АНУ-ын Мичиган мужийн мормоны сүмд зэвсэгт халдлага гарчээ

49

АНУ-ын Мичиган мужийн Гранд Блан хотын мормончуудын сүмд өчигдөр 10:00 цагийн үед зэвсэгт халдлага гарчээ. Мөргөлийн үеэр галт зэвсэгтэй этгээд дайрч халдлага үйлдсэний дараа сүмийн барилгыг шатаажээ.
Одоогоор халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, найман хүн гэмтэж шархадсан байна. Сүмийн барилга бүхэлдээ шатсан. Галыг унтраасан бөгөөд сүм шатах үед дотор нь хүн байсан эсэхийг шалгаж байна.
"Есүс Христийн шинэ үеийн гэгээнтнүүд" нэртэй сүмд зэвсэгтэй этгээд дайрах үед мөргөлчид хүүхдүүдийг дундаа хийж хамгаалсан байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд сүмийн автомашины зогсоол дээр цагдаа нартай буудалцах үеэр нас барсан. Түүнийг 40 настай Томас Жэкоб Сэнфорд гэгч болохыг цагдаагийн мэдэгдэлд дурдлаа. Сэжигтэн Гранд Бланы зэргэлдээх Буртон хотод амьдардаг байжээ. Томас Жэкоб Сэнфорд АНУ-ын тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан ахмад дайчин болохыг ч зарлав. Сэжигтэн нь 2004-2008 оны хооронд Америкийн тэнгисийн явган цэрэгт алба хаахдаа механикч болон тээврийн хэрэгслийн засварчнаар ажиллаж байжээ. Мөн 2003 онд Иракийг чөлөөлөх ажиллагаанд оролцож, нэг жил Иракт алба хаасан байна.
Сэжигтэн чухам ямар сэдлээр мормоны сүмд халдлага үйлдсэн нь тодорхойгүй байна. Магадгүй хэзээ ч энэ талаар мэдэж чадахгүй байх гэж зарим эх сурвалжид дурджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нар христийн шашинтнуудын эсрэг халдлага үйлдэж байгаа явдлыг шүүмжлэн буруутгасан байр сууриа илэрхийллээ.
Ердөө сарын өмнө Америкийн Миннесота мужийн Минниеаполис хотын Мэдэгдлийн сүмд зэвсэгт халдлага болсон. Уг халдлагын үеэр хоёр хүүхэд алагдаж, хэдэн хүн шархадсан. Сарын өмнө болсон халдлагыг үйлдсэн этгээд нь сүмд сурдаг байсныг тогтоосон.
Энэ мэтчилэн сүүлийн арван жилийн хугацаанд АНУ даяар шашны сүмүүд халдлагад өртөх явдал нэмэгджээ. 2015 онд Өмнөд Кэролина, 2017 онд Техас, 2018 онд Пенсильвани мужуудад, 2022 онд Алабамад сүмүүдэд томоохон халдлагууд болжээ.
Мичиганд өчигдөр болсон халдлагаас хэдхэн цагийн өмнө Умард Кэролинад Иракийг чөлөөлөх ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан өөр нэг ахмад дайчин зэвсэгт халдлага үйлдсэн байна. Умард Кэролинагийн Саутпорт хотын шөнийн цэнгээний газарт тэнгисийн цэргээс халагдсан ахмад дайчин Найжел Эж гал нээж гурван хүнийг хороож, найман хүнийг шархдуулжээ. Уг этгээд тэнгисийн явган цэрэгт зургаан жил алба хаасан бүртгэлтэй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn