Булган Улсын тэргүүний сумаар шалгарлаа

444

Ховд аймгийн Булган сум Улсын тэргүүний сумаар шалгарсан байна. Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Ховд аймгийн тэргүүний Булган сум нь мал аж ахуй, худалдаа үйлчилгээ, газар тариалан зонхилсон эдийн засагтай. Тус сум 2019 онд уяачдын өргөө, 450 хүний суудал бүхий Спорт цогцолборын барилга барих зэрэг нэлээд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил өрнүүлсэн. Тухайлбал, ОНХС-гийн 460 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 30 орчим нэр төрлийн ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Мөн “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах” дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн. Улмаар хөтөлбөрийн хүрээнд 2018-2019 онд хийсэн ажлын нэгдсэн дүнгээр сумын ажилгүйдэл, ядуурлын түвшин 80 хувь буурчээ. 
Түүнчлэн орон нутгийн иргэдийг өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг үзүүлэх замаар газар тариалангийн салбарыг хөгжүүлсэн зэрэг хэд хэдэн ажлын үзүүлэлтээр бусад сумаа манлайлж байгаа юм. Булган сум 1926 онд Чандмань уул аймгийн харьяанд Булган мандал Бүрэнхайрхан уулын хошуу нэртэй байсан. Улмаар 1931 онд Увс, Ховд хоёр аймаг байгуулагдахад Булган сум нэртэй болжээ. Тус сум нь нийслэл хотоос 1855 км, аймгийн төвөөс 385 км алслагдсан Монгол Улсын баруун хязгаар юм. Засаг захиргааны зургаан багтай. 10 мянга гаруй хүн амтай. Сумын хүн амын дийлэнх хувийг торгууд угсаатан эзэлдэг.
Тус сум нь баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг. Зүүн болон хойт талаараа өндөр уулсаар, баруун болон өмнөд талаараа говь болон Алтайн салбар уулсаар хүрээлэгдэн оршино. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу хоёр жил тутамд бүс бүрээс нэг сум шалгаруулдаг. Ховд аймгийн Булган сумын тухайд Улсын тэргүүний сум шалгаруулах болзолд хоёр удаа нэр дэвшиж оролцсон юм. Ийнхүү Булган сумынхан хамтдаа хөдөлмөрлөж, бүтээж чадсанаар 2020 онд түүхэн амжилтын эзэд буюу Улсын тэргүүний сум болжээ. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn