ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨЛ

5

Сүүлийн таван зууны турш хүн төрөлхтөн бусдыг чөлөөлөх дайнд хамаг бүхнээ зориулжээ. Ялангуяа хорьдугаар зууны эхэнд хувьсгалчид “Феодалууд, хөрөнгөтөнүүдтэй тэмцэж ард түмнийг дарлагч ангиас чөлөөлж коммунизмыг байгуулна” гэсэн мулгуу зорилго тавьж баахан дайн тулаан хийв. Тэрхүү коммунистуудын өдөөсөн харгис дайн, зэвсэгт халдлагад нийтдээ 100 сая хүн амь насаа алджээ. Тэрхүү коммунистуудын чөлөөлөлт нь эцэстээ коммунизмын боолчлол болоод дууссан даа. Орчин үед ч гэсэн хориннэгдүгээр зуун гарчихаад байхад коммунистууд болон исламистууддайн өдөөж бусад руу дайрсаар байна. Оросын төрийн тэргүүн Украиныг нацистуудаас чөлөөлнө гээд 4 жил дайн хийж байна, Ираны төр шашны тэргүүн жагсаал цуглаан хийсэн ард түмнээ “Бурханы дайсан” хэмээн зарлаж аллага үйлдсээр байна. Хамгийн зөв зорилго бол хүн бусдыг чөлөөлөх биш, өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Энэ юү гэсэн утгатай үг болохыг өгүүлье.
Хүн гэдэг амьтан эхийн хэвлийгээс төрмөгц Сансар хэмээх том шоронгийн хоригдол болдог. Хүн гэдэг амьтан Сансарт төрөх - үхэхийн тойрогт  хичнээн галав хоригддогийг хэн ч үл мэднэ. Нэг галав гэж 1 сая 360 000 жилийг хэлээд байгаа юм. Хүн хааша ч явсан нэг хэвийн амьдрал түүнийг угтаж байдаг. Эхлээд бага насандаа хичээл сургуульдаа явна. Өглөө явж үдээр гэртээ ирнэ. Сургууль дээр багш нар хорвоогийн элдэв юм заана.Алгебрийн адармаатай томьёоноос эхлээд алаг хорвоогийн химийн бүцийг хүртэл заана. Физикийн өчнөөн томьёо заана. Сургуулийн завсарлагаанаар сургуулийн атаман хүүхдүүд нэг нэгнийгээ дээрэлхэнэ.Сургуулиа төгсөөд их дээд сургуульд орно. Мөн л нөгөө амьдрал үргэлжилнэ. Оюутнууд яаж багшийг аргалж шалгалтаа өгөх вэ, яаж гайгүй дүн авах вэ, яаж ийгээд сургуулиа төгсөж дипломоо авах вэ хэмээн бодно. Сургуулиа төгсөөд нэг газар хуваарилагдана. Тэнд дарга. захирал босс гээд нэг нөхөр чамайг дарангуйлах гээд хүлээж байдаг. Ажил хийгээд л байдаг. Өглөө бүр ажилдаа явна, орой гэртээ ирнэ. Амьдрал дээшилдэггүй. Цалин хүрдэггүй. Цалингүй бол амьдрал сүйрэх гээд байдаг. Тэгээд бүх насаараа аль нэг албан байгууллага, компаниас хамаарч ажлын боол болдог. Хүнийг өвчин, хөгшрөлт, үхэл  хүлээж байдаг. Хүнийг хулгай дээрэм, атаархал хорсол, үзэн ядалт хүлээж байдаг. Хүн бүх насаараа ажилласаар байтал нэг мэдэхэд ахмад хүн болж тэтгэвэрт гардаг. Ихэнхи ахмадууд маань тэтгэвэрт гараад тэтгэврийн л хэрүүл хийдэг. Тэтгэвэр нэмдэггүй төр засагтаа гомдоно, үгийг нь сонсдоггүй үр ач нартаа гомдоно. Гомдсоор  байгаад элдэв өвчин тусаж Эрлэг номунханд очих цаг нь болчихдог. Хүн их гэнэн амьтан. Хүн бүх насаараа ямар нэг юм хүлээгээд байдаг. Амьдрал сайжирна, албан тушаал ахина, баян болно, хөндийгөөр дүүрэн малтай болно, хөнжлөөрөө дүүрэн хүүхэдтэй болно, хутга тавилгүй мах иднэ, хундага тавилгүй архи ууна  гэх мэтийн ахуй ертөнцийн зүйл хүлээдэг,  горьддог. Горьдлого нь талаар болоход гомддог, харуусдаг, уурладаг. Хүмүүст янз бүрийн зүйл тохиолддог. Тохиолдож байгаа сайн, муу зүйл бүхэн чинь үйлийн үр юм. Сайн үйл хийвэл жаргал ирнэ, муу үйл хийвэл зовлон ирнэ. Үйлийн үр эндүүрдэггүй. Юү ч тохиолдсон ажиглаад бай.Тохиолдсон зүйл бүрт хөөрцөглөөд хэрэггүй.  Учир нь бүх юм болоод өнгөрдөг. Болоод өнгөрөх юмны төлөө сэтгэлээ чилээх юун. Амь зуух гэж хүмүүс их ядардаг, их залхдаг. Ингээд хүмүүс ахуй ертөнцөөс уйдаж эхэлдэг. Үүнийг Магад гарахуй сэтгэл төрлөө гэдэг. Үхэл, мөнх бусыг бясалгаад эхэлвэл зөв замд орлоо гэсэн үг. Ингэвэл номын аньс нээгдэнэ гэдэг. Хүмүүсийн амьдралд ертөнцийн найман ном буюу найман хандлага саад болдог.  Лам багш айлдахдаа “Магтаал муушаал, алдар гутамшиг, олз гарз, жаргал зовлон гэсэн амьдралын найман хандлагад автаж,  тэр бүгдэд дурлах, дургүйцэхийн  тэнэглэл  надад байна уу, үгүй юү  гэдгийг сайтар шинжилж,  энэ бүгдээс чөлөөлөгдөх хэрэгтэй” хэмээжээ. Тэхлээр хүмүүс өөрийгөө ахуй ертөнцөөс чөлөөлөх нь чухал. Өөрийгөө чөлөөлөхийн тулд Бурханы номыг бясалгах хэрэгтэй. Бурханы номын гол чиглэл бол “Магад гарахуй сэтгэл - Боди сэтгэл - Хоосон чанар” юм. Үүнийг Мөрийн гурван эрхэм гэдэг.  Бурханы номонд хүний зовлонг бичсэн байдаг. Хүмүүс төрсөн биеэ ахин дахин орхихын зовлонтой. Хэн боловч гурван мянган ертөнцөд урьд цагт төрж байгаагүй, үхэж байгаагүй гэх газар зүүний үзүүрийн төдий ч байхгүй. Сансарт хүн болж төрөөд үхсэн ясыг нь цуглуулвал Сүмбэр уулнаас өндөр, цус нь далайгаас ч арвин болно. Тиймээс хүний биеийг олж төрлөө хэмээн гайхуулан хөөрөмшөх явдал үгүй , энэ бүгдийг орхих жамтай тул энэ бүгд сэтгэлд итгэмжтэй зүйл бус хэмээжээ. Товчилвоос Бурхан багшийн айлдсан ”Хураасны эцэст барагдана.Өндөрлөсний эцэст нурна.Учирсны эцэст хагацна.Төрсний эцэст үхнэ” гэдэг сургаал сансрын мөн чанарыг тодорхойлсон байгаа юм.
Хүн чи хэн юм бэ?  Чи бол хайрцаглагдсан амьдралын боол биш. Чи бол ахуй ертөнцийн эрэг шураг биш. Чи бол өдөр бүр ажилдаа яарч цагт хавчигдаж амьсгаа нь давхцаж явдаг ажлын боол биш. Чи бол оюун билигт хүн. Чи завгүй байна гэдгээ болиод ганц удаа ч гэсэн сэтгэлээ амраагаад чөлөөтэй амьсгалаад үз л дээ. Чи уулын орой дээр гараад ганцаараа суугаад ганц хором ч гэсэн бясалгаад үз л дээ. Өөрийнхөө сэтгэлийг шинж. Чи бол үргэлж өөрчлөгдөж байдаг. Чи гэрт ороод өрхийн тэргүүн болдог, хүүхдүүдийнхээ аав нь болдог, ажил дээрээ очоод ажилчин хүн болдог. Хорвоо хоосон чанартай гэдгийг чи мэдэх үү? Чи өөрийгөө чөлөөлөхийн тулд гэгээрэлийн зам мөрд эргэлт буцалтгүй орох хэрэгтэй. 
Гэгээрэхийг хүссэн хүн Бурхан багшийн сургаал зарлиг, сэтгэл төвлөрүүлэх ёс, оюун ухаан гэсэн гурван эрдмийг эзэмшиж, сахилыг чанд сахин мөрдөж бие,сэтгэлээ анхааралтай ажиглан таван мэдрэхүйн үүд хаалгыг сонор соргог хамгаалж нүглийг тэвчиж буяныг бүтээж сэтгэлээ төгс төгөлдөр болгох шаардлагатай. Санаа сэтгэлээ төвлөрүүлнэ гэдэг нь апагриха буюу шуналыг огоорч сэтгэлийн амгалан байдлыг олохыг хэлж буй аж. Оюун ухаан гэдэг нь Бурхан багшийн хутагтын дөрвөн үнэнийг мэднэ гэсэн үг буюу зовлонгийн үнэн, зовлонгийн шалтгааны үнэн, зовлонгоос салж болохын үнэн, зовлонг таслан зогсоох зам мөрийн үнэн юм.Найман зөв зам мөр нь: зөв үзэл, зөв сэтгэхүй, зөв үгс, зөв үйлс, зөв амьдрах арга, зөв тэмүүлэл, зөв дурсан санахуй, зөв бясалгал ажгуу. Зөв үзэл нь Бурхан багшийн айлдсан дөрвөн үнэнийг танин мэдэж учир шалтгааны үнэнд итгэж ,эд юмсыг зөв үзэхийг хэлнэ. Зөв сэтгэхүй нь хүслийн эрхэнд үл автаж шуналын эрхэнд үл орох,үл уурлах, бусдад хор үл хүргэх юм. Зөв үгс нь худал үл хэлэх,үл чалчих, үл хараах, хоёр нүүр үл гаргах юм.Зөв үйл нь амьтны аминд үл халдах,хулгай үл хийх, буруу үл хурьцах юм. Зөв амьдрах арга нь хүн ичмээр арчаагүй амьдрах аргаас зайлсхийхийг хэлнэ.Зөв тэмүүлэл нь хүн хэзээ ч үл залхуурах,зөв зорилгод хүрэхийн тулд хүч чармайлт гаргахыг хэлнэ.Зөв дурсах нь аливаа үйлийг бодолтой үйлдэхийг хэлнэ.Зөв бясалгал нь өмнөө зөв зорилго тавьж оюун ухаанаа гэгээрүүлэхийг хэлнэ
Гэгээрэлд хүрэх эрдмийн үндэс нь Боди сэтгэл юм. Боди сэтгэлийн үндэс нь үлэмж их энэрэнгүй сэтгэл аж. Боди сэтгэл бол тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл гэсэн дөрвөн сэтгэл дээр тогтдог. Лам багш нар айлдахдаа:”Бодисадва нараас Бурхан гарна, Бодь сэтгэл их нигүүлсэнгүйгээс үүднэ, харин Их нүгүүлсэнгүй сэтгэл амьтны зовлон оршин буйд дулдуйдаж төрнө. Зовлон үгүй бол хэрхэн их нигүүлсэнгүй сэтгэл төрөх буй. Их Хөлгөний нигүүлсэнгүй сэтгэл зовлонт амьтны ачаар төрнө. Их нигүүлсэнгүй сэтгэл там, бирд, адгуусан,хүн, асур, тэнгэр төрөлхтөн нэг тус бүрийн зовлонг таниснаар төрдөг болмой” хэмээсэн байдаг. Тэхлээр зовлонг таниснаар боди сэтгэл төрдөг, мунхаглалыг таниснаар гэгээрэл төрдөг ажээ. Дөрвөн хүчийг ашиглаж муу үйлийн үрийг тасалдаг. Дөрвөн хүч гэдэг нь: 1.Нүгэлт муу үйлийг гэмших хүч, 2.Дахин үйлдэхгүй гэсэн шийдвэрийн хүч, 3. Гурван эрдэнэд аврал одуулж засах хүч, 4.Хамаг амьтны тусын тулд Бурхны хутгийг олох хүсэл, Авралыг одуулж, Боди сэтгэлийг төрүүлэх суурь хүч юм.
Хүн зовлонгийн шалтгаан болсон хорт сэтгэлээс эхлээд түргэн салах хэрэгтэй. Хорт сэтгэлийг санскритаар“Klesha” гэдэг. Олон хорт сэтгэлээс хамгийн хортой нь шунал, уур, мунхаг гурав болой. Энэ гурав бол 84 000 нисваанисийн суурь юм. Энэ гурваас болж хүмүүн бид эдүгээ хүртэл олон галавын хугацаанд  сансрын зовлонт тойрогт эргэлдсээр байна, нисваанист хүлээстэй хэвээр байна. Хүсэл шуналаасаа болж хүн зовж байдаг. Хүсэл шунал хүнийг гуйлгачин болгож, уур омог хүнийг араатан болгодог. Гэгээрэхийг хүсэгч хүн эхлээд сэтгэлийг зовоогч нисваанисийг танин барьж дарах хэрэгтэй. ”Нисваанис гэдэг нь сэтгэлийг ихэд тавгүй болгогч муу сэтгэл ажгуу. Нисваанис нь товчоор сэтгэлийн гэм гэсэн үг. Муу сэтгэлийн ёзоор нь хүсэл тачаал, уур хилэн, мунхаг гурав бөгөөд хүсэл дээр суурилсан 21 000 нисваанис, уур дээр суурилсан 21 000 нисваанис, мунхаг дээр суурилсан 21 000 нисваанис, энэ гурав холилдсон нисваанис дээр суурилсан 21 000 нисваанис буюусэтгэлийн нийт 84 000 нисваанис байдгийг Бурхан багш нээж эдгээр нисваанис буюу муу сэтгэлийг дарах ерөндөг болгон 84 000 номын цогцсыг айлджээ. Хүн эхлээд язгуурын зургаан нисваанисийг дарах хэрэгтэй.Энэ нь хүсэл тачаал, уур хилэн, омог бардам, мунхаг, нисваанист тээнэгэлзэл, нисваанист үзэл юм. Нисваанисийг дөнгөж сэтгэлд үүсэнгүүт танин барьж дарах хэрэгтэй. Ихэнхи хүмүүс нисваанисыг танидаггүй, харин нисваанистайгаа нөхөрлөөд нисваанисийнхаа боол нь болчихсон байдаг. Нисваанисийг гадаад шулам, дотоод шулам, нууц шулам хэмээн гурав ангилдаг. ”Ном гүнзгийрэх тутам шулам гүнзгийрдэг” гэгчээр гадаад, дотоод шулмыг судрын ёсыг хэрэгжүүлж дардаг бол нууц шулам судрын ёсонд дарагддаггүй ажээ. Нууц шулмыг зөвхөн тарний ёсыг хэрэгжүүлж дардаг ажээ. 
Гэгээрэхийг хүссэн хүн Хоосон чанар буюу Шуньятын тухай сургаалийг мэдэх хэрэгтэй. Аливаа юмс үзэгдэл зөвхөн нэр томьёолол буюу нэрийтгэлийн төдийд байдаг бөгөөд өөрийн мөн чанараар буюу бусдад харгалзахгүйгээр бүтсэн зүйл тоосны төдий үгүй болой.Хүмүүст өөрийн нүдээр харахад эргэн тойрон байгаа үзэгдэж харагдаж мэдрэгдэж буй юмс үзэгдэл үнэхээр бүтсэн мэт харагдах боловч мөн чанарыг нь судлагч билгүүнээр үзэхэд аль нь үнэхээр бүтсэн бэ? хэмээн эрж үзвээс дан гагц өөрийн бие дааж үнэхээр бүтсэн юу ч эс олдох ажээ.Хэрэв ямар нэг үнэхээр бүтсэн зүйл тоосны төдий олдвоос үнэхээр бүтсэн зүйл байна хэмээн үзэх атал тийм үнэхээр бүтсэн зүйл тоосны төдий ч үл олдох ажээ.  Учир иймээс үзэгдэл юмс бүхэн зөвхөн томьёолол буюу нэрийтгэлийн төдий байх боловч мөн чанар нь эрж хайгаад эс олдох хоосон чанартай ажээ. Энэтхэгийн мэргэд: “Би-г баримтлах үзэл нь чамд тор болж чи хашигддаг. Би-г баримтлах үзлээс салж, тор замхарсан цагт огторгуй чинийх болно.Чи ч чи биш болж, огторгуйг дотроо агуулж, энгүй уудам, цаглашгүй оршихуй болно” хэмээн сургасныг санах хэрэгтэй.
Хүн гэгээрэхийн тулд буян үйлдэж гэгээрэх шалтгаан нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Буян үйлдэхийн тулд буян гэж юу вэ? гэдгээ мэдэх хэрэгтэй. Буян гэж бусдад туслах сайн сэтгэлээр өдөөгдөж үйлдсэн, бусдад ач тустай аливаа үйл бүхнийг хэлнэ. Өөрөөр хэлвэл арван хар нүглийн эсрэг сайн үйлдлийг хэлнэ. Нүгэл гэдэг нь муу сэтгэлээр өдөөгдөж үйлдсэн, үр дагаварт нь өөрт болон бусдад зовлон авчирдаг үйл бүхнийг хэлнэ. Хүн гэгээрэхийн тулд гэгээрэлийн арван шатыг дүүргэх хэрэгтэй. 
Гэгээрлийн таван  мөр, арван шатыгтовчлонавч үзвэл: Эхлээд Магад гарахуй сэтгэл буюу Эй Жүнг үүсгэнэ - Дараа нь нэгдүгээр мөр болох Чуулганы мөр буюу Цог ламд орно - Хоёрдугаар мөр болох Найралдлагын мөр буюу Жор ламд орно - Гутгаар мөр болох Үзэхүй мөр буюу Тон ламд орно, энэ мөрд нэрийдсэн нисваанисийн түйтгэрийг арилгана, Нюндэв гүнтаг гэдэг - Дөтгөөр мөр болох Бясалгахуйн буюу Гэтлэх мөрд буюу Гом ламд орно, энэхүү мөрийн эхний долоон шатанд сэтгэлийн төрөлх шинжтэй нисваанисийг буюу нисваанисийн уг үндсийг арилгадаг, Нюндэв линжэ гэдэг - мөн энэхүү мөрийн наймаас аравдугаар шатанд мэдэгдэхүүний түйтгэрийг арилгана, хирээс хагацсан газар гэнэ – Тав дугаар мөр нь Чинагш үл суралцахуйн мөр буюу Лов лам гэнэ, энэхүү мөрд сэтгэлийн хирээс бүрэн хагацаж бодийн хутгийг олж, гурван цагийн бүх юмс үзэгдлийг нэгэн зэрэг илтэд тольдон юмсыг онон болгоох гайхамшигт чадвартай төгс гэгээрсэн Бурхан болно хэмээдэг.
Тэхлээр гэгээрэхийг хүссэн хүмүүс эрдэмт лам Багшийн ач тус, авшиг ерөөл, өөрсдийн хичээл зүтгэл, тэвчээр хатуужил, сахил санваар, эр зориг, энэрэл нигүүлсэл, баатарлаг боди сэтгэл, билиг оюун, Бурханы ном, бясалгал, буяны хүчээр гэгээрэлд хүрч сансрын зовлонгоос гэтэлж аврагддаг ажээ.   Учир иймд хүмүүс минь ахуй ертөнцийн аахар шаахар юмнаас өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй юм байна шүү. Алийн болгон хүмүүс ашиг орлого, хөрөнгө мөнгө, албан тушаал,  хэргэм зэргийн төлөө бүх амьдралаа үрж дуусгах юм бэ. Эцсийн эцэст хүн хураасан хөрөнгө, бүх юмнаасаа хагацах нь мэдээж. Хүн авах идэхийн төлөө амьдрах бус, аврал гэгээрэлийн төлөө амьдрах нь утга учиртай юм шүү. Хамаг амьтан Гэгээрэлийн хутгийг олж Сансарын зовлонт хүрднээс чөлөөлөгдөх болтугай.
                     Доржийн СҮХБААТАР    2026.04.29
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn