Туслах байхгүй бол УИХ-ын гишүүн хэн юм бэ

256


-ЖИНХЭНЭ ТӨР БАРИГЧИД ЧИНЬ ГИШҮҮД БУС, ТУСЛАХУУД НЬ ЮМ БИШ ҮҮ-

-Туслах аа, Би өнөөдөр ямар хуралд суух вэ?
-Туслах аа, би хэнтэй, хэдэн цагаас уулзах билээ?
-Би чуулган дээр юу ярих билээ, туслах аа
-Хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр миний хэлэх үг бэлэн болсон уу туслах аа, хөөе туслах, туслах аа!!!
          УИХ-ын гишүүн, туслах хоёрын дунд ийм яриа өдөржин өрнөнө. Өрөөндөө дуудаж асууна. Хааяа утасдаж асууна. Хөөрхий, туслахын утас тасралтгүй хангинаж, арван хуруу нь компютерийн гарнаас салахгүй өнжинө. Гишүүнийхээ хэлэх үгийг бэлтгэж, хаана, хэдэн цагт, хэнтэй уулзах хуваарийг нь гаргаж, өдрийн хоол хаана, хэнтэй идэхийг нь төлөвлөж, пэйж хуудсыг нь хөтөлж, явсан газар бүрт нь зургийг нь дарна. Бас ямар хор найруулах, хэн хэнтэй нийлж лобби, бүлэг, фракц байгуулах, хаанаас мөнгө цохихыг ч туслах шийднэ. Хуулийн мэдлэгтэй туслахууд бол чуулганд өргөн барих хуулийн төслийг нь боловсруулна. Гишүүнийг нь муулсан нэгэнтэй хэрэлдэнэ, бүр нударга зөрүүлэх ч үе бий. Элдэв хов жив явж байвал нам дарна. Ер нь гишүүнийхээ ажил, ар гэр, нууц амраг гээд бүхий л зүйлийг нь төлөвлөж, наана цаана нь оруулан зохицуулах их ажлыг туслах л нугална. 
Гишүүнийхээ хэлэх үгийг бэлтгэж, хаана, хэдэн цагт, хэнтэй уулзах хуваарийг нь гаргаж, өдрийн хоол хаана, хэнтэй идэхийг нь төлөвлөж, пэйж хуудсыг нь хөтөлж, явсан газар бүрт нь зургийг нь дарна. Бас ямар хор найруулах, хэн хэнтэй нийлж лобби, бүлэг, фракц байгуулах, хаанаас мөнгө цохихыг ч туслах шийднэ
        Туслахын хамгийн хэцүү ажил нь гишүүндээ хэлэх үг, асуух асуултыг нь цээжлүүлэх явдал. Өөрөө уншаад цээжлэг гээд асуух асуулт, хэлэх үг, уулзалтын хуваарийг нь бэлдээд, ширээн дээр нь тавьчихсан байхад л дахин дахин асуугаад байдаг нь туслахад төвөгтэй санагдах боловч ийм байсаар дасчихсан. Бас гишүүн нь хэдэн цагт ажилдаа ирсэн, хэдэн цагт тарсан, тараад хэнтэй уулзсан гээх бүх “но”-г эхнэрээс нь нуух амаргүй ажилтай. 
          Эрхэм гишүүнд бол өөрийнхөө толгойг гашилгаж, өдөр тутмынхаа хэлэх үг, хийх ажилд санаа зовох шаардлага байхгүй. Өглөө сэрэхэд эхнэр нь өмсөх хослол, зангиаг нь бэлдчихсэн байна. Хамгаалагчаараа замдаа таарсан хаалга бүрээ онгойлгуулж явсаар Төрийн ордон дахь өрөөндөө ормогц туслах нь хэлэх үг, уулзалтын товыг нь бэлдээд ширээнд дээр нь тавьчихсан, халуун кофетэй угтана. Туслахынхаа гаргаж өгсөн төлөвлөгөөг ягштал бариад, цээжлүүлсэн үгнүүдийг нь камерын өмнө эсвэл хурал чуулган дээр цэгцтэй хэлчихвэл тухайн өдөр боломжийн сайхан өнгөрнө. Эрх биш, хоол идэх, Ордны тамхины цэг дээр очих, хааяа нөгөө гишүүнийхээ өрөөнд 100 татах зэргээ бол өөрөө хийчихэж дөнгөдөг шиг байгаа юм. Ер нь шавхийсэн туслах олоод авчихвал дөрвөн жил толгой өвдөхгүй явсаар гишүүний албаа дуусгана гэсэн үг. Хэвлэлийн бид УИХ-ын гишүүнтэй уулзаж, ярилцлага авахын тулд заавал туслахтай нь ойлголцох хэрэгтэй болдог. Уулзах эсэх, юу ярихыг туслах мэднэ. 
         Өнгөрсөн парламентын үед гишүүн асан С.Жавхлантай манай сэтгүүлч уулзалтын цаг тохирч л дээ. Товлосон цагтаа залгатал “Манай туслахууд яах юм гэнэ ээ. Энэ удаад ярилцлага өгөхөө болъё доо” хэмээгээд утсаа тасласан байгаа юм. Эрхэм гишүүн маань дур мэдээд ярилцлага өгөхийг зөвшөөрч орхитол туслах нь дургүйцжээ гэсэн үг. Учир нь туслахынх нь төлөвлөгөөнд огт багтаагүй уулзалт толгой мэдэн товлосныг нь буруушааж, эрс татгалзсан нь тэр. 
        Бас, УИХ-ын гишүүн Б.Бейсэнтэй манай сэтгүүлч уулзахаар холбогджээ. Гэтэл “Надад ярилцлага өгөх цаг зав байгаа эсэхийг туслахаас асуугаад эргэж хариу өгье” гэжээ. Төд удалгүй гишүүний туслах нь утас цохиод “Манай гишүүн ярилцлага өгөх боломжгүй” гэж хариу өгсөн байгаа юм. Зарим эрчүүд найзтайгаа уулзахын тулд эхнэрээс нь зөвшөөрөл авах ёстой болдог шиг л. 
Хуулийн мэдлэгтэй туслахууд бол чуулганд өргөн барих хуулийн төслийг нь боловсруулна
        Гишүүдэд сонгогчтойгоо уулзах, хэвлэлд толгой мэдэн ярилцлага өгөх эрх байдаггүйг илтгэх энэ мэт жишээ олон бий. Арын албыг нь бат найдвартай хашиж, ард нь чимээгүйхэн зүтгэж байдаг туслахаа гишүүн нь хааяа нэг олны өмнө магтана. Магтаал нь заримдаа хэтэрчихээд л байдаг болхоос биш. Жишээ нь, УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүний тангараг өргөснийхөө дараа сонгуулийн үр дүнгийн талаар “Дэндүү шударга бус сонгууль болсон. Төрийн машин, цагдаа тэр чигээрээ ажилласан. Миний хэдэн туслах тагнуултай кино үзэж байсан тулдаа би амьд гарлаа” хэмээж байлаа.
           Тэгэхээр гишүүн маань нэг биш хэд хэдэн туслахтай юм байна. Бас туслахууд нь өдөржин гишүүнийхээ ажлыг амжуулаад орой нь ядраад гэртээ харьсан хэрнээ л гишүүнийхээ төлөө тагнуултай кино үзэж, тэндээс суралцсан аргаараа гишүүнийхээ амийг хамгаалдаг байх нь.  Эндээс харвал гишүүнийхээ ор хөнжлийн ажилд хэрэг болж магад гээд “том хүний кино” үздэг туслахууд байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Туслахууд гэж үнэхээр л ажилдаа бүхнээ зориулдаг, даргадаа элэгтэй хүмүүс байдаг аж. 
         Туслахууд гишүүнийхээ албаны, амины аль аль ажлыг амжуулахаас гадна зарим үед “Нохойд барьдаг мод” ч болно. 
-Гишүүнээ, та миний явуулсан төсөлтэй танилцсан уу?
-Туслахаас асуу
-Гишүүнээ, та сонгогч миний явуулсан өргөдлийн хариуг өгөхгүй юм уу?
-Манай туслах хариу явуулаагүй юу, явуул гэж хэлсэн дээ
-Та сонгуульд ажиллуулсан төлбөрөө өгөхгүй юм уу?
-Би туслахдаа өг гэж хэлсэн. Өгөх байх...гэхчилэн өөрөөсөө аливааг бултуулах, туслахдаа бурууг чихэх ажлыг гишүүд хамгийн чадамгай хийдэг. Туслахууд нь ч бурууг өөртөө авахдаа сурамгай болсон байхаас гадна ажлынх нь нэгээхэн хэсэг учир нэг их гомдоод байхгүй. Өөрөөр хэлбэл, Монголд “гишүүний туслах” гэх нарийн мэргэжил бий болжээ. Энэ нарийн мэргэжилтнийг аль ч их сургуульд бэлддэггүй бөгөөд тухайн хүн өөрийн идэвх чармайлт, даргынхаа төлөөх тууштай сэтгэлээр тасралтгүй хичээж байж эзэмшдэг гэлтэй. 
           Гишүүний туслах гэх нарийн мэргэжлийг төгс эзэмшиж чадвал амьдралын баталгаа нь ерөнхийдөө хангагдана. Өдөр тутмын ажил ихтэй боловч эрх мэдлийн цар хүрээгээрээ аль ч газрын хурган даргаас илүү буюу гишүүнийхээ дараа жагсана. “Сайн байна уу, тэр гишүүний туслах байна” гэж ярихад л өнөө цагт хэн ч бөхөлздөг болжээ. Гишүүнийхээ ам руу хоол халбагадаж өгөх, оймс гутлыг нь өмсүүлэхээс бусад бүх алба, амины ажлыг нь хийж буй хүнд энэ зэргийн эрх мэдэл, ажил мэргэжлийн давуу тал байхгүй бол болохгүй биз. Гол нь дөрвөн жил гишүүнийхээ алба, амины ажлыг амжилттай амжуулсан туслахад “Гишүүний ажлыг чадахгүй гэх юм биш” гэх бардамнал зурсхийдэг шиг байгаа юм.

         Хажуугаар нь “Барын сүүл явснаас батганы толгой яв” гэж туслахууд нэгнийгээ хатгана. Ингээд туслах байхдаа олж авсан танил тал, туршлагаа ашиглан аль нэг шатны сонгуульд өрсөлдөнө. Хэдий хүртэл цүнх барих вэ, хөөрхий аз нь шовойвол гараад ирнэ. Цүнхийг нь барьж, кофег нь зөөж, хурал дээр хэлэх үгийг нь бичиж явсан туслах нь гишүүн эсвэл  төлөөлөгч болчихсон туслах дагуулаад явж байхыг харах их сонин мэдрэмж байдаг гэлцдэг юм билээ. Товчхондоо, “гишүүний туслах” гэдэг нь нарийн мэргэжил агаад гишүүн болох “бэлтгэл анги” юм уу даа. 

        Ингээд эргэцүүлээд байхад төрийг чиглүүлж, хууль баталж буй хүмүүс нь наанаа гишүүд мэт харагдах боловч жинхэнэ төр баригчид нь тэдний туслахууд гэж болохоор байна.  Цаашдын сонгуулиудад нэр дэвшиж буй хүний боловсролоос нь илүүтэй, туслахынх нь боловсрол, ажлын ур чадварыг харж байвал зөв шалгуур болох юм биш үү. 
 
Өдөр тутмын ажил ихтэй боловч эрх мэдлийн цар хүрээгээрээ аль ч газрын хурган даргаас илүү буюу гишүүнийхээ дараа жагсана. “Сайн байна уу, тэр гишүүний туслах байна” гэж ярихад л өнөө цагт хэн ч бөхөлздөг болжээ

https://ergelt.mn/news/1/single/1608
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn