Шөнийн хотын хортой гэрэл: Гэрлийн бохирдол гэж юу вэ?
Орчин үед ялангуяа томоохон хотуудад шөнийг өдөртэй андуурмаар болжээ. Нар тэнгэрийн хаяанд шингэхэд гэрлэн чимэглэл, брэнд дэлгүүрүүдийн хаяг, гудамжны тод гэрэл түүнийг орлоно. Орон сууцны өндөр барилгууд гэрлээ асаахад шөнийн харанхуйг замхруулна. Үүнийг гэрлийн бохирдол гэдэг бөгөөд байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой. Өдгөө дэлхийн хүн амын 80 гаруй хувь гэрэлтэй тэнгэрийн дор аж төрж байна. Жишээ нь, АНУ болон Европын хүн амын 99 хувь нь шөнийг хурц гэрэлтэйд өнгөрүүлж байна.
Сүүлийн үед энэ асуудал судлаачдын анхаарлыг ихээхэн татах болжээ. Гэрлийн бохирдлын анхны атласыг 2001 онд Сантьяго де Компостела их сургуулийн физикч Фабио Фальчийн удирдлага дор гаргаж байв. 2016 онд шинжээчид шөнийн тэнгэрийн гэрэлтүүлгийн түвшинг дахин хэмжсэн байна.
2011-2022 оны хооронд явуулсан оддын харагдах байдлын судалгаанаас үзвэл, дэлхий дахинд шөнийн тэнгэрийн “гэрэлтүүлэг” жил бүр 9.6 хувиар нэмэгдэж буй нь найман жил тутам гэрэлтүүлгийн түвшин хоёр дахин нэмэгдэж байгааг илтгэжээ. 1997 оноос 2017 оны хооронд гэрлийн бохирдол дор хаяж 49 хувиар өссөнийг судалгаа харуулж байна. Гэхдээ эрдэмтэд зөвхөн хиймэл дагуулаас авсан мэдээлэл дээр тулгуурласан тул энэ үзүүлэлт дунджилсан гэнэ. 1992 онтой харьцуулахад шөнийн тэнгэрийн “гэрэлтүүлэг” 270 хувиар, зарим бүс нутагт 400 хувиар нэмэгдсэн байх боломжтой гэж судлаачид үзэж байна.
Гэрлийн бохирдол яагаад үүсдэг вэ?
Гэрлийн бохирдол нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгалийн гэрлийн өөрчлөлт юм. Гэрлийн бохирдол нь юуны өмнө байгалийн баялаг, эрчим хүчний замбараагүй хэрэглээтэй холбоотой бөгөөд энэ нь байгаль орчин, эх дэлхийд сөргөөр нөлөөлдөг байна. Судлаачид энэ төрлийн бохирдлыг агаарын бохирдолтой холбодог аж. Учир нь орчин үеийн ихэнх цахилгаан станцууд цахилгаан эрчим хүчний дулааныг ашигладаг. Энэ үед сэргээгддэггүй байгалийн баялгийг ашиглахаас гадна байгаль орчинд хортой шатдаг бүтээгдэхүүн агаар мандалд цацагддаг. Хүмүүс цахилгаан бага ашигласнаар агаарын бохирдлыг бууруулж, сэргээгддэггүй байгалийн баялгаа гамнах боломжтой.
Хэт хурц гэрэлтүүлэг хараанд таагүй нөлөө үзүүлдэг. Skyglow буюу газраас тусах гэрэл агаар мандалд сарнисны улмаас шөнийн тэнгэр илүү гэрэлтэй мэт санагдах үзэгдэл. Гэрэлтүүлгийн эх үүсвэрийг буруу зохион байгуулснаар хэт хурц гэрэлтэй орон зай бий болдог. Энэ бүгд гэрлийн бохирдол юм.
Хүн төрөлхтөн уламжлалт улайсдаг чийдэнгээс лед чийдэнгийн хэрэглээнд шилжсэн нь нөхцөл байдлыг улам дордуулж байна. Ийм төрлийн чийдэнгийн зах зээлд эзлэх хувь 49 хувь болж өсжээ. Өнгөц харахад, лед гэрэлтүүлэг экологид ээлтэй мэт санагдах ч лед гэрэл нь ижил хэмжээний эрчим хүчээр их хэмжээний гэрэл үйлдвэрлэдэг. Улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь нэмэгддэг байна. Лед гэрлийн тусламжтай гарган авдаг цайвар гэрлээс хөх өнгөтэй богино долгионы туяа цацардаг нь шөнийн харанхуйд ихээхэн хөнөөлтэй гэж судлаачид үзэж байна.
Их Британийн Экологи, гидрологийн төвийн судлаачид экологийн хувьд цэвэр гудамжны гэрэлтүүлэг нь уламжлалт халдаг гэрэл чийдэнгээс шавжуудад илүү хөнөөлтэй болохыг тогтоожээ. Их Британийн хотуудад орчин үеийн лед гэрэлтүүлэгтэй ногоон байгууламж дахь цагаан эрвээхэйн авгалдайн тоо гэрэлтүүлэггүй газрынхтай харьцуулахад 52 хувиар бага байсан бол улайсдаг чийдэн бүхий гэрэлтүүлэгтэй газар авгалдайн тоо 42 хувиар бага байжээ.
Гэрлийн бохирдол ямар аюултай вэ?
Гэрлийн бохирдлыг дэлхий дахины асуудал болохыг хүлээн зөвшөөрөөд байна. Гэрлийн бохирдол байгаль орчин болон эко орчинд хор хөнөөлтэй. Учир нь Дэлхий хэмээх гараг үүссэнээс хойш олон тэрбум жилийн турш амьтан, ургамал өдөр, шөнө ээлжилдэг тогтсон хэмнэлд амьдарч сурчээ. Эл хэмнэл бараг л бүгд амьд амьтны ДНХ-д кодлогдсон байдаг байна. Үүнээс нөхөн үржихүй, хооллолт, нойр, тэр бүү хэл араатан амьтнаас өөрийгөө хамгаалах чадвар зэрэг шалтгаалдаг.
Харин гэрлийн бохирдол энэ горимд өөрчлөлт оруулж, зарим төрөл зүйлийн амьтанд сөргөөр нөлөөлж байна. Шөнийн тэнгэрийн харанхуйн түвшин өөрчлөгдсөнөөр далайн яст мэлхий, нүүдлийн шувууд зэрэгт нөлөөлдөг. Эдгээр төрөл зүйл нь нүүдэллэх үедээ сарны гэрлээр баримжаа авдаг тул хиймэл гэрэлтүүлэг нүүдлийн амьтдыг замаас нь будилуулж, амиа алдахад хүргэдэг байна.
Гэрлийн бохирдол мөн ан амьтны үржилд сөргөөр нөлөөлдөг аж. Жишээ нь яст мэлхий, хавч зэрэг амьтад үржилд ордог далайн эрэг орчмын гэрэлтүүлэг эдгээрийн үүрний тоог дор хаяж 20 хувиар буурахад хүргэжээ.
Гэрлийн бохирдлын бас нэг сөрөг үр дагавар нь шавжаар хооллодог шувууд болон зарим төрлийн амьтдын тоо толгой буурсан явдал. Хурц гэрэлтэй чийдэнд хэт ойртсон ялаа, шумуул олон тоогоор үхэж байна.
Гэрлийн бохирдол далайн амьтдад хүртэл сөргөөр нөлөөлдөг аж. Байгалийн бус гэрэлтэй орчинд усыг шүүх замаар бичил организм зэрэг хоолоо олж иддэг амьтдыг үргээдэг байна. Өөрөөр хэлбэл хиймэл гэрэлтүүлэг далайн эко системийг өөрчлөгдөх эрсдэлд оруулж байна.
Байгаль орчинд хор хөнөөл учруулахаас гадна гэрлийн бохирдол эрчим хүчний асар их алдагдалтай холбоотой. Олон улсын харанхуй тэнгэр холбооны (International Dark-Sky Association — IDA) мэдээллээр, гаднах гэрэлтүүлгийн дор хаяж 35 хувь ямар ч хэрэгцээгүй зарцуулагддаг аж. Шинжээчдийн үнэлгээгээр, зөвхөн АНУ-д гэхэд тэнгэрийг гэрэлтүүлэхийн тулд жилд гурван тэрбум ам.доллар зарцуулдаг бол дэлхий дахинд гэрэл, цахилгааны зардал 50 тэрбум ам.долларт хүрдэг. Үүнээс үзвэл гэрлийн бохирдлын эдийн засгийн хохирол асар их.
Гэрлийн бохирдлын хүчтэй сөрөг үр дагавартай одон орон судлаачид нүүр тулдаг аж. Гудамжны гэрлээс гадна сансрын хог хаягдал, хиймэл дагуулын гэрэл тэдэнд ажиглалт хийхэд саад болдог байна. Эдгээр объект нь дэлхийгээс ирэх гэрлийг ойлгож, шөнийн тэнгэрийг гэрэлтүүлгийг нэмэгдүүлснээр од, эрхсийг ажиглахад ихээхэн хүндрэл учруулдаг. Энэхүү асуудлыг шийдэхгүй бол ойрын үед хүн төрөлхтөн дэлхийгээс сансар огторгуйг судлах боломжгүй болох гэнэ.
Хурц гэрэл хүнд ямар хортой вэ?
Манай гарагийн бүхий л амьд амьтны нэгэн адил хүний бие организм өдөр, шөнө ээлжилдэг тогтсон горимд дасан зохицсон байдаг. Хоногийн турш бидний биед биологийн янз бүрийн процессын идэвхжиж байдаг. Бие организмын эл чадварыг хоногийн хэмнэл хариуцдаг. Эл хэмнэл бие организмын өдөр, шөнийн идэвхийг зохицуулж байдаг.
Тухайлбал, хоногийн хэмнэлээс мелатонин дааврын ялгарал шалтгаалдаг. Эл даавар нь нойр, сэрүүн байдлыг зохицуулдаг байна. Харанхуйд мелатонин их ялгардаг бол хурц гэрэлд багасдаг.
Энэ бүх дотоод процесс гэрлийн бохирдлоос үүдэн гажих магадлалтай. Үүний улмаас нойргүйдэл, архаг ядаргаа, толгой өвдөх, стресс, сэтгэл түгших шинж тэмдэг үүсдэг байна. Зарим судлаачид мелатонин дааврын хэмжээ буурснаар хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг.
Шөнийн гэрэлтүүлэг сэтгэл гутралд хүргэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Дөрвөн долоо хоногийн турш шөнийн цагаар бүдэг гэрэлд өнгөрүүлсэн хулгануудад сэтгэл гутралын шинж тэмдэг илэрчээ.
Гэрлийн бохирдлыг хэрхэн бууруулах вэ?
Мэдээж хэрэг аюулгүй байдлын үүднээс шөнийн гэрэлтүүлгээс бүрэн татгалзах боломжгүй. Гэхдээ зарим ногоон санаачилга, хотын гэрэлтүүлгийн бодлогод өөрчлөлт оруулснаар хиймэл гэрлийн сөрөг үр дагаврыг бууруулах боломжтой. Жишээ нь Их Британийн зарим хотууд цахилгааны зардлаа хэмнэхийн тулд гудамжинд хүн бараг байхгүй шөнө дунд гудамжны гэрлээ унтраадаг болсон байна. Ингэснээр төсвөө хэмнээд зогсохгүй зарим төрлийн шавжийн үржил ч сайжирчээ.
IDA холбоо гэрлийн бохирдлыг бууруулахын тулд гэрэлтүүлгийг зөвхөн шаардлагатай газарт байрлуулах, хэт хурц гэрлээс татгалзах, эрчим хүчний үр дүнгүй зарцуулалтаас сэргийлэхийн тулд хөдөлгөөн мэдрэгчтэй гэрэл ашиглахыг зөвлөжээ. Түүнчлэн, хүйтэн өнгө бүхий гэрэл дулаан өнгөтэй гэрлээс илүү хортой тул ийм туяатай гэрлийг шүүх төхөөрөмж ашиглах нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.
https://news.zindaa.mn/4t7r