоор "Ардын билэг зүйн аман зохиол"-ын цахим уралдаан зохион байгууллаа.
Тус уралдаанд ардын билэг зүйн аман зохиолыг өвлөн тээгч 15 ардын авьяастан оролцсон бөгөөд угсаатны хэл, соёл, ёс заншил, амьдралын хэв маяг, зан үйл, нутгийн аялга, дуудлагыг тодотгон харуулсан харилцан яриа, өгүүлэмж, ардын дунд түгсэн аман зохиол, түргэн хэллэг, хошин яриа зэргийг зохиомжлон олон нийтэд сонирхуулсан юм.
Энэхүү уралдаанд оролцогчийн бичлэгийг “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал” гэх цахим хуудаст байршуулж, сурталчилсан. Ер нь Ховд аймгийн хэмжээнд угсаатны хэл аялгууг төрөлх чанараар нь хадгалж, аман зохиол, уран зохиолын төрөл зүйлийг түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлагч 170 гаруй хүн байдаг гэх мэдээлэл бий.
Үүнээс гадна салбарын холбогдох мэргэжилтнүүд “хэл, соёл бол улс үндэстний дархлаа, үнэт зүйл” гэдгийг ойлгуулах, угсаатны бүлгүүдийн онцлог, хэв шинж, түүх, соёл, ёс заншлыг сонирхон судлах, мөн цахим орчинд эх хэлээрээ зөв бичих, найруулах, үлгэрлэх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор сурагчдад нөлөөллийн хичээл заах чиглэл өгдөг. Энэ дагуу эх хэл, утга соёлын үнэт зүйлийг эзэмших, хамгаалах, хөгжүүлэх, өвлүүлэх үйлсэд суралцагч, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэг бүр “Монголд данстай Мөнххайрхан”, “Эх хэлээрээ зөв ярьцгаая”, “Эх хэл тунгалаг оршихуйд, Эх орон оршино”, “Эх хэлээрээ бахархах өдөрлөг”, “Эх хэлээ дээдэлье” зэрэг уриан дор хэд хэдэн аян зохион байгуулсан. Мөн ерөнхий боловсролын сургуульд монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүх, “Монголын нууц товчоо”-г харилцан ярилцах зэрэг үйл ажиллагааг багш нар зохион байгуулсан.
Сургуулийн өмнөх боловсролын хүрээнд хүүхдүүдэд ардын уламжлалт тоглоом зааж сургах, хэл ярианы хичээлийн үеэр “Чингис хаан”-ы тухай үлгэр, домог ярьж өгөх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан. Мөн аймаг, орон нутгийн судлах музейг танилцуулах ажилд ерөнхий боловсролын 25 сургууль, 33 цэцэрлэгийн суралцагчид болон иргэд хамрагдсаныг цахим хэлбэрээр нийтэд мэдээллээ.
Эдгээр ажлууд соёлын үнэт зүйлийг сурталчлан таниулах, хүртэх, эзэмших, хадгалан хамгаалах орчин нөхцөл бий болох, хүүхэд, залуу үеийг оюунлаг, соёл уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач тустай.
-Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, сумдад монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү?
-Тийм ээ. Монгол бичгийн сургалтын орчин бүрдүүлэх, хаягийг үндэсний бичгээр бичих чиглэлээр ажиллаж байгаа сайн туршлага олон бий. Тухайлбал, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Цахилгаан түгээх станц, Ховд их сургууль болон Цаст-Алтай цогцолбор, Прогресс сургууль, 14 дүгээр цэцэрлэг зэрэг төрийн байгууллага хаягаа үндэсний бичгээр бичиж, гэрэлтүүлэгтэй болгосон. Үүнээс гадна хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хаягийг үндэсний бичгээр хийх нь нэмэгдэж байгаа. 2024 он гэхэд бүх сум, байгууллагыг үндэсний бичгээр хаягжуулахаар төлөвлөж байна.
-Сүүлийн жилүүдэд бидний эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа. Энэ чиглэлд Ховд аймагт судалгаа хийж байв уу?
-Засгийн газрын 2012 оны 37 тоот тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежид элсэхийг хүсэгчдээс авах монгол хэл бичгийн сорил, шалгалт босго оноотой болсон. Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 он гэхэд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулна. Төрийн албаны ерөнхий шалгалтад монгол хэл бичгийн шалгалтыг оруулсан зэрэг нь иргэдэд монгол хэл, бичгээ эрхэмлэн дээдлэх, сурах, өвлүүлэн хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг ойлгуулж байна гэж боддог.
Мөн “Ертөнц” төвөөс зохион байгуулдаг “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч” уралдаанд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгаагаас харж болно.
Тодруулбал, манай аймгаас 2018 онд есөн сургуулийн 28 бүлгийн 654 сурагч улсын уралдаанд оролцсон. Үүнээс долоон ангийн сурагч эхний байр эзэлсэн. Мөн 2019 онд 12 сургуулийн 39 бүлгийн 1027 сурагч улсын уралдаанд оролцож, аймгийн дүнгээр улсад тавдугаар байр эзэлсэн амжилт гаргаж байлаа. Харамсалтай нь коронавирусний халдварын тархалтын улмаас өнгөрсөн жил зохион байгуулаагүй.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.