Ц.Элбэгдоржийнхон энэ сонгуульд ялбал Монголд цөвүүн цаг эргэн ирнэ

17
АН-ын дарга С.Эрдэнэ “Манай нам сонгуульд ялбал Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно" гэх стандарт бус мэдэгдэл хийв. МҮДН фракцийн гол төлөөлөл болох Р.Амаржаргалыг телевизийн камерын өмнө ийнхүү цочтол нэрлэж, “Ялсан намын дарга Ерөнхий сайд болно" гэх дүрмээ олны нүдэн дээр зөрчсөний учир юу вэ. Улс төрийн тавцнаа хэнтэй ч ана мана, ач тач үзэлцчихдэг С.Эрдэнэ хэний өмнө “Цагаан туг"-аа өргөх нь тэр вэ... Энэ мэт асуултууд С.Эрдэнийн байшин болох “Шонхор тауэр” руу чиглэж байна. С.Эрдэнийн байшин ч биш л дээ, үнэндээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэрийг барьж босгосон байшинг АН булаагаад авчихсан хэрэг.
АН-ын сонгуулийн газрын зургийг зурж, горилогсдоос 100, 100 сая төгрөгийн дэнчин хураасан нь “Шонхор” фракцийн С.Эрдэнэ нарын “Бизнес өрөг” байв. Өнгөн дээрээ тэд нам дотроо ийм панз үсэргэсэн боловч цаг нь болоход дэнчингийнхээ мөнгийг үнэнчээр хураалгасан гишүүд, дэмжигчдээ хуурч, Ц.Элбэгдоржийнхон хийгээд “Эрдэнэт”-ийн 49 хувийн “Том ноёд"-той гар барилцсан нь саяхан.
Хамгийн ашигтай гэх тойргуудыг тэдэнд бэлэглэсэн. Лу.Гантөмөр, Г.Баярсайхан, А.Бакей тэргүүтэй УИХ-ын гишүүн аснуудыг жагсаалтаас хасч, Ц.Элбэгдорж, ХХБ болон “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны төлөөллүүдийг АН-аас нэр дэвшүүллээ. АН-ын дарга С.Эрдэнэ нүүдлээ ингэж хийв. Н.Алтанхуяг тэргүүтэй "Алтангадас”-ынхны хаанчлал АН-д эцэс болмогц “Шонхор”-ууд эрх мэдлийг гартаа авсан юм. МоАХ, МҮДН, соцдек угшилтнуудын нэгдэл болох “Шонхор” фракцид Р.Амаржаргал, “Фортуна” Н.Батбаяр нар чухал байр суурь эзэлдэг. МоАХ фракциас орж ирсэн С.Эрдэнэ болон соцдек З.Энхболд нартай түншилснээр тэд АН дахь мүднякуудын нөлөөг хүчирхэгжүүлсэн гэхэд болно. Тэднийг эрх мэдэл, эдийн засгийн хувьд хүчирхэгжихэд мүдняк Б.Мэдрээгийн удирддаг ХХБ багагүй үүрэг гүйцэтгэсэн ч биз. АН ба фракциудын тоглолт, ХХБ-ны оролцоо гээд улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийг холбосон бүхэл бүтэн сүлжээ үүссэн нь эндээс харагдана. “Фортуна” Н.Батбаярыг хэргээс мулталж, Архангайд нэр дэвшүүлсэн нь тэд ямар хүчтэй байгааг илтгэнэ. Гэвч С.Эрдэнэ яагаад “АН ялбал...” гэж онцлох болов. АН-ын дарга байж юуны учир “Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно” гэх өөрөө ч хүсээгүй мэдэгдлээ дальдчин байж хэлэв. Энэ сонин хэрэг биш үү.
АН-ын дарга С.Эрдэнэ “Баянголын вант улс”-даа дахин нэр дэвшсэн. Тус дүүргийг хэдэн жил захирсан түүний хаанчлал энэ удаад эцэс болох нь бараг тодорхой. Шуудхан хэлэхэд, тэрбээр судалгаагаар нэр дэвшигчдийн тав, зургадугаарт жагсаж яваа аж. Гурван мандаттай тойрогт шүү дээ. Хашир улстөрчийн хувьд, харьж яваагаа мэдэрч буухаасаа өмнө АН-ын хувь заяаг Ц.Элбэгдоржийнхон, “Сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг босстой “Эрдэнэт"-ийн 49 хувийнхантай наймаалцжээ.
Н.Алтанхуягийн үед АН-ынхан намын байраа ХХБ-ны барьцаанд тавьчихаад өдгөөг хүртэл авч чадаагүй бол энэ удаад 30 жилийн түүхтэй Монголын улс төрийн хоёр дахь том намыг С.Эрдэнэ ийн зарж орхилоо. С.Эрдэнийн ялагдлын төлбөрийг АН төлөх хувьтай байсан нь энэ үү. Гэвч үнэн хэрэгтээ тэр АН-ыг арилжихдаа Монголын хувь заяаг тун ээдрээтэй нөхцөлд орууллаа. Хэрвээ Р.Амаржаргал Ерөнхий сайд болбол Монголд юу болох вэ. Энэ бол С.Эрдэнийн байшинд өрнөх үйл явдлаас тусдаа асуудал. Угаас хагаралтай, өөр хоорондоо “зодолддог”, байгуулсан Засгийн газраа тун ч удалгүй унагачихдаг АН-ынхан тэр байшингаа нураана уу, яана тэдний хэрэг. Харин Монгол орон, Монголчуудын хувь заяа хаашаа эргэх нь сонин байна. Хариу нь хэдхэн хоногийн дараа гарна. Тодруулбал, УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээс харагдана. С.Эрдэнийн стандарт бус мэдэгдэл биеллээ олж, Р.Амаржаргал Ерөнхий сайд болбол Ц.Элбэгдоржийнхон, ХХБ-ныхны эрх мэдэл бэхжиж “Эрдэнэт”-ийн 49 хувийг өөрсдийнхөө мэдэлд дахин оруулна. Д.Эрдэнэбат гэдэг Мүдняк оролцсон “Эрдэнэт”-ийн 49 хувийнханд холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сард товлосон ч хойшлуулсаар нэг л мэдэхэд замхарна. Дубайн гэрээ амилж, Ч.Сайханбилэг тэргүүтэн энхийн цагаан тагтаа болж хувирна. Улс төр, бизнесийн гинжин урвал бүхий энэ сүлжээ улам хүчирхэгжсээр “Шударга бусын хонгил”-оо дахин сэргээнэ. Ингээд улс төр дэх өшөө авалт ширүүсч, төрийн үймээн дэгдэнэ. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсч, эдийн засаг ч доройтно.
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлснээр, задарсан бүлэглэл дахин засаглаж, ядарсан иргэдийн амьдрал тартагтаа тулна. Учир нь Р.Амаржаргал багийн тоглолт хийж чаддаггүй улстөрч. Кабинетийн зарчмаар ажилладаг Засгийн газрыг удирдахад тэр тэнцэхгүй. Ерөнхий сайд нь багаар ажиллаж чадахгүй байна гэдэг сайд нар, ер төрийн дунд, доод шатныхан дур мэдэн шийдвэр гаргаж, засаглалын нэгдмэл байдал үгүй болж, жинхнээсээ хямрал нүүрлэнэ.
Эрх баригч хүчний зүгээс УИХ-ын 2020 оны мөрийн хөтөлбөртөө тусгасан “Эрдэнэт”, Тавантолгой, Оюутолгой, Асгат, Салхит, Цагаансуварга зэрэг стратегийн орд газрууд дээр хэрэгжих мега төслүүд гацна. Товчхондоо, Ц.Элбэгдоржийнхон энэ сонгуульд ялбал Монголд цөвүүн цаг эргэн ирнэ. С.Эрдэнийн мэдэгдэл хийгээд, Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгох тухай АН-ынхны “гоё” ПР-аас ийм муухай зураглал харагдаж байна. Тэгсэн атал З.Энхболд “Тавантолгойг ард түмэнд үлдээв” хэмээн шоудах нь тоглоом уу, шоглоом уу.

С.Галт-Уул
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn