Аялал жуулчлалын маршрутыг тэмдэгжүүлнэ
Ховд аймагт 2020 онд 18954 дотоодын, 22 гадаад жуулчин иржээ. Орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр салбарынхан анхаарч ажиллаж буй.
Тодруулбал, “Тогтвортой аялал жуулчлал-II төсөл” (2020-2027 он)-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Чулуун соёлын дижитал музей бүхий нүүдэлчдийн соёлын судалгаа, мэдээллийн төв байгуулах”, аялал жуулчлалын гудамж байгуулах, аяллын маршрутын дагуу отоглох цэг байгуулах ажлын судалгаа эхэлсэн байна.
Мөн Ховд аймгийн хэмжээнд тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Гурван Сэнхэр төвтэй таван од” дэдхөтөлбөр хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрийн хүрээнд Гурван Сэнхэрийн агуйг түшиглэсэн таван чиглэлд маршрут гаргаж, гадаад, дотоодын жуулчдад санал болгож буй.
Үүнтэй холбогдуулан энэ онд Дэлхийн байгаль хамгаалах сан, Ховд аймгийн Байгаль орчны салбар байгууллага хамтран “Гурван Сэнхэр төвтэй таван од” дэд хөтөлбөрийн таван чиглэлийн маршрутын нэгдүгээр чиглэлийг тэмдэгжүүлж, тохижуулахаар шийдвэрлэсэн байна.
Одоогоор энэхүү ажлын хүрээнд нэгдүгээр чиглэлийн маршрутын дагуу нийт 78 тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбар байршуулахаар болж, загвар гаргаад байна.
Мөн аяллын маршрутын дагуу тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбар байршуулах ажлыг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах үйл явц өрнөж байна.
Гурван үгт хаягжуулалтын бүртгэлд 150 газрыг хамруулжээ
Өнгөрсөн онд Ховд аймгийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, түүх,соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт 150 газрыг гурван үгт хаягжуулалтын системд хамруулсан аж.
Ховд аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг “Ховд аймгийн аялал жуулчлал”, “21 аймаг – аялал жуулчлал” гэх мэт пэйж хуудсаар дамжуулан иргэд олон нийтэд сурталчилж буй.