SOS: 10 настай хүү машины бүхээгт хавчуулагдан, амиа алджээ
Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт "Өндөр тэвх" гэх газарт 10 настай эрэгтэй М авто машины бүхээгт хавчуулагдаж нас барсан хэрэг гарчээ. Тус авто машиныг малчин Б гэх залуу жолоодож явсан бөгөөд тухайн үедээ согтуу байсан аж. Эл хэрэг өчигдөр /2022.08.10/ 16:00 цагийн үед болсон байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид очиход “Өндөр тэвх” гэдэг газарт уулнаас гол руугаа нүүдэллэж байсан Зэрэг сумын харьяат малчин Б согтуугаар “Портер” загварын ачааны автомашин жолоодож яваад авто замын зорчих хэсэгт онхолдож, авто машины бүхээгт түүний хүү 10 настай эрэгтэй М хавчуулагдаж нас барсан болох нь тогтоогджээ.