Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил ирэх онд эхэлнэ
Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц \УЦС\-ын барилгын гүйцэтгэгчийг энэ сард тодруулж, ирэх онд барилга угсралтын ажил эхлэхээр болжээ.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Ховд голыг түшиглэн усан цахилгаан станц барих бэлтгэл ажил хангагдсан учир энэсарын 25-нд тендер зарлан, гүйцэтгэгч компани, аж ахуйн нэгжийг шалгаруулж, ирэх онд барилга угсралтын ажил эхэлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортолдог. Тэгвэл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж, ашиглалтад оруулснаар баруун бүсийг дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ гэж салбарынхан үзэж буй.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн.