Хүүхдийн тасгийг номын сан, тоглоомын орчинтой болгов

529


Ховдынхон “Хүүхдийн тасаг”-ийг хүүхдийн тав тухтай орчинтой болгох ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн Хүүхдийн тасаг нь 39 ортой. Жилдээ хамгийн дээд тал нь 2300 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг учраас тасгийн ачаалал тэр хирээр нэмэгддэг байв. Иймээс 50 ортой Хүүхдийн нэгдсэн эмнэлэг байгуулж, энэ онд ашиглалтад оруулсан.  

Үүнтэй холбогдуулан “Мөрөөдлийн жигүүр” сургалтын төвөөс Little philanthropist клуб санаачлан БОЭТ-ийн хүүхдийн тасгийг номын сан, тоглоомын орчинтой болгох аяныг эхлүүлж байсан. Улмаар нэг сарын хугацаанд 200 гаруй хандивлагч аянд нэгдэж, 5 сая 800 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэг, 23 нэр төрлийн тоглоом, 130 ширхэг ном, сэтгүүлийн ширээ, номын тавиур зэргийг цуглуулжээ. Үүний зэрэгцээ “Мөрөөдлийн жигүүр” сургалтын төвийн багш нар өөрсдийн гараар стандартад нийцсэн сайн чанарын эсгийнцэр, эко будаг ашиглан хүүхэлдэйн баатрын дүрийг урлан бүтээж, өрөө тасалгааг чимэглэн тохижуулж,  өнгө үзэмжийг нь сайжруулсан байна.   
 
Ингэснээр эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүүхдүүд айж эмээхгүйгээр эмчдээ үзүүлэх, хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд дуртай тоглоомоороо тоглох, ном унших, найзалж нөхөрлөж эмнэлэгт байх хугацаандаа цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөх боломж бүрдүүлсэн гэж албаныхан онцоллоо. Грейпсийд хөтөлбөр хэрэгжүүлэгч  “Мөрөөдлийн жигүүр” сургалтын төв нь 10 гаруй багш, ажилтантай. Одоогийн байдлаар тус сургалтын төвд 4-16 насны 300 гаруй хүүхэд суралцаж,  англи хэл,  мэдээллийн технологи болон сэтгэн бодох чадвараа хөгжүүлж байна.  Энд суралцаж байгаа хүүхдүүдийн оюуны хөгжлийг дэмжихээс гадна  нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж, олон нийтэд чиглэсэн сайн дурын ажилд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлсээр иржээ.

Үүний жишээ болгон хүүхдэд ээлтэй, сонирхолтой орчин бүрдүүлж чадсан “Мөрөөдлийн Жигүүр” сургалтын төвийн багш, сурагчид, иргэд хандивлагч нарын төлөөлөл өнөөдөр БОЭТ, Хүүхдийн тасгийнханд тохижилтын ажлын үр дүнг танилцуулж, албан ёсоор хүлээлгэн өглөө. 
Энэ үеэр суралцагч хүүхдүүдийн сэтгэлийн хандив тусламж, дэмжлэг их байсан гэж аян зохион байгуулагчид онцлон хэлэв.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn