Бүсчлэн хөгжүүлэх бас нэг оролдлого
Монголын төр засаг улс орноо бүсчлэн хөгжүүлэх ээлжит оролдлогоо хийж байна. УИХ хэлэлцэх гэж байгаа “Алсын хараа 2050” нэртэй урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд “Бүсчилсэн хөгжил” гэсэн тусгай бүлэг оржээ. Монгол улсыг
Дорнод монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс: Хэнтий, Сүхбаатар, Дорнод;
Хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, палеонтологийн аялал жуулчлалын бүс: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь;
Байгалийн нөөц, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс: Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай;
Өрнөд монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, Алтайн соёл, байгалийн нөөц, ногоон хөгжлийн бүс: Ховд, Баян-Өлгий, Увс;
Хангайн эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс: Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан;
Олон улсын шинжлэх ухаан, технологийн төв, тээврийн зангилаа, өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний бүс: Улаанбаатар гэсэн зургаан бүсэд хувааж хөгжүүлэх аж.
Бүс бүрийг арван жилийн үе шаттайгаар хөгжүүлээд юунд хүрсэн байхыг дэлгэрэнгүй тодорхойлжээ. Бүлгийн эхэнд өмнө нь батлагдсан (УИХ-ын 2001 оны 51-р тогтоол) бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрүүдийн хүчинтэй хугацаа 2020 онд дуусгавар болж байгаа учир шинээр боловсруулах шаардлага гарсан гэжээ. Харамсалтай нь 20 жилийн өмнөөс зорьсон хөтөлбөр нь хэрэгжсэн эсэх, ямар нэг үр дүн гарсан тухай үнэлэлт, дүгнэлт хийгээгүй ажээ. Өмнөх нь яагаад хэрэгжээгүйг ойлгож, мэдэхгүйгээр шинэ нь биелэхэд эргэлзээтэй.
Бүсчилсэн хөгжил бүтээгүйн шалтгаан
Өмнөх үзэл баримтлалд бүсчилсэн хөгжлийн зорилгыг нь “газар, түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхыг байгаль орчны даацад зохицуулан оновчтой ашиглах үндсэн дээр хүн ам, үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задлаж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэх” гэж тодорхойлж байжээ.
Гэвч эдгээр зорилгын ганц нь ч эдүгээ биелээгүй байна. Түүгээр ч зогсохгүй, нэг километр квадрат тутам хоёр хүн ногддог том нутагтай Монгол улсын хөдөө нь эзгүйрч, нийслэл нь бөөгнөрч, гуравхан сая иргэдийнх нь гуравны нэг нь ядуу амьдарч байна. Энэ чинь хөгжил гэж үү?
Бүсчлэн хөгжүүлэх бодлого бүтээгүйн гол шалтгаан бол тодорхойлсон аймгуудыг нэгтгэсэн бүсийг засаг захиргааны томруулсан нэгж болгоогүй, төсөв, татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлого явуулах эрх мэдлийг өгөөгүйд оршиж байна. Энэ тухай дэлгэрүүлж “Бүсчилж хөгжүүлэх бүтээгүй оролдлого” нийтлэлээс уншина уу.
Эхний үзэл баримтлалаар улсыг Баруун, Хангайн, Төвийн, Зүүн гэж босоо тэнхлэгээр дөрөв хувааж, Улаанбаатарыг бие даасан бүсийн жишгээр хөгжүүлэх байв. Энэ нь бүтээгүй гэдгийг дараах зургаас харж болно.
Зураг 1: ДНБ бүсүүдээр. 2001-2017 он. ҮСХ
Жигд биш өсөлтийн үр дүнд орон нутаг өрсөлдөх чадваргүй, боловсрол, эрүүл мэнд зэрэг төрийн үйлчилгээ тэгш бус, хүртээмж ялгаатай тул хөдөө эзгүйрч, хот багширч байна. 2000 оноос хойш 17 жилийн дотор хагас сая хүн Улаанбаатар хотод шилжин суурьшжээ. Улсаа бүсчлэн, ижил тэгш хөгжүүлэхгүй бол ирэх 30 жилд өнөөгийнх шиг хүн амын тал нь биш 80 хувь нь нийслэлд шилжин ирэх магадлалтай.
Япончуудын санал
Японы хөгжлийн тусламжийн байгууллага (ЖАЙКА) 2016 онд МУ-ыг бүсчлэн хөгжүүлэх талаар судалгаахийгээд, бүсүүдийг босоо, хэвтээгээр чагталсан тэнхлэгээр холбох санал дэвшүүлсэн байна. Эдгээр тэнхлэгийг дагаад нийслэлээс гадна хоёрдогч, гуравдагч хотууд бий болно, тодорхой аймгуудын төвүүд тулгуур хот болох боломжтой гэжээ.
Зураг 2: Монгол Улсын эдийн засгийн стратеги хөгжлийн корридорын төсөөлөл зураг
Монголын орон нутгийн хөгжлийн гол тулгуур бол хөдөө аж ахуйн салбар. Нийт ажиллах хүчний 34 хувь нь энэ салбарт ажилладаг. Тэдний 38 хувь нь хангайн, 24 нь баруун, 22 нь төвийн, 11 нь зүүн, 5 хувь нь Улаанбаатарын бүсэд ногддог (Үндэсний Статистикийн Хороо 2018). Энэхүү хөндлөн тэнхлэг нь нэмүү өртөг шингээх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжин ногоон хөгжлийн суурь болно. Мөн бүсчлэлийг зөвхөн аймаг, орон нутгийн онцлогт тулгуурлахаасаа гадна хоёр хөршийнхөө эдийн засгийн онцлогт нийцүүлэх хэрэгтэй. Ялангуяа сүүлийн жилүүдэд хоёр хөршийн эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байгаа учир босоо тэнхлэгээ эрчимжүүлэх боломжтой гэжээ.
Бүсчилсэн хөгжлийг бүтээх нь
“Алсын хараа 2050”-ийн бүсчилсэн хөгжлийн үзэл санаа нь өмнөх алдаагаа олж хараагүй, онцолж засаагүй учир ээлжит нэгэн оролдлого болох магадлалтай.
Бүсчилсэн хөгжлийн бодлогоо бүтэлтэй хэрэгжүүлэхийн тулд бүсүүдээ хооронд нь босоо, хэвтээ тэнхлэгээр холбох Жайка-ийн саналыг тооцох нь зөв юм. Гэхдээ яаж ч төлөвлөсөн дараах гурван хүчин зүйлийг юуны өмнө өөрчлөх шаардлагатай. Үүнд:
- Сонгуулийн тогтолцоо
- Татварын бодлого
- Хөрөнгө оруулалт буюу хот, орон нутгийн бонд орно.
Сонгуулийн тогтолцоо нь 2012 оныхоос бусад үед мажоритар байсан учир бүсийн хөгжил аймгийн түвшинд гацсан. Сонгуулийн тогтолцоонд пропорциональ элемент оруулаагүй цагт улс төрчид нь улс орны хөгжлийг аймгийн түвшинд харж, тойргоо усалдаг жишиг үргэлжилж, бүсийн хөгжил орхигдсоор байх болно. Жишээ нь 2020 оны төсөв энэ жишгээр хийгдсэн учир аймаг, сумын төвүүдэд хөшөө, барилга, соёлын төв барихад зарцуулагдана. Өөрийн аймгаа бүсийн төв болгохын төлөө удирдлагууд нь булаацалдсаар бүсчлэх бодлого замхарсан. Тийм учраас хүн амын төлөөллийг жигд хангах сонгуулийн тогтолцоо хэрэгтэй байна.
Татварын хэт төвлөрсөн бодлого орон нутгийн хөгжилд томоохон саад болж ирсэн. Төр засаг улс төрийн болон эдийн засгийн эрх мэдлийг төвлөрүүлэх сонирхолтой. Тод жишээ нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн (АМНАТ) тодорхой хэсгийг орон нутагт үлдээх хуультай ч, алдаг оног хэрэгжүүлж ирлээ. Энэ талаар 2019 оны нийтлэлээс уншиж болно.
Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бүс нутгийн хөгжлийн бодлогод нийцүүлэн хуваарилж, бүсийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх хэрэгтэй байна. Орон нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах шаардлагатай ба орон нутаг энэ талаар санаачилгатай ажиллах боломжтой. Тэгэхийн тулд орон нутаг татварын эрх мэдэлтэй болж, улмаар орон нутгийн бондууд гаргаж болно. Мюни бондын талаар энэ нийтлэлээс тодруулна уу.
Ямар ч гэсэн, энэхүү “Алсын Хараа 2050” гэсэн үзэл баримтлалыг иргэд нийтээр хэлэлцэж буй учир бүтээлчээр шүүмжлэн, нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг үүгээр зорьлоо.