Дэлхийн зөгийн өдөрт зориулав: Зөгийн нийгэмд үзүүлэх ач холбогдол

623
Зөгий гэхээр та шууд л дүнгэнсэн дуу, эсвэл аймар хатгалтын талаар бодож байна уу? Зарим хүмүүс хортон шавьж ч гэж бодож байж магадгүй юм. Гэтэл нийгэмд болон байгаль дэлхийд үзүүлэх ЗӨГИЙН ач холбогдол маш өндөр байдаг. Тавдугаар сарын 20-ны энэ өдөр Дэлхийн Зөгийн Өдөр хэмээн НҮБ-аас тогтоол гаргасан билээ. Зөгий бол хүн төрөлхтөнд төрөл бүрийн эрүүл мэндийн ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цорын ганц шавьж юм. Тэр бүтээгдэхүүн нь мэдээж ЗӨГИЙН БАЛ. Зөгийн балны хамгийн наад захын ач холбогдол бол ханиад томуу, элдэв халдвар, хоолойн өвчлөлийг дарна, нойронд тустай, дархлааны системийг дэмжих байдаг. Сүүлийн үед дэлхийн улс, орнууд бүтээгдэхүүн борлуулалтаасаа тодорхой хувийг зөгийн тоог нэмэгдүүлэх ач холбогдлыг ойлгуулахад зарцуулдаг болсон байна. Жишээлбэл: зарим орнуудад сургуулийн насны хүүхдүүдэд зөгийн нийгэмд үзүүлэх ач холбогдлыг ойлгуулах сургалтууд хүртэл хийгдэж байна.
Ургамлын ургалтанд...
Зөгийгүйгээр ургамал цэцэг навч багасах болно. Энэ нь мэдээж нийгэмд сөргөөр нөлөөлнө. Ургамал өөрөө бидний хоол хүнс, эм тариа, хамгийн чухал нь хүчил төрөгчөөр биднийг хангагч шүү дээ. Харин ургамлын тоос хүртээж үржих процесст амьтад дэмжлэг үзүүлдэг. Зарим ургамлууд харилцан тоос хүртээж байхад зарим нь зөгийнд найдаж, харин зарим нь салхиар тоос хүртдэг. Зөгий тоос хүртээхдээ эр цэцгийн тоосон уутанцараас тоос авч эм цэцэгт хүртээдэг. Харин энэхүү процесс нь самар, жимс болон үр тариаг бий болгодог юм.
Тоос хүртээх процессийн хувьд
Тэгэхээр зөгий ургамлын ургалтыг тэтгэж бидний дэлхийг үзэсгэлэнтэй сайхан болгодог. Зөгийгүйгээр цэцэрлэг, нуга болон бусад хүчилтөрөгчөөр хангадаг бүхэн мэдэгдэхүйц буурах болно. Түүнээс гадна, цэцэг навч, ургамал нь амьтдын гэр орон болдог. Жишээлбэл: хэрэм, шувууд, шавьжнууд модонд байрладаг. Ингээд бодохоор зөгийгүйгээр байгалийн гинжин хэлхээ алдагдаж сөнөх магадлалын эрсдэл үүсдэг гэсэн үг юм.
Хоол хүнсний эх
Хүний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох үр тариа, самар, жимсийг ЗӨГИЙ бий болгодгийг бид ойлголоо. Тэгвэл хүний хэрэглээний бүтээгдэхүүний 84%-ийн ургалтыг зөгий хийдэг гэж үздэг байна. Зөгийний ачаар хүн төрөлхтөн брокколи, спаржа, канталуп, өргөст хэмх, хулуу, нэрс, тарвас, бүйлс, алим, цангис, интоор гэх мэт жимс жимсгэнэ, хүнсний ногоог хэрэглэж байна. Жимс, хүнсний ногооноос гадна зөгий нь сүүний үнээ болон бусад өвсөн тэжээлтэй амьтдыг хоол хүнс болох ургамлыг ургахад тусалж махны үйлдвэрлэлд хувь нэмэр оруулдаг. Ингээд харахаар үр тариа, шавьж зэрэг жижиг зүйлүүд орчин үеийн энэ нийгэмд хэр их хувь нэмэр оруулж байгааг харж болно.
ЗӨГИЙН БАЛ
Дээр дурьдсанчлан, зөгий бол бал үйлдвэрлэдэг цорын ганц шавьж. Зөгийн баланд хүний амьдралд хэрэгтэй маш олон чухал шимт бодисууд агуулагддаг. Гэхдээ боловсруулсан зөгийн бал (processed honey) болон түүхий зөгийн балнуудын (raw honey) ялгааг сайн ойлгох хэрэгтэй. Учир нь боловсруулсан зөгийн бал бол том хүнсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн бөгөөд зөгийн хорыг нь ялгаад авчихсан, амт сайтай байх магадлалтай ч үйлдвэрийн халуун боловсруулалтанд оруулдаг учир хамаг шимт бодисууд нь устчихсан, амт, үнэр оруулагч нэмсэн байдаг. Харин түүхий зөгийн бал нь боловсруулалтанд оруулаагүй учир бүх шим тэжээлт бодисууд, антиоксидант агуулагдсан байдгаараа хүний эрүүл мэндэд үнэлэшгүй их тустай. Боловсруулсан баланд нэмдэг фруктоз өндөртэй эрдэнэ шишийн сироп нь таргалалтыг үүсгэгч, цаашлаад элэг гэмтээгч, даралт ихсэх зэрэг өвчний шалтгаанууд болдог. Тэгэхээр түүхий балыг сонгож авах нь чухал юм. Ихэнхдээ түүхий гэж бичсэн балыг хайж худалдан авах, зөгийн аж ахуй дээрээс нь авах, эсвэл органик бүтээгдэхүүн зардаг хэсгүүдээс авах нь зүйтэй юм.
Ингээд зөгийн балны ач холбогдлыг мэдсэн юм чинь одоо зөгийнүүд яаж бал хийдэг процессыг тайлбарлая.
Юуны өмнө, зөгий таалагдсан гоё цэцэгнүүд рүүгээ нисч очоод цэцэгнүүдээс шим тэжээлээр баялаг цэцгийн шүүс цуглуулдаг. Цуглуулсан шүүсээ балт гүеэндээ (гэдсэндээ) хадгалж ниссээр үүрэндээ ирээд гулигаж амаараа дамжуулан шүүс хүлээн авдаг зөгийнд дамжуулдаг. Зөгийн ходоодонд агуулагддаг маш чухал шимт бодисууд болох амилаза, инвертаза болон диастеза нар нь бал болгон боловсруулахад тусалдаг бөгөөд маш олуулаа нийлж 20 минут дамжуулснаар бал болох үйл явц 50 хувьтай явагдаж хадгалах бэлтгэл хангагдана. Ингээд бэлэн болж байна гэж тооцсон үедээ балыг сархиаган дотор хийнэ. Энэ үед зөгийн бал шингэн усан суурьтай, мөн байгалийн исгэгч агуулдаг тул тэр чигээр нь үлдээвэл исэж сагана. Иймээс зөгийнүүд эргэлдэн нисч далавчаараа сэвж усыг нь ууршуулан зөгийн сахарын концентрацийг нэмэгдүүлдэг. Харин дараа нь бэлэн болсон балнуудаа зөгийн лаваараа таглаж хааж тавьдаг.
Хаагаагүй шингэн балтай сархиаг
Сэвж дуусаад хаасан балтай сархиаг
Бусад зөгийн бүтээгдэхүүнүүд
Зөгий нь балнаас гадна өөр олон хэрэгтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Зөгийн лав бол зөгийн биеийн гадна талд байрлах лавны булчирхайгаас ялгардаг байгалийн лаа юм. Лаваараа зөгийнүүд сархиаг барьдаг. Сархиаг нь авгалдайн гэр, тоос хадгалах гэр ч болдог.
Харахад энэ нь хүн төрөлхтөнд хэрэггүй мэт харагдаж байгаа боловч зөгийн лавыг гоо сайхны бүтээгдэхүүний гол суурь бүтээгдэхүүн болгож ашигладаг. Зөгийн бал болон лаванд хоолойны өвчнөөс эхлээд арьсны экземийн хүртэл эмчлэх маш олон орц агуулагддаг. Иймээс зөгийн лаваар экзем эмчлэх тос хийдэг. Зөгийн лавд витамин А агуулагддаг тул гэмтсэн арьсын төвөггүй эмчилдэг байна. Түүнчлэн таны арьсыг элдэв хорт зүйлсээс хамгаалдаг. Та өөртөө энэ тосыг хийж болох ба тун удахгүй яаж хийх мэдээллийг оруулъя. Тосноос гадна зөгийн лаваар лаа хийдэг. Энэхүү лаа нь маш удаан асч сайхан үнэр гаргадаг ба лааны мөнгийг чинь мөн хэмнэх болно. Ингээд харахаар зөгий нь ганцхан хатгадаг муухай шавьж биш, харин ч байгаль дэлхий, манай нийгэмд зөгийн балаараа, ургамлын амьдралыг тэтгэдгээрээ, энэ нь цаашлаад маш олон амьтны хоол болдгоороо өндөр ач холбогдолтой юм. Орчин үед зөгий амьдрах орчноо алдсаар байгаа нь ирээдүйд илүү их хор уршгийг дагуулж болох юм. Иймд зөгийн аж ахуйг дэмжиж ажиллах нь нэн чухал юм. 

Т.Мөнхтуул
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn