Нам байгаа үед л лидер байдаг
Р.Амаржаргал цочих яамай. Ард түмэндээ нэгмөр ялагдлаа зарласнаа С.Эрдэнэ дарга мэдэж байна уу? Мэдлээ ч угаасаа ялагдах юм чинь яахав биз. АН-ын дарга С.Эрдэнэ өөрийнхөө нэрийг дараагийн Ерөнхий сайдаас татсан тухай цочир мэдэгдэл тус намын асуудлаар дахин хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Ялангуяа намууд яагаад парламентын сонгуулийн гол дүр байдаг тухай, яагаад намаас нэр дэвшигчдийг сонгох тухай наад захын ойлголттой сонгогчдын тархинд С.Эрдэнэ даргын мэдэгдэл шинэ дохио өгөв. Энэ нь АН-ын хувьд улстөрийн намын чадавхиа бүрмөсөн алджээ гэх дохио.
Улстөрийн намын зорилго засгийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оршдог. Ардчилсан улс орнуудад засгийн эрх чөлөөт, ардчилсан сонгуулиар буюу сонгогчдын саналаар шийдэгддэг. Эрх мэдэл олон түмний гарт байдаг гэх ухагдахуун энд чухам харагдана. Нам хэрэв ард түмэнд таалагдах үйл ажиллагаа явуулж чадвал сонгогчдын дэмжлэг авна. Үгүй бол засгийн эрх мэдлийг хэрэгжүүлж, улс орныг удирдах үндсэн зорилгоо хэрэгжүүлж чадахгүй гэсэн үг.
Тэгвэл намууд ард түмэнд таалагдах үйл ажиллагаа явуулна гэж юуг хэлж байна вэ? Хамгийн товчоор хэлэхэд Монголын улстөрийн намууд монголчуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой гэсэн үг. Нийтлэг эрх ашиг гэдэг нь өнөөдөр хамгийн их яригдаж буй шударга ёсыг тогтоох, шударга шүүхтэй болох, Засгийн газар аль нэг бүлэг хүнд зориулж шийдвэр гаргахгүй байх, баялаг цөөн хүнд бус, олонхид очдог байх гэх мэт бодлогыг намууд гаргана гэсэн үг. Сонгууль болоход намууд өөрсдийн (өөрсдөө гэдэг нь тухайн намын төлөөллийн байгууллагын олонхиор гэсэн үг) зөв зүйтэй гэж үзсэн бодлогоо мөрийн хөтөлбөр болгон сонгогчдод танилцуулдаг.
Жишээ нь, МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга ёсыг тогтоох тухай хамгийн их ярьж байгаа нэгэн бөгөөд үүний илэрхийлэл болгож мөрийн хөтөлбөртөө “УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаа, ёс зүйд хяналт тавьж, хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээж, огцордог эерэг соёл, хандлагыг төлөвшүүлнэ”, “Төрийн албаны бүх томилгоонд улс төрийн албан хаагч, УИХ-ын гишүүдийн нөлөөллийг хуулиар хязгаарлана” гэх мэтээр хөтөлбөртөө тусгаж өгчээ. МАН-ын мөрийн хөтөлбөрт “Шударга ёсны засаглал” гэх бүлэг орсон бөгөөд хоёр заалтыг нь дурдав.
Монголчуудын хамгийн их хүсэн хүлээж буй зүйл шударга ёс тогтсон буюу хууль тэгш үйлчилдэг нийгэмд амьдрах эрмэлзэл бөгөөд МАН-ын бодлого үүнд чиглэж байгаа бол ард түмний эрх ашигт тодорхой хэмжээгээр нийцэж байх нь.
Нам мөрийн хөтөлбөрөө сонгогчдод илгээхтэй зэрэгцээд түүнийг хэрэгжүүлэх баг буюу нэр дэвшигчдээ тодруулан гаргаж ирдэг. МАН ба У.Хүрэлсүх, АН ба С.Эрдэнийн ялгаа нэр дэвшүүлэх үйл явцаас олон нийтэд илүү тод харагдсан гэхэд болно. У.Хүрэлсүх хэлсэндээ хүрч, харьцангуй нэр цэвэр, бас шинэ хүмүүсийг зоригтойгоор намдаа татаж нэр дэвшүүлсэн бол С.Эрдэнэд ийм эрх мэдэл байсангүй. Дөрвөн жилийн турш “Эрдэнэт”, “Оюутолгой”, ”Чингис бонд” гэх мэт нэр ус нь тодорхой ноцтой асуудлуудаар төр, түмэнд “нүдүүлэгсэд” АН-аас олноор нэр дэвшив. Залуучууд нэр дэвшсэн гэх ч нөгөө л Ц.Элбэгдоржтой ямар нэг байдлаар холбогдогсод, хамгийн их хэл ам дагуулдаг ХХБ, АПУ гэх мэт улстөрд нөлөөтэй том компанийн эзэд, гүйцэтгэх захирлууд нэр дэвшив.
О.Баасанхүү, С.Жавхлан нар хүртэл АН-аас дэвшсэн гэхээр ядаж олон түмэнд жаахан ч гэсэн таалагдах талаа бодож үзсэн үү гэдэг асуулт эрхгүй тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улстөрийн нам олон түмний эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Тэгэж байж тэдний саналыг авах үндсэн зарчим, зорилго нь хаачив, хаана гээгдчихэв?
За тэгээд сонгууль эхэллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх улс орны өнцөг булан бүрт хүрч сонгогчидтой уулзан, намынхаа бодлогыг танилцуулан, өөрийнхөө багийг дэмжихийг уриаллаа. Тэрээр өөрийгөө “МАН-ын лидер” гэдгээ харуулж, Ерөнхий сайд болоод юу хийсэн, дараагийн дөрвөн жилд юу хийхээ ил тод болгов. Сонгогчид сонголтоо хийхийн тулд нам, нэр дэвшигчдээс бодит мэдээлэл хүсдэг бөгөөд түүгээр баримжаа болгон сонголтоо хийдэг. Харин АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн сурталчилгаа тал дундаасаа өнгөртөл Баянголоос гарсангүй. Ямар сайндаа хэвлэлүүд “У.Хүрэлсүх явж, С.Эрдэнэ нуугдаж байна” гэж бичихэв. Тэгэж байгаад гэнэт гарч ирж нэгэн мэдэгдэл хийсэн нь “АН-ын дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг нэрлэж байна” гэх мэдэгдэл. Ингэж сонгогчид АН-ын “байхгүй байсан” дарга байж байгааг мэдэж авав. Гэвч С.Эрдэнэ үүгээрээ намаа байхгүй болсныг эргэлзэх юмгүй зарлав.
Нам гэдэг бодлоготой, бодлогоо хэрэгжүүлэх багтай, багаа удирдах лидертэй байж парламентын сонгуульд амжилт гаргана. Үүнийг зөвхөн бид яриад байгаа юм биш. Парламентын сонгууль болдог, сонгуулиар бүрдсэн парламент нь ардчиллынхаа баталгаа болдог, тэнд ялсан намын мөрийн хөтөлбөр төрийн бодлого болж хэлэлцэгддэг бүх улсад мөрддөг зарчим. Тэр тусмаа энэ удаагийн сонгуулийн дараа шинээр батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу өмнөхөөс хүчирхэг Ерөнхий сайд өөрийн багаа бүрдүүлэн ажиллах гэж байна.
Энэ нөхцөл байдлыг угтуулан эл сонгуулиар “Дараагийн лидер, дараагийн Ерөнхий сайд” гэдгээ ил зарлах хэрэгцээ, шаардлага бүх нам, эвслийн дарга нарт байгаа гэсэн үг. Гэвч өнөөдрийн байдлаар өрсөлдөхүйц хоёр намын лидерийн түвшин харьцуулах боломжгүй ялгаатай байна. Ялсан намын дарга намынхаа бодлогыг хэрэгжүүлэхийн тулд дараагийн Ерөнхий сайд болдог жишиг, зарчмыг ч мартаж болохгүй.
Тэр нам ялалтын төлөө гэсэн зорилготой бол дарга буюу лидерээ л урдаа барих ёстой болохоос хэн нэгэн өөр нэр дэвшигчид ацаглах нь бодлого, дэвшил биш юм.Тэр тусмаа нэр дэвшүүлэлтээсээ эхлээд л улстөр, эдийн засгийн явцуу бүлэглэлийн нөлөөнд автсан гэх шүүмжлэлийн бай болсон нөхцөлд С.Эрдэнэ намын дарга байж чадсангүй. Түүний оронд Р.Амаржаргал Ерөнхий сайд болно гэхэд ч хүмүүс итгэхгүй байна. Яагаад гэвэл сонгуульд орж байгаа намын дарга нь С.Эрдэнэ шүү дээ. Тэр ялагдлаа зарласантай адил мэдэгдэл хийсэн. Ер нь нам байгаа үед л лидер байдаг аж.
Т.Бүдээхүү
Эх сурвалж: gereg.mn