Гэр бүл, хүүхэдтэй холбоотой тусламжийн дуудлага 61 бүртгэгджээ

481
Орон нутагт хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах асуудал чухал байр суурь эзэлж буй. Энэ утгаараа гэр бүл, хүүхэд хамгааллын үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага мэдээллийн тухай Ховд аймгийн ГБХЗХГ-аас тодрууллаа.
Ховд аймагт хүүхэд, гэр бүлтэй холбоотой дуудлага мэдээлэл аман болон бичиг хэлбэрээр 11, хүүхдийн тусламжийн 108 утсанд 50, нийт 61 тохиолдол \кейс\ бүртгэгдсэн байна.
Үүнээс 9 тохиолдлыг холбогдох хууль журмын дагуу сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багт шилжүүлэн ажилласан. Харин 52 тохиолдолд нөхцөл байдлын үнэлгээ хийж 85 хувьтай шийдвэрлэсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлт гэж албаны эх сурвалж онцоллоо.
Дээрх 61 тохиолдлыг хүчирхийллийн хэлбэрээр авч үзвэл: бие махбодийн 17, үл хайхрах 34, сэтгэл санааны 2, бэлгийн хүчирхийлэл 5, амиа хорлохыг завдсан 2 тохиолдол бүртгэгдсэн аж. Харин орчноор нь авч үзвэл: гэр бүлийн орчинд 45, боловсролын орчинд 9, бусад орчинд 7 байна.
Мөн холбон зуучлах үйлчилгээнд нийт 107 насанд хүрэгч, хүүхдийг хамруулсан ба 78 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна.
Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх хувь нь хүүхдийн тусламжийн утас 108-д хандсан дуудлага байдаг аж. Эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын үйлчилгээ хүссэн, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран шуурхай шийдвэрлэн ажиллаж байна гэж Ховд аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ.
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр Ховд аймагт барьж байгаа бөгөөд 2020 оны хавар ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа юм.    

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn