Булган сумын ажилгүйдлийн түвшин 80 хувь буурчээ

537
Ховд аймгийн Булган сум “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах” дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж буй. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь өрх, иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх бололцоог бүрдүүлэх, орон нутгийн онцлогт тохирсон жижиг, дунд үйлдвэрлэл шинээр эрхлэх болон тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид зээл олгох, төсөл, хөтөлбөрт хамруулах зэрэг хэлбэрээр бодит дэмжлэг үзүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулах аж.
Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд 2018-2019 онд хийсэн ажлын нэгдсэн дүнгээр сумын ажилгүйдэл, ядуурлын түвшин 80 хувь буурсан гэж албаны эх сурвалж онцоллоо. Тодруулбал, сумын хөдөлмөр эрхлэлтийн албанд 88 иргэн идэвхтэй ажил хайгчаар бүртгүүлсэн. Үүнээс 45 иргэн байнгын ажлын байртай болсон. Харин 170 иргэн түр ажлын байртай болжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад ажилгүйдлийн түвшин 80 хувиар буурсан үзүүлэлт аж.
Ажилгүйдлийн түвшин буурсан гол үзүүлэлт нь 2019 онд тус суманд шинээр ашиглалтад орсон Спорт ордонд 7, Нэгдсэн эмнэлэгт 12, хоёрдугаар цэцэрлэгт 25, Хот тохижилтын албанд 7, Булган махны үйлдвэрт 60, нийт 111 байнгын ажлын байр шинээр бий болсонтой холбоотой гэнэ. 
Мөн 2019 онд БНХАУ-ын Ан Хуа мужийн хөрөнгө оруулалтаар Булган суманд мах боловсруулах, мал төхөөрөх үйлдвэрийг 6.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр 60 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Иргэдийг өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ жил “Сум хөгжүүлэх сан”-гаас газар тариалан эрхлэгч 18 өрхөд 35.0 сая, “Орон нутгийг хөгжүүлэх сан”-гаас 60 өрхөд 300 ширхэг жимсний модны суулгац, 4.5 сая төгрөгийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлэх санхүүжилт өгч ажилласан байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих зорилгоор 3 иргэнд 5.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Нийтийг хамарсан ажилд 80 иргэнийг оролцуулан түр ажлын байраар хангаж, нийт 22.4 сая төгрөг олгожээ. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих “Start up” хөтөлбөрт Булган сумын Бүрэнхайрхан багийн иргэн Р.Буянтогтох мод, модон эдлэл, Байтаг багийн иргэн И.Баттулга хатаасан хүнсний ногооны төрлөөр шалгарч, тус бүр 10.0 сая төгрөгийн санхүүжилт авчээ.
Түүнчлэн 2019 онд сум хөгжүүлэх сангаас 20 иргэний төсөлд 70.5 сая төгрөгийн зээл олгох замаар  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн 7 өрхийг малжуулах төсөлд хамруулж, 28.0 сая төгрөгөөр 877 толгой мал авч өгөх замаар амьжиргааг нь дэмжсэн гэнэ. 2019 онд сумын 45 иргэнийг цахилгаанчин, гагнуурчны сургалтад хамруулж, мэргэшүүлсэн. 
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлагатай 50 өрхийг сонгож, тэдний оролцоотой “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө” боловсруулсан. Энэ хүрээнд 20 өрхийг бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тарих ажилд оролцуулсан. Улмаар хоёр тонн хүнсний ногоо хураан авч, зах зээлд борлуулах замаар өрхийн орлогоо нэмэгдүүлжээ.
Сумын бизнес эрхлэгч Б.Нямдаваагийн санаачилгаар “Хошой аварга” сан байгуулж, жил бүр  зорилтот бүлгийн өрхийг 100 малаар малжуулдаг. Энэ жил Алагтолгой багийн малчин У.Отгонбаяр, Баянсудал багийн малчин Х.Кайдербек, Байтаг багийн малчин Б.Мянганбаяр нарыг тус бүр 100 толгой малаар малжуулсан аж.
Мөн сумын хэмжээнд залуу малчдыг дэмжих хөдөлгөөн өрнүүлж, зургаан багийн зургаан залуу малчин өрхөд 50-60 толгой мал  тус тус олгожээ.
Ядуурлыг бууруулах зорилгоор “Оролцоог бодит болгоё” аян өрнүүлсэн. Улмаар 18 өрхөд бодит тусламж үзүүлсэн төдийгүй зургаан өрхийн зургаан иргэн байнгын ажлын байртай болсон. Үүний үр дүнд өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан ажилласан нийт өрхийн 86 хувьд бодит өөрчлөлт гарсан байна.
Мөн хөдөлмөр, халамжийн сангаас иргэн Х.Ичинхорлоогийн “Эсгий эдлэл”, М.Анхбаярын “Монгол гутал үйлдвэрлэл“ төсөл тус бүр 3 сая, Г.Номин-Эрдэнийн “Ноос боловсруулалт, эсгий хийх“, Э.Энхболдын “Тахианы аж ахуйн“ төсөл тус бүр 10 сая төгрөгийн санхүүжилт  авч, үйл ажиллагаа явуулснаар ажлын байр нэмэгдэж, өрхийн амьжиргааны түвшин сайжирчээ. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn