Г.Одгарав: Төрийн ажлыг гацааж, хор найруулдаг, сайд дарга нараасаа ТОМ дунд, доод шатныхан нь олонх болжээ

37

Одоогоос 8 сарын өмнө Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн даргаар томилогдоод байсан сэтгүүлч Г.Одгарав ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр энэ талаар мэдээлэхдээ, "улсын ажлыг гацаадаг, дундуур нь хор хутгадаг, хор найруулдаг, хайрцагладаг, удаан бугшсан, сайд дарга нараасаа ТОМ дунд, доод шатныхан нь олонх болсон" байгааг илчлэн цахим орчинд нийтэлжээ.
Тэрбээр, "Яг 8 сар Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн даргаар ажиллаж, өнөөдрөөс ажлаа хүлээлгэн өглөө.
Эхлүүлсэн өч төчнөөн ажил байсан ч халагдахыг дээрээс албадлаа. Залуу хүнийхээ хувиар сэтгэл зүтгэл гарган төрд шударгаар, амжилттай ажиллаад ч худал хуурмаг, бусармаг хүмүүст дийлдлээ.
Хамгийн хорчин, муу үйлэндээ чадварлаг, бүр бүлэглэл болчихсон хүмүүс дунд ажиллаж үзлээ.
Төрийн ажлыг яс хийлгэж, түмний гомдлыг засагт шударгаар тайлагнасныхаа төлөө дээрээсээ ч доороосоо ч хавчигдаж, энэ хэдэн сарыг тэвчээр заан өнгөрүүллээ. Хүнийг харлуулах, унагах тэдэнд их амархан юм билээ.
Энэ хэдхэн сард миний бие тэдний олон жил хийж бараагүй чамгүй их ажлыг санаачлан, шинэ 11-11 төвийг бүтээх алхмаа амжилттай эхлүүлж байлаа.
Нам гүмд дарагдсан 11-11 төвөө иргэдийн асуудлыг сонсох, шийдвэрлэх сайд дарга нарын ажлын талбар болголоо.
Ерөнхий сайдад хүсэлт тавьсны эцэст долоо хоног болгон Засгийн газрын хуралдаанд иргэдийн хамгийн их гомдол дагуулсан 3 асуудлыг өөрийн биеэр танилцуулж, түүний дагуу цаг үеийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ орууллаа.
Мөн
  • 1111 төвийн дуудлага алдалтыг багасгахын тулд хиймэл оюун ухаанд тулгуурласан виртуал агенттай болгох,
  • Иргэдийн гомдлын шийдвэрлэлтийн явцыг И-Монголиагаар дамжуулан мэдээлдэг болгох,
  • Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний тайлан системийг нэгтгэх,
  • 7 хоног болгон ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайдтай иргэний 2-3 гомдлын газар дээр ажиллах,
  • Сайд дарга нарт шуурхай шийдвэрлэх гомдол, мэдээллийг мессеж, мэйлээр илгээдэг болгох,
  • Алдаатай байсан бүртгэл тайлангийн системийг боловсронгуй болгон хөгжүүлэх зэрэг олон ажлыг сайд нартай эхлүүлээд явж байлаа.
Харамсалтай нь эдгээр ажлаа дуусгах хугацаа надад өгсөнгүй цэг тавиуллаа. Иргэдийн гомдлыг дамжуулдаг бус шийдвэрлүүлдэг, төр нь ард түмнээ сонсоод өнгөрдөг бус ажил хэрэг болгодог тийм л том зорилгод хүрэхээр ажиллаж байлаа.
Энэ хугацаанд төрд хийж бүтээх эрмэлзэлтэй сайд даргатай бишгүйдээ таарч явлаа. Гэвч тэдний ажлыг гацаадаг, дундуур нь хор хутгадаг, хор найруулдаг, хайрцагладаг, удаан бугшсан, бараг сайд дарга нараасаа ТОМ дунд, доод шатныхан нь олонх юм билээ.
Ёстой л хуйгаар нь цэвэрлэж, цус сэлбэж байж л шударгаар амжилттай ажиллах нөхцөл бүрдэх юм билээ. Тиймгүй бол яг л над шиг сэтгэл зүрх, цаг зав, хөдөлмөрөө бараад, урмаа хугалаад хоцрох нь ээ.
Хэрэв надад баг байсан бол, хэрэв үнэн ноёлж байсан бол би ихийг бүтээх байлаа... (Дарга нар яагаад багаа бүрдүүлдгийг яс махандаа тултал ойлгосон) Юм нэгээр дуусахгүй. Үүнээс ч илүүг санаснаараа бүтээх өдөр ирэх байх аа!" гэжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn