Цар тахал ба санхүүгийн хар зах

478
Дэлхийд юу болов?
Дэлхийн нөхцөл байдлыг өөрчлөөд байгаа covid 19 халдварын улмаас улс орнуудын эдийн засагт эрсдэл, хямрал үүсээд эхэлсэн, цаашлаад хэдий хугацаагаар үргэлжлэх нь хариултгүй байгаа учраас бүгд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд төсвийн дэмжлэг, татварын хөнгөлөлт, мөнгөний бодлого арга хэмжээнүүд багтаж байгаа. 
АНУ-ын Холбооны нөөцийн банк гуравдугаар сарын 3-ны өдөр бодлогын хүүг 0.5 нэгж хувиар, гуравдугаар сарын 15-ны өдөр ээлжит бус хуралдаанаараа дахин 1 нэгж хувиар бууруулснаар одоо 0.25 хувьд хүрэв. Мөн заавал байлгах нөөцийн хэмжээг 0 хувь болгожээ. Өмнө нь 2008 оны хямралын үед бодлогын хүү ийм түвшинд бууж, энэ байдал 2015 оныг хүртэл үргэлжилсэн байна. Ази, Номхон далайн бүсийн Төв банкууд АНУ-ын Холбооны нөөцийн банкны шийдвэрийн дараа өөрсдийн хөтөлбөрүүдээ мөн зарласан. БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар бууруулан 0.75 хувь буюу түүхэн доод хэмжээнд хүргэв. Шинэ Зеландын төв банк бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар бууруулж 0.25 хувьд хүргэв. Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын төв банк өмнө нь худалдан авахаар зарласан үнэт цаасны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 12 их наяд иенийн /ДНБ-ий 2 хувьтай тэнцэх/ үнэт цаас худалдаж авах, вирусын улмаас доголдсон бизнесүүдэд зээлийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. 
Харин ОХУ-ын Төв банк газрын тосны үнэ огцом буурч, рублийн ханш хурдацтай суларч байгаа тул бодлогын хүүг 6 хувь дээр хэвээр үлдээх шийдвэр гаргасныг CNN, Financial Times зэрэг эх сурвалжууд мэдээлжээ.
Монголд юу болов?
Монголбанкны мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгоод байна. 
Мөн заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувь байхаар тогтоосон. Эдгээр багц арга хэмжээний (бодлогын хүү, заавал байлгах нөөцийн ̆ хувь болон хүүний корридор) дүнд банкуудын зээлийн хүү 1 нэгж хувиар буурах, зах зээлд хамгийн багадаа 300-400 тэрбум төгрөгийн зээл шинээр гарах боломж бүрдсэн хэмээн Монголбанк тайландаа дурджээ. Хар ухаанаар бодвол арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү хоёрдугаар сард 16.8 хувь байсан бол энэ нь 15.8 хувь болох юм биз дээ? 
Монгол Улсад мөнгөний бодлогыг хэрэгжүүлж буй Монголбанк нь Засгийн газраас хараат бус байхаар хуулиар баталгаажсан статустай. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч субъект маань онцгой үед ийм хэрийн л дэмжлэгийг үйлдвэрлэгч, импортлогчдод олгох потенциалтай юм байна. 
Тэгэхээр Засгийн газраас онцгой дэглэмийн үед хэрэгжүүлэх эрчимжүүлсэн хөтөлбөрөө Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт зарлаж, олон нийтэд танилцуулах үеэрээ банкны секторынхонд хатуухан сануулга өгсөн нь нэг удаагийн тохиолдолд хамаатуулсан үг биш болов уу. 
Пандеми буюу цар тахлын үед эрх зүйн стандарт бус шийдвэр байж болох. Магадгүй энэ үеэр УИХ, Засгийн газар, Монголбанк зээлийн хүүгийн хэмжээ өндрөөр тогтоход гол үндэслэл болж буй хадгаламжийн хүүг өнөөдрийнхөөс 2-3 дахин бууруулж, 3-5 хувьд авчрах “захиргааны” арга хэмжээ авахад яагаад болохгүй гэж? Арилжааны банкуудын зээлийн дундаж хүү хоёрдугаар сарын байдлаар Монголбанкны тайлангаар бол 16.8 хувь байна. Хадгаламжийн хүү 9.8 хувь байгаа бөгөөд зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн зөрүү 7.0 хувь байна. Хадгаламжийн хүүг буулгачихбал бүгд долларын хадгаламж руу шилжчихнэ гэж айлгадаг. Өнөөдөр Монголд долларын хадгаламжийн хүү 4-6 хувьд хэлбэлздэг. Адилхан буулгахад болчих юм биш үү? Тэгэхээр ам.доллар маань гадаадын банкны хадгаламж руу гусчихна гэж хэлдэг. Гадаадад ам.долларын хадгаламжийн хүү 0-2 хувь байхад хэн ч тийш нь хадгаламжаа хийхгүй биз дээ?. 
Хар зах гэж үү?
Хэдийгээр чөлөөт эдийн засаг аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ “захиргааны” аргаар биш “зах зээлийн” зарчмаар тогтох ёстой гэдэг ч банкны салбар маань өөрөө зах зээлийн биш хар зах болчихжээ. Ерээд оны дараахан орон сууцаа хувьчилж авсан хотынхон байраа ломбарданд тавьж байгаад бүгд шахам ганзагын наймаанд мордсон үе бий. Ломбардны хүү тэр үед сарын 30-40 хувь байсан учраас тийм зээлээр санхүүжүүлсэн бизнес, наймаанаас ашиг олох ямар ч үндэс байгаагүй юм билээ. Тэр гэнэн үеийн хохирогчид өнөөдрийн гэр хорооллыг тэлэхэд хувь нэмрээ оруулсан. Тэгвэл өнөөдөр Монголын арилжааны банкуудын санал болгож буй зээлийн хүү тэртээх ерээд оны санхүүгийн хар захынхаас ялгарахааргүй байна. 
Аж үйлдвэрийн 4.0 хувьсгалын үр нөлөөгөөр дэлхийн улс орнууд жинхэнэ утгаар нэг дээвэр дор, ямар ч цагийн зөрүүгүйгээр нэг цаг дээр амьдарч эхэлснээр худалдааны гэрээ хэлэлцээрт аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ мөн нэг ижил болсон. Adidas брэндийн хослол Америкт ч, Монголд ч адилхан үнэтэй байхаас өөр аргагүй нөхцөлд хэдийнэ амьдраад эхэлсэн.
Монголд бол төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжүүлдэг том, жижиг тендерүүд нь л ичгүүр сонжуургүйгээр зах зээлийн үнээс хэд дахин нугарсан ашгийг гүйлгүүлж байгааг эс тооцвол эгэл жирийн худалдаачид, үйлдвэрлэгчид хэдхэн хувийн ашгийн төлөө өрсөлдөж байгаа нь үнэнд гүйцэгдсэн хэрэг юм. Маш хатуугаар хэлэхэд дэлхий дахинд энгийн наймаа, жижиг худалдааны нийлүүлэлт ердөө 1%-ийн ашгийн төлөө, аз шүүрвэл 10 хувийн ашгийн төлөө өрсөлдөж эхлээд байна. Өнөөдрийн манай банкны системийн санал болгож буй өндөр хүүтэй зээлээр санхүүжилт хийнэ гэвэд цаашдаа Монголын ямар ч үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбар өнөөгийн нэг үнийн системт дэлхий ертөнц дээр оршин тогтнох боломжгүйд хүрэхээр байна. Санхүүжилтын зардлаас гадна цалин хөлс, үндсэн түүхий эд, үйл ажиллагааны, авлига хүнд суртлын гээд бусад зардлуудын нийлбэр хэд хүрдэг билээ? 
Сүүлийн 30 жил бизнесийн салбарт зүтгэсэн үндэсний компаниуд зөвхөн банкны зээл ба татвар, түрээс төлөхийн төлөө ажиллаж, амьдарсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин ч энэ үгний төлөө олон бизнесмэн нулимс дуслуулах байх аа. УИХ, Засгийн газар, Монголбанк үнэндээ 30 жил банкны өндөр хүүг үндэслэлтэй хэмээн итгүүлж, бизнесийн салбарынхныг буулган дороо барьж ирлээ. 
Эцэст нь хэлэх гэсэн зүйл: Улс орнууд вирусын халдвараас болоод дотоодын нөөцдөө найдах, нөөцөө хямгадах үүднээсэкспортоо багасгахбодлого руу явж байгаа нөхцөлд Монгол шиг импортын хэрэглээ өндөртэй улсад хомсдол үүсэхийг үгүйсгэхгүй. Тэрэндээ хүрвэл бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай болно. Тэгвэл тэдэнд татварын хөнгөлөлтөөс гадна санхүүжилт хэрэгтэй. Тийм нөхцөлд өнөөдрийнх шиг мөнгөний бодлогын хэрэгслүүдийг хөдөлгөөд хөдөлгөөд зээлийн хүүг ердөө 1 хувиар бууруулах потенциал бүхий Монголбанк, банкны систем үнэндээ дэмжлэг болж чадна гэж үү?! 

З.Боргилмаа
Эх сурвалж: baabar.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn