Дэлхийн нийт далайн 21 хувь нь харанхуйд автжээ

Хүний үйл ажиллагааны улмаас дэлхий дээрх далай сүүлийн хорин жилд улам бүр харанхуйлж, амьдралд тохиромжтой гэрэлтэй бүс буюу фотик бүсийн гүн эрс багасчээ. Үүнийг Их Британийн Плимутын их сургуулийн далайн лабораторийн судлаачдын тэргүүлсэн олон улсын судалгаагаар тогтоосон байна.
2003-2022 оны хооронд авсан хиймэл дагуулын зураг болон тоон загвар ашиглан хийсэн судалгаагаар нийт далайн 21 хувь буюу 75 сая км² орчим талбай гэрэлгүй буюу харанхуй болсонг тогтоожээ.
Хамгийн ноцтой өөрчлөлтүүд Гольфстрим, Арктик, Антарктик болон Балтын тэнгисийн орчимд илэрсэн бөгөөд эдгээр бүсүүд хөдөө аж ахуйн бохирдол өндөртэй юм.
Судлаачдын дүгнэснээр далайн эрэг орчимд хур бороо, хөрсний урсгал, хөдөө аж ахуйн бордоо зэрэг нь усанд тэжээллэг бодис нэмэгдүүлж, замаг хэт олшироход хүргэж байна. Харин бусад хэсэгт далайн гадаргын температурын нэмэгдэл, замаг цэцэглэлт нь усны тунгалаг байдалд сөргөөр нөлөөлж байгаа гэв.
“Сүүлийн 20 жилийн хугацаанд далайн өнгө хэрхэн өөрчлөгдөж буй талаар өмнө нь судалгаа байсан ч энэ удаа гэрлийн түвшин багассанаас болж амьд организм амьдрах орон зай хумигдаж буйг нотолж чадлаа” гэж Плимутын их сургуулийн доктор Томас Дэвис онцолжээ.
Далайн гэрэлтэй бүс нь бусад улсын хувьд ч амьсгалж буй агаар, хүнсэнд хэрэглэдэг загас, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чадамж, дэлхийн нийт экосистемийн эрүүл мэндэд шууд хамаатай. Иймээс энэхүү судалгааны үр дүнг үл ойшоож болохгүй гэв.
Гэрэлтэй бүс багасна гэдэг нь гэрэл дагаж амьдардаг амьтад илүү гүехэн давхаргад бөөгнөрнө. Энэ нь хоол тэжээл, амьдрах орчны төлөөх өрсөлдөөнийг нэмэгдүүлж, далайн экосистемд суурь өөрчлөлт авчрах эрсдэлтэй аж.
Судлаачид энэхүү нээлтийг далайн эрүүл мэнд, бусад биологийн төрөл зүйлийн тэнцвэр, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чадамж зэрэг олон чухал асуудалд анхаарал хандуулах цаг болсныг илтгэж байна гэв.
Жишээ нь, далайд гарцгүй Монгол шиг улс шууд далайтай хиллэдэггүй ч дэлхийн хэмжээний экосистемийн өөрчлөлтөөс шууд болон шууд бусаар дараах байдлаар хамааралтай, нөлөөлөлд өртөж болно. Тухайлбал, далайд суурилсан загас, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд гадаадаас шууд хамааралтай. Загасны тоо толгойд нөлөөлж агнуурын хэмжээ буурч импортын өртөг нэмэгдэх, улмаар иргэдийн хүнсний хэрэглээ хязгаарлагдахад хүргэж болзошгүй. (орч.)
Гэрэлтэй бүсийн ихэнх хэсэгт байрлах замаг, дэлхийн хүчилтөрөгчийн 50-80 хувийг ялгаруулдаг. Энэ бүс харанхуйлснаар нүүрсхүчлийн шингээлт багасч уур амьсгалын өөрчлөлт эрчимжих эрсдэлтэй. Уур амьсгалын өөрчлөлт нь далайд гарцгүй орнуудын хувьд цөлжилт, усны хомсдол, мал аж ахуйд хохирол, ургац бууралт зэргээр шууд нөлөөлнө. Түүнчлэн далайн гэрэл багассанаар биотех, эм, гоо сайхан, биоэнергетик зэрэг далайтай холбоотой салбарууд ч доройтож болзошгүй юм.
Тиймээс далайн гэрэл, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны уялдаа холбоог цаашид тасралтгүй судлах шаардлагатайг онцоллоо.
Эх сурвалж: BBC, plymouth.co.uk, theweathernetwork.com
Орчуулсан: Б.Төрбаяр