“Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөр” 2022-2024 онд дахин хэрэгжинэ
Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нэгдсэн хуралдааныг энэ сарын 6-ны өдөр зохион байгууллаа.
Үүнд тeлeвиз, сонин, сайт, радио зэрэг 10 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч, бусад ажилтнуудын төлөөлөл 14 хүн оролцов.
Энэхүү хуралдаан нь Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн 2022 оны анхдугаар хурал, уулзалт бөгөөд салбарын дарга, тэргүүлэгчдийг шинээр сонгосноороо онцлогтой.
Хуралдааны чиглүүлэгчээр олонхын саналын дагуу сэтгүүлч Ж.Саруул, Д.Лхагвацэрэн, Н.Лхагва нар ажиллалаа.Улмаар хуралдааны дэг, хэлэлцэх асуудлын талаар оролцогчдод танилцуулж, санал солилцов.
Энэ үeэр оролцогчдын саналын дагуу “Ховд тeлeвиз”-ийн захирал П.Самбалхүндэвийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ховд салбарын шинэ дарга тэргүүнээр сонголоо. Мөн бичиг хэргийн ажилтнаар сэтгүүлч Д.Лхагвацэрэн ажиллана.
Харин тэргүүлэгч таван гишүүнийг оролцогчид дундаасаа нэр дэвшүүлж, нууц санал хураалтын зарчмаар сонголоо. Цаашид Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ховд салбарын тэргүүлэгчээр П.Самбалхүндэв, Г.Төрмөнх, С.Жавзандулам, Д.Лхагвацэрэн, Н.Батчимэг нар хамтран ажиллах юм.
Хуралдааны хүрээнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын зүгээс хэд хэдэн санал илэрхийлэв.
Тодруулбал, цаашид хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг идэвхжүүлэх, хөгжүүлэх, тэдний ажлын ур чадварыг дээшлүүлэх чиглэлд анхаарах, эрүүл мэндийн нэгдсэн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж зарим сэтгүүлч хэллээ.
Мөн сэтгүүлч болон чөлөөт уран бүтээлчдийг оролцуулсан үйл ажиллагаа зохион байгуулах, аливаа уран бүтээлч, сэтгүүлчийг шагналд нэр дэвшүүлэхдээ салбарын бүх ажилтнуудын саналыг авах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, чадваржуулах сургалт зохион байгуулах, ажилтнуудын нийтийн эрх ашигт анхаарч, зөвлөн туслах зэрэг санал уламжлав.
Энэ удаагийн хуралдааны төгсгөлд “Үйлдвэрчний эвлэл” байгуулах талаар хэлэлцсэн. Мөн “Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын тухай мэдээлэл солилцлоо.
“Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөр” өнгөрсөн 2019 оноос эхлэн хэрэгжиж буй. Мэргэжлийн байгууллага тус хөтөлбөрийг 2022-2024 онд дахин хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.
Хөтөлбөр хэрэгжсэнээр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин өргөжүүлэх, ажилтнуудыг чадваржуулах, нийгмийн хариуцлагын хүрээнд ажил зохион байгуулах, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэлэг бүтээл туурвих боломж бүрдэж байгаа юм.