Цар тахлын вакцин буюу цаг хугацааны үнэ цэнэ

391
Хүн төрөлхтөн түүхийн нэгэн хүнд сорилт, ээлжит цар тахалтай тэмцэж буй эгзэгтэй цаг үе үргэлжилж байна. Гэхдээ урьд өмнөх цар тахлын үетэй харьцуулахад одоогийн бид илүү аюулгүй байдалд байгаа гэж хэлж болно. Бид тахлын тархалтыг хэрхэн зогсоохыг (хөл хорио) мэднэ. Өвчин дамжихз амыг мэдсэн учраас дамжих бололцоо бүрийг хааж байна (Ариутгал, хамгаалах хэрэгсэл). Товчхондоо, гэр гэртээ хувийн ариун цэврээ сахиад аврал буюу вакцин гарахыг хүлээх бололцоотой байна. Энэ боломж бололцоо бидэнд хямд олдоогүй. Олон олон дэгдэлт, тэр тусмаа цар тахал, хэдэн зуун сая хүний амь нас, сод ухаант эрдэмтдийн ачаар бүрэлдсэн юм. Одоо бидний мэдэж байгаа мэдлэг нэг бүрийн ард түүхийн том сургамж, олон хүний амь насны төлөөс буй.
Хүн төрөлхтөн 100 гаруйхан жилийн өмнө шингэн бүтээгдэхүүнийг ариутгах энгийн аргыг ч мэддэггүй байсан гэхээр цар тахлаар сая, саяараа хиарч байсныг гайхах юмгүй.
Вакцингүй үеийн гурван цар тахал
Хүн бүх л амьдралаа бичил биетнүүд, вирус, бактерийн дунд өнгөрөөдөг. Хүүхэд дөнгөж төрмөгцөө л хорвоотой, бас бичил биетүүдтэй танилцдаг гэж хэлж ч болно. Бичил биетэн ашигтай нь ч бий, ашиггүй нь ч бий. Тэдний зарим нь хүний биеийн дотор амьдардаг бол зарим нь өвчлүүлж, үхэлд хүргэдэг.
Түүхийн урт удаан хэмжүүрээр авч үзвэл, харьцангуй саяхныг хүртэл халдварт өвчин нь хүн төрөлхтний нас баралтын үндсэн шалтгаан болж иржээ. Хүн төрөлхтөн вакцин бүтээгээгүй байх үеийн түүхэндээ гурван аймшигт цар тахлыг давж гарсан байна. МЭ-ий VI зууны дундуур дэгдсэн “Юстинианы тахал” Европын хүн амын 50-60 хувийг хөнөөж, нийтдээ 100 сая хүний аминд хүрчээ. Түүхчдийн бичсэнээр энэ аймшигт цар тахал нь 540, 541 онд Эфиоп, Египетэд анхлан гарч, Газар дундын тэнгис дэх худалдааны замаар дамжин Константинополь хүрснээр жинхэнэ гамшиг нь эхэлсэн.
Тахлын ид үед Константинопольд өдөрт 5000 хүн нас барж байсан гэдэг. Зарим өдөр 10 000-д ч хүрдэг байжээ. Тахлын улмаас хотын хүн амын 66 хувь нь нас баржээ.
Евагрий Схоластик гэгч “Сүм хийдийн түүх” бүтээлдээ бичсэнээр бол өвчин хэд, хэдэн янз. Халдвар авсан нэг хэсэг хүний толгой өвдөж, нүд нь цусан улаан болж, нүүр хавдан улмаар амьсгал боогдож үхдэг бол нөгөө хэсгийнх нь гэдэс хямарч, доошоо суулгасаар бурхан болно. Заримынх нь эрүүн доорх булчирхай томрон ер бусаар халуурч, хоёр, гурав дахь өдөртөө амь тавих буюу бүх бие нь мэдээгүй амьд үхдэл болдог байж.
Хоёр дахь тахал нь XIV зууны дүнд үед дэгдэж Азийн хүн амын 30, Европын хүн амын 50 хувийг авч одсон аймшигт цар тахал. Тахлын вирус харх хулганад шимэгчилдэг бүүргэнэд байдаг бөгөөд Генуя хотод худалдааны хөлөг онгцоор зөөвөрлөгдөн очсон гэж үздэг. Энэ үед дэлхийн хүн амын бараг 25 хувь нь тунгалгийн булчирхай томрох, Лассын бүлээрэл гэх мэт хамгийн аюулт өвчнөөр амиа алдсан юм.
Гурав дахь цар тахал нь XIX зууны үед Хятадад гарч дэлхий даяар хэдэн арван жилийн турш хэрэн тэнүүчилсэн байдаг. Мөн булчин задрах тахлын дэгдэлт нэг бус удаа болж байв.
Цар тахлын вакцин буюу цаг хугацааны үнэ цэнэ
Вакцины түүх
Европын эмч нар XIX зууны дунд үе хүртэл олон нийтийг хамарсан халдварт өвчний өмнө хүчин мөхөс байжээ. Тэр үед холер, цэцэг өвчин хүн төрөлхтний гол гамшиг байж, үе үе хэдэн саяараа үхэж үрэгдэн, тахир дутуу болж хоцордог байв. Хүн амын 8-20 хувь нь зөвхөн цэцэг өвчнөөр нас барж байлаа. Тиймээс эмч нар эмчлэх аргыг цуцалтгүй судалж байв.
Цэцгээр нэг өвдсөн хүн дахиж өвддөггүй гэдгийг хүмүүс эртнээс ажиглажээ. Эндээс лавшруулсаар хөнгөн хэлбэрээр тусаад өнгөрөх нь дараа нь хүнд хэлбэрээр өвдөхөөс сэргийлнэ гэдэг ойлголт авсан байна.
Тиймээс Хятад, Энэтхэгт эмч нар цэцэг өвчнийг хөнгөн хэлбэрээр туссан өвчтөнөөс авсан шингэнийг эрүүл хүнд тарьдаг байжээ. Гэсэн ч тунг нь нарийн тохируулж чаддаггүйгээс өвчтөн амь насаа алдах тохиолдол гарч байв. МЭ- ий Х зуунд хамаарах аюурведын эх сурвалжуудад Энэтхэгт вакцины тухай ойлголт байсныг Францын эрдэмтэн Анри Мари Гуссон “Dictionaire des sci- ences medicales” сэтгүүлд хэвлүүлсэн байдаг. Харин цэцэг өвчний вакцин бүтээх оролдлогын талаарх анхны эх сурвалж МЭ X зууны үеийн Хятадад хамааралтай бол МЭ XV зуунд хэлбэрийн хувьд одоогийнхоос ялгаатай боловч нэгэн төрлийн вакцин ашиглаж байсан тухай баттай мэдээлэл ч мөн энэ улстай холбогддог. Тэр үед Хятадад салхин цэцэг өвчтэй хүнээс авсан эдийг хольсон нэгэн зүйл нунтгийг хамраар сорж хэрэглэдэг байсан аж.
Грекийн Хиос арлаас гаралтай Эммануэль Тимонис (1669-1720), Цефалони арлаас гаралтай Яков Пиларинос (1659-1718) гэх хоёр эмч Константинополь хотод салхин цэцгийн вакцин туршиж, үр дүнг нь “Хааны нийгэмлэгийн филосовийн бүтээлүүд” сэтгүүлийн 1714 оны дугаарт хэвлүүлж байв. Тэдний аргыг Туркт суух Английн Элчин сайдын эхнэр Лэди Монтегю гэгч Англид нэвтрүүлж тэндээсээ Америк руу дамжин, Женнерийн вакцин гарах хүртэл хагас зууны турш ашиглагдаж байв.
Хүн төрөлхтөн 1896 онд анх вакцинтай танилцжээ. Доктор Эдвард Женнер үхрийн цэцэг өвчний үүсгэгчийг хүнд тарих аргыг анх хэрэглэн түүхэнд бичигдэв. Вакцин гэдэг нэршлийг ч Эдвард Женнер гаргажээ. Энэ нь vacca үхэр, vaccin-us үхрээс гэсэн латин үг юм. Эдвард Женнерийн энэ санааг Францын эрдэмтэн Луи Пастер шавь, орос эрдэмтэн В.Хавкины хамт хөгжүүлж, галзуу өвчний вакциныг гаргаж авснаар түүхэнд нэрээ бичүүлцгээв. Дэлхий даяар үе, үе дэгдэн гай гамшиг тарьж байсан холер өвчний сүүлчийн (зургаа дахь) дэгдэлтийг чухам тэд л дарсан юм. Эдүгээ тоо толгой нь долоон тэрбум гаруйд хүрчихээд байгаа хүн төрөлхтөн Луи Пастер гэдэг хүнд маш ихээр талархах учиртай. Энэ хүн халдварт өвчин үүсэх учир шалтгаан, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар гайхамшигтай нээлт хийсэн. Тухайлбал, төрөхийн халуунаас болдог эхийн эндэгдлийг бууруулж, галзуу өвчний эсрэг анхны вакцин бий болгожээ. Түүний туршлагын ажлууд өвчнийг нян үүсгэдэг гэх онолыг баталсан. Луи Пастер мөн сүү, дарснаас өвчилдөг явдлыг зогсоох арга (ариутгах пастеризацийн арга) сэдсэнээрээ олон нийтэд хамгийн их алдаршсан.
Халдварт өвчний тархалтыг эрс багасгаж, хүн амын өсөлтийг тэсрэлт гэж хэлэх хэмжээнд хүргэсэн, шингэн бүтээгдэхүүнийг ариутгах пастеризацийн арга гэгч нь эдүгээ жаахан хүүхэд ч мэдэх шингэн бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө нэг удаа буцалгах үйл билээ.
Тэрээр микробиологийн салбарыг үндэслэгч гурван эрдэмтний нэг гэж тооцогддог. Нөгөө хоёр нь Фэрдинанд Кон, Робэрт Кох хоёр юм. Р.Кох нь туберкул нянг илрүүлэх арга нээж, сүрьеэ өвчнийг ялахад үүрэг гүйцэтгэсэн бол Ф.Кон нь нянгийн судалгаанд амьдралаа зориулсан байдаг. XVIII зуунд Европын насанд хүрэгсдийн дөрвөн хүн тутмын нэг нь сүрьеэ өвчнөөр нүд аньдаг байв.
Цар тахлын вакцин буюу цаг хугацааны үнэ цэнэ
Вакцингүй цар тахал буюу цаг хугацааны үнэ цэнэ
Хүн төрөлхтөн вакцин бүтээж, зарчмыг нь таньсан ч мэдэхгүй юм зөндөө байлаа. Тиймээс халдварт өвчин дэгдсэн үед хөл хорио л гол аврал нь болж байв.
1918-1919 онд “Испани ханиад”-ын дэгдэлтээр Дэлхийн I дайнаас 10 дахин их хүн амиа алдсан. Тэгвэл энэхүү Испани ханиадыг үүсгэгч нь H1N1 вирус болохыг дэгдэлтээс 13 жилийн дараа 1931 онд тогтоож байв. Энэ вирусийн өөр “нэг төрөл” 2009 онд гахайн ханиад өвчнийг үүсгэж, цар тахлын хэмжээнд хүрч байсныг бид мэднэ. Хэрвээ 1919
онд дэгдэлт хачирхалтайгаар өөрөө намжаагүй бол юу болох байсныг төсөөлөхөд бэрх. Тэгэхээр, халдварт өвчинтэй тэмцэх хамгийн шалгарсан арга нь хөл хорио бөгөөд тархалтыг нэг хязгаарлаж цаг хожсон байхад учир гэгч ургадаг байж. Эрдэмтэд 1951 онд бруцеллёз, 1967 онд гахайн хавдар, 1970 онд улаанууд, 1972 онд менингит өвчний вакциныг гаргасан. Тэр болтол дээрх өвчний дэгдэлтүүд хэдэн удаа болж, хэдэн хүн амиа алдсаныг хэн ч таашгүй.
Ер нь, испани ханиад ч одоогийн ковид19 ч адилхан, вакцин, 100 хувь үр дүнтэй эмчилгээ гартал хэдэн ч жил болж магадгүй. Тэр болтол өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэсч үлдэх л чухал юм байна. Өнөөдөр бидний хөл хорионд өнгөрөөж буй хором бүр хүчин мөхөс хүн төрөлхтний амьд үлдэхийн төлөөх тэмцэл, харин амиа алдаж буй хөөрхий хүмүүс вакцин гарах хүртэлх тэр цаг хугацааны төлөөс нь юм.
Ковид19 вакцин ямар шатанд явна вэ
Шинэ үүсгэгчтэй халдварт өвчин гарсан тохиолдолд юун түрүүнд өмнө гарсан эмнүүдээс хэрэглэж турших нь мэдээж. Ковид19 өвчин үүсгэгч SARS-CoV-2 вирусийн халдвар тархаж эхэлж байхад өмнө нь бүтээгдсэн бусад өвчний эмийг ашиглаж байсан. Эдгээр эм бэлдмэлүүдээс хумхаа өвчинд хэрэглэдэг “Хлорохин” хэмээх эм үр дүнтэй байгаа талаар мэдээлэл гарсан. Гэхдээ АНУ- ын Ерөнхийлөгч Д.Трамп тэгж хэлсэн боловч ДЭМБ албан ёсоор зарлаагүй.
Австралийн Монаш их сургуулийн эрдэмтэд Мельбурны Эзэн хааны эмнэлгийн эмч нар ивермектинийг SARS-CoV-2 вирусийн өсөлтийн эсрэг 99 хувийн үр дүнтэй туршиж ДЭМБ- аас зөвшөөрөгдөөд байна. Энэ завсар зарим улс хлорохин эм хэрэглэхээ больж, ДОХ өвчний үед хэрэглэдэг эмийн эрэлт хэрэгцээ өссөн байна.
Халдварт өвчний эмчилгээ нь үүсгэгчийг шууд устгах зорилготой бол вакцин нь шууд үхүүлэхгүй, хүчийг нь бууруулах илүү нарийн ажил аж. Тиймээс эмчилгээ, вакцин хоёрын эмчилгээ нь түрүүлж гардаг бичигдээгүй хуультай юм байна. Ковид19 өвчнийг үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус гэдгийг мэдсэн цагаас эрдэмтэд эмчилгээ, вакцин гаргахаар ажилласан. Тэр цагаас хойш гурван сар өнгөрч, хөгжингүй орнуудад эм нь эхнээсээ гарчээ. Гэсэн ч батлагдтал хугацаа шаардлагатай юм байна.
Япон улс хятад эрдэмтдийн судалгаанд үндэслэн “Авиган” хэмээх эм бүтээснийг дэлхийн 30 гаруй улс эмчилгээнд хэрэглэхээр болоод байна.
Манай улс ч энэ эмийг хэрэглэхээр болоод буй. Гэхдээ hightech.plus цахим хуудаст уг эмийн талаар “Япон улс шаардлагатай улсуудад нь үнэ төлбөргүй нийлүүлэхэд бэлэн байгаа ч үр дүнгийн талаар мэдээлэхээс түдгэлзэж байгаа юм” гэсэн өгүүлбэр байгаа нь анхаарал татна. Энэ нь хэрэглэж буй 30 улсын өвчтөнүүд үндсэндээ туршилтын туулай болж байгаа гэсэн утгыг илэрхийлнэ.
Вакцины тухайд, АНУ-д Сиэтл дэх Кайзерын нэрэмжит шинжлэх ухаан, судалгааны байгууллага, БНХАУ-д биологийн зэвсгийн шинжээч Чэн
Вэйн толгойлсон эрдэмтдийн баг хүн дээр туршилт явуулж эхэлсэн байна. Товчхондоо хүн төрөлхтөн ковид19 өвчний өмнө гар хоосон хэвээр байна. Барьсан хуучин зэвсэг үр дүн муутай тул ээлжлэн сольсон байдалтай, шинэ зэвсэг бүтээсэн нь хэргээ гаргатал хол бололтой.
ОХУ-ын вирус судлаач В.Зверевийн хэлснээр бол SARS-CoV-2 вирусийн эсрэг баталгаатай эм гартал 1.5-2 жил шаардлагатай гэж таамагласан. Бусад эрдэмтэд ч ерөнхийдөө 1-2 жил гэсэн хугацаа хэлж байгаа юм.
Тэгэхээр, испани ханиад шиг өөрөө гэнэт намжчихгүй л бол хорио цээрийн дэглэм эртдээ л он дуустал үргэлжлэх нь бараг л тодорхой бололтой.

Х.Батсайхан
Эх сурвалж: eagle.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn