Байнгын хорооны даргаас сайд болдог жишиг тогтох уу?

445

Т.БАТСАЙХАН
 
Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр танхимын сайд нараа танилцуулав.  Шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжиж, бүлэг, байнгын хороод, УИХ-ын чуулган хуралдаж, хэлэлцлээ.  Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүтэц хөшигний ард хэрхэн зурагдаж байгаа нь олон нийтийн анхаарлын төвд байсан нь тодорхой.  Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногийн турш сайд нарын сураг, таамгаар амьсгалсан өдрүүд боллоо. 
 Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаа  үндэсний эв нэгдлийг хангасан, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх амбицтай, чадамжтай сайд нараар танхимаа бүрдүүлэв бололтой.   Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр сайд нарыг сонгохдоо мерит зарчим баримталсан гэдгээ хэлжээ.  “Шинэ сэргэлтийн бодлого,  “Алсын хараа-2050” болон эдийн засаг, уул уурхайтай холбоотой томоохон төслүүдийг хэрэгжүүлэх Засгийн газар учраас ажлын ачааллаас эхлээд улс орны эрх ашгийг хамгаалсан бодлого хэрэгжүүлэх асуудалд шинэ сайд нараас ам тангаргийг нь авсан сурагтай.  Мөн хэрэв сайд нар Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж ажиллахад хүндрэлтэй байвал дараагийн сайдыг томилох асуудлыг түргэн шуурхай оруулж ирнэ гэдгээ мэдэгджээ.
Ерөнхий сайдын яриад байгаа мерит зарчим гэдгийг жаахан тодруулъя.  Шинэ Засгийн газрын бүтцэд  одоогийн байнгын хорооны дарга нар бараг бүгд орж ирэв. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Төсвийн байнгын хорооны дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Эдийн засгийн байнгын хорооны дарга,  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Хууль зүйн байнгын хорооны дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга , Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайд Б.Бат-Эрдэнэ Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байна.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан.  Мөн Нийслэлийн асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай.
Үүнээс харахад, шинэ сайд нарын бас нэгэн шалгуур нь байнгын хорооны даргын туршлагыг нь харж сонгосон бололтой.  Энэ бүрэлдэхүүнээр шинэ Засгийн газар байгуулагдаж, тангараг өргөснөөр дээрх гишүүд байнгын хорооны даргаас түдгэлзэнэ.   Энэ удаагийн Засгийн газрыг эмхлэн байгуулахдаа мерит зарчим баримталж, байнгын хорооны дарга нарыг “сугалснаар” дараагийн байнгын хорооны даргын сунгаа ч нэлээд ширүүн болох замыг засч өгөв.  Ер нь цаашид парламентад олон сонгогдсон УИХ-ын гишүүдээс гадна  байнгын хорооны даргаас сайд болдог жишиг улс төрд тогтох нь.  Түүнчлэн байнгын хороодын дарга нар сайд болсноор тухайн салбарт байгаа асуудлыг сайн мэдэх учраас сайдын “танилцах дадлага” гэж байхгүй, шууд ажилдаа орох бололтой байна. 
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд дээрх байнгын хороодын дарга нараас гадна ЗГХЭГ-ын даргаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан ажиллана.  Харин Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар ажлаа үргэлжлүүлэн хийнэ.  Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар үргэлжлүүлэн ажиллах эсэхийг Засгийн газрын бүтцийг хэлэлцэн батлах явцад шийдэх бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn