АНУ, Египет, Катар, Турк улсын төрийн тэргүүнүүд Газад энхийг тогтоох тунхаг бичигт гарын үсэг зурлаа

6

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан 20 заалт бүхий Газад энхийг сахиулах төлөвлөгөөний дагуу Израилийн арми, Палестины ХАМАС бүлэглэл зэвсгээ буулгаад байгаа билээ. Төлөвлөгөөний эхний хэсэг өчигдөр хэрэгжлээ. ХАМАС бүлэглэлийн барьцаанд үлдсэн Израилийн 20 иргэн, 28 хүний цогцсыг нутаг буцаасан байна. Хайртай дотны хүмүүсээ хоёр жил хүлээсэн ар гэрийнхэн нь халуун дотно баяр жаргалтайгаар угтаж авлаа.


Барьцааны иргэдийг сулласны хариуд Израилийн шоронд хоригдож ял эдэлж байсан Палестины 250 хоригдол, Газад дайн үргэлжилсэн хоёр жилийн хугацаанд Израилийн армид баригдсан 1,700 палестин иргэнийг сулласан байна. Суллагдсан хоригдлууд ч мөн гэртээ эсэн мэнд хүрчээ.
Газад гал зогсоож, барьцааны иргэдийг суллахад онцгой гавьяа байгуулсан гэж хүндлэгдэж байгаа Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Ойрхи Дорнодод айлчиллаа. Трамп Израилийн парламентад нь үг хэлэхдээ Израил, Палестины талууд энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах хүртэл 3000 жилийн хугацаа өнгөрснийг санууллаа. Мөн тэрээр хэлэлцээр байгуулахад тусалсан Ойрхи Дорнодын бүх удирдагчдад талархал илэрхийлж сайшааж магтсан байна. Түүнчлэн израилчууд, палестинчуудын хувьд урт удаан хугацаанд үргэлжилсэн зовлонт хар дарсан зүүд эцэст нь дууслаа гэдгийг онцоллоо. Тэрээр цааш нь “Цоо шинэ гайхалтай өдрийн нар мандаж, Газыг дахин сэргээх ажил эхэлж байна. Бүх хүн үүнд баяртай байна” хэмээв.
Израилийн Парламентын зарим гишүүд Ерөнхий сайд Беньямин Нэтаньяхуг энхийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг нь эсэргүүцсэн. Газын дайныг үргэлжлүүлэх ёстой гэж үздэг парламентын гишүүд Трампыг үг хэлэхэд танхимд орж ирээгүй байна.
Израилийн парламентад үг хэлснийхээ дараа Трамп Газын ирээдүйг шийдвэрлэх олон улсын дээд хэмжээний уулзалтанд оролцохоор Египетийн Шарм эль-Шейх хотыг зорьсон юм. Хэлэлцээрт зуучлах үүрэг гүйцэтгэсэн Катар, Египет, Турк улсуудын удирдагчдаас гадна Их Британийн Ерөнхий сайд Сир Кейр Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц зэрэг дэлхийн 20 гаруй орны төр засгийн тэргүүнүүд Шарм эль-Шейхэд цугларлаа.
Тэнд Трамп болон Египет, Катар, Турк улсууд Газад энхийг тогтоох тунхаглалд гарын үсэг зурсан байна. Газад дайны дараах сэргээн босгох ажлыг явуулах тухай бага хурлыг Египет улс зохион байгуулахаар болжээ.
Трампыг Ойрхи Дорнодод энхийг авчирсныхаа төлөө ирэх жил Нобелийн энх тайвны шагнал гарцаагүй хүртэнэ гэж зарим хэвлэлд бичсэн байна. Олон улсын дээд хэмжээний уулзалтыг даргалан зохион байгуулж байгаа Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси Трампад Нил мөрний одон медалийг гардуулжээ. Тус медаль Египет улсын Засгийн газраас олгодог хамгийн нэр хүндтэй шагнал юм.
Трампын санаачилсан хэлэлцээрийн эхний үе шат ийнхүү амжилттай хэрэгжсэн бол дараагийн үе шатыг хэрэгжүүлэх яриа хэлцэл хэдийнэ эхэлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn