Гуравдагч хүчний орон зай байна, гуравдагч хүчин нь алга

39
Дээд шүүхэд бүртгүүлж, тамга тэмдэг, гэрчилгээгээ авсан, эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлж, улс төрийн үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрхтэй 35 намтай, эднээс цөөнгүй нь сонгуульд өрсөлддөг байхад гуравдагч хүчин алга гэж хэлэхээр гайхах хүн гарч мэдэх юм. Гэхдээ манайд үнэхээр гуравдагч хүчин алга. Хэрэв та санал нийлэхгүй бол, өнгөрсөн 30 жилд ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран засаг барьсаар өдгөө нэг нэгнээсээ юугаараа ялгардаг нь тодорхойгүй болчихсон, өөрсдөдөө “хоёр том нам” гэх тодорхойлолт зүүсэн МАН, АН-тай өрсөлдөж, тэднийг ялдаггүй юм гэхэд суудлаас нь дорвитойхон хуваалцан, бодлого шийдвэрт нь нөлөөлөх, хяналт тавих хэмжээний үйл ажиллагаа явуулдаг, бурууд нь хазаар, зөвд нь ташуур болох улс төрийн хүчин байна уу, нэрлэ дээ.
ДАРГЫНХАА ХАЛААСАНД НОЙРСОЖ БУЙ НАМУУД “СЭРЭХ” ЦАГ АЙСУЙ
Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг хүн амтайгаа харьцуулбал хэтэрхий олон харагддаг зүйл манай улсад бишгүй. Тэдний нэг нь улс төрийн нам. Гуравхан сая хүнтэй, засгийн эрхийг хоёр нам л ээлжлэн барьж, бодлого, шийдвэр гаргадаг хэрнээ хэнд, юунд хэрэгтэй нь тодорхой бус, бүр нэрийг нь ч сонсоогүй 30 гаруй улс төрийн хүчин бий. 
Уг нь “Улс төрийн нам гэдэг нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага юм” гэсэн тодорхойлолт байдаг. Бас “Улс төрийн нам гэдэг бол Монгол Улсын иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэхэд туслах гэж байгуулагддаг, улс төрийн хүнд хүчир ажлыг таны өмнөөс хийе гэж гарч ирж буй байгууллага” хэмээн энгийн үгээр томъёолох нь ч бий.
Улс төрийн намын үндсэн үүрэгт “Иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлохыг эрмэлздэг бөгөөд тэдний хүсэл зоригоо илэрхийлэх арга замыг зааж өгөн, шаардлагыг нь зохих түвшинд (хурал, жагсаал, цуглаан зохион байгуулахаас эхлээд хувьсгалд уриалан дуудах хүртэл) гаргадаг. Нийгэм болон өөрийн гишүүддээ улс төрийн тодорхой үзэл баримтлалыг (либерал, консерватив, социал-демократ, фашист, коммунист гэх мэт) санал болгож, итгэл үнэмшил болгосноор өөрсдийн боловсруулсан нийгмийн өөрчлөлтийн стратегиа дэмжүүлэх, төрийн сонгуульд оролцож, засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах үүрэгтэй” гэсэн байдаг.
Улс төрийн намууд ийм чадамжгүй, идэвхгүй, холын зорилгогүй, үхээнц байгаа нь, хэн нэгэн цаг зуурын эрх ашгийнхаа төлөө нам байгуулж тоглодог нь эвийлж хөөрхийлөөд юм уу, шоглож ёгтлоод орхичих сэдэв биш.
Гэтэл манай намуудын олонх нь даргаасаа өөр гишүүнтэй, эсэх нь эргэлзээтэй. Үзэл баримтлал, үнэт зүйл, манлайллын тухайд яриад ч хэрэггүй. Ер нь дарга нь өөрөө ч тийм зүйл байдгийг мэддэг ч юм уу, үгүй ч юм уу гэхээр харагдах нь бий. Улс төрийн үйл ажиллагаанд оролцдог, арай дөнгүүр идэвхтэй хэд нь яаж ийж байгаад ганц суудал “зулгаан” парламентад орж, ордны хор найруулахад оролцохоос өөр зорилгогүй гэхэд ч хатуудахгүй.
Хамгийн цаад зах нь УИХ-д ганц, хоёр суудал бөглөж, саналын товчлуур худалдах, хор найруулахад оролцохоос хэтрэхгүй зорилготой, үүнийхээ шанд олны итгэлийг хүлээж, сэтгэлийг дагуулсан улс төрийн хүчин болж чадахгүй яваа нам болж тоглогчдын сезон орж, цаасан дээрээс “өндийдөггүй”, даргынхаа халаасанд нойрсож буй намууд “сэрэх” цаг юу юугүй хаяанд ирлээ. Учир нь энэ жил УИХ-ын ээлжит сонгуультай.
Улс төрийн намууд ийм чадамжгүй, идэвхгүй, холын зорилгогүй, үхээнц байгаа нь, хэн нэгэн цаг зуурын эрх ашгийнхаа төлөө нам байгуулж тоглодог нь эвийлж хөөрхийлөөд юм уу, шоглож ёгтлоод орхичих сэдэв биш. Хоёр том нам иргэдийн итгэлийг алдаж, тэднээс хүлээх зүйл үгүй болсныг цаг хугацаа харуулах тусам Монголын улс төрийн амьдралд гуравдагч хүчний орон зай улам томорч, итгэл даах, шинэ сонголт бий болгох намын эрэлт, хүлээлт нийгэмд үүсээд буй. Хоёр том намд итгэл алдарсан сонгогчдод итгэлээ дайж, саналаа өгөх гуравдагч хүчин хэрэгтэй байгаа. Харин тэдний хүсэн хүлээж буй бодлоготой, үзэл баримтлалтай, зарчимтай, холыг харсан гуравдагч хүчин болох нам алга.
ГУРАВДАГЧ ХҮЧИН БОЛНО ГЭСЭН НАМУУДЫН ГУНИГТ ТҮҮХ
Өнгөрсөн хугацаанд гуравдагч хүчин болно хэмээн зарлаж гарч ирсэн намуудын түүхийг харахад “гунигт” хэмээх ганц үг бүгдийг илэрхийлдэг. Тэдний гунигт түүхээс ойрын зайн тоглолт хийсэн, улс төрийн намыг ганц хүний эрх ашгийн төлөө байгуулсан тохиолдлуудыг сануулъя.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-аас гарч, Ард түмний нам байгуулснаа зарласныг уншигчид санаж буй биз ээ. Намтай болсны хүчинд тухайн үедээ Эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан, Эрүүл мэндийн сайд болсон. АН түүнд сайдын суудал өгөөгүй тул өөрийн гэсэн нам байгуулаад Засгийн газрын бүрэлдэхүүнд багтчихсан тэрбээр удалгүй тендер будилуулсан хэл аманд өртөж, гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлүүлэх дөхсөн. Ингээд санаснаа гүйцэлдүүлэхэд гишгүүр болсон “муу” намаа орхиж, АН-даа аврал эрж очсон удаатай. Дараа нь, АН түүнд ашиггүй санагдахад нэгэн цагт жишим ч үгүй хаясан Ард түмний намаа ч тоолгүй, Ард түмнээ хайрлая гэдэг нам байгуулаад, өөрөөсөө гадна гэргий, хадам аавыгаа нэр дэвшүүлэн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцсон. Улс төрийн нам гэдэг улстөрчдийн хувьд тоглоомын зүйл болсны нэг тод жишээ нь энэ.
Мөн л өөрсдийгөө гуравдагч хүчин хэмээн зарласан Иргэний хөдөлгөөний намынхан ч үүнээс дээрдэх юмгүй. Ж.Батзандан, О.Магнай, М.Ичинноров нарын гудамжны тэмцэгчид нэгдэж Иргэний хөдөлгөөний нам байгуулсан. Тэднийг шударга тэмцэгчид хэмээн итгэсэн олон ч хүн уг намыг дэмжсэн. Гэвч тэд тун удалгүй намаа орхиж, илүү боломж олгох, нөмөр нөөлөг болох том намыг илүүд үзсэн. 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаалыг зохион байгуулсан хэрэгт холбогдуулахад л О.Магнай, Ж.Батзандан нь АН-ыг бараадаж, М.Ичинноров нь МАХН-ын хаяаг түшсэн. Одоо Ж.Батзандан нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл хэмээх сүртэй нэртэй нам байгуулчихсан яваа. Үндсэн үүргээсээ тэс өөр зорилгоор байгуулагдаад, дарга нарынхаа улс төрд орох гишгүүр болж чадаагүйнхээ шийтгэлд эзэндээ “хаягдсан” амьгүй намын жагсаалт Ард түмний нам, Иргэний хөдөлгөөний намаар дуусахгүй.
Нэгэн цагт намын даргаа УИХ, Засгийн газрын гишүүн болгож асан Эх орон нам бас бий. Засгийн эрхийг том намуудтай эвсэн барьж, хэд хэдэн парламентад суудалтай гэгдэн мандаж явсан уг нам “Эрэл” гэдэг компанийн юм уу, Б.Эрдэнэбат хэмээх ганц хүний эрх ашгийн төлөө байгуулагдсан нь Б.Эрдэнэбаттайгаа хамт алга болсноор батлагддаг. Энэ бол гуравдагч хүчний орон зайг мөрөөсөж буй энэ үед бас нэг гунигт түүх болон дурсагдах жишээ юм. Мөн Б.Жаргалсайхан хэмээх ганц лидерээ өөр намаас нэр дэвших шийдвэр гаргахад нь далд орж, өөрийнхөө намаас нэр дэвшихэд нь ил гардаг үйлтэй нам бол Бүгд найрамдах нам. Б.Жаргалсайханд өөрөө улс төрд оролцох, УИХ-д сонгогдох нь л чухал болохоос Бүгд найрамдах нам хэрхэх нь огтхон ч хамаагүй нь олон үйлдлээс нь харагддаг.
Гуравдагч хүчин болно гэж зарласан намуудын гунигт түүх өдгөө ч үргэлжилсээр буй. Тухайлбал, өнгөрсөн сонгуулийн өмнө байгуулагдсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга өдгөө өөр намаас нэр дэвших квот царайчилж яваа. Ардчилсан Монгол Улсын түүхэнд хамгийн тогтвортойгоор улс төрийн үйл ажиллагаанд оролцсон, хамгийн олон удаагийн парламентад суудалтай байж, Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан, гуравдагч хүчин гэж хэлэхэд арай ам эвлэхээр намын дарга өнгөрсөн сонгуулиар намаа АН-тай нэгтгэх шийдвэр гаргасан нь мөн л гуравдагч хүчний гунигт түүх билээ. Улс төрийн намын дарга нар нь өөрсдөө ийм богино зорилготой байхаар Монголд хэзээ гуравдагч хүчин төлөвших вэ.
Нийгэм эрүүл, шинэ улс төрийн хүчнийг хүсэж байгаа нь сүүлийн сонгуулиудаар тодорхой харагдаж буй. Олон нийтийн энэ хүлээлтийг ашиглах гэсэн улстөрчид л олон байгаагаас биш, энэ орон зайг эзлэх холын зорилготой, бодлого, төлөвлөгөөтэй улс төрийн хүчин өнөө хүртэл гарч ирэхгүй байгаа нь харамсалтай. Улс төрийн намын тухай хуулийг боловсронгуй болгох, намуудын үйл ажиллагааг нь ямар нэг хэмжээгээр зохицуулж, үүрэг, хариуцлага, хяналтыг нэмэгдүүлэх шаардлага байгаагийн нэгээхэн үзүүр нь даргаасаа өөр хүний эрх ашгийг илэрхийлдэггүй, ямар зорилгоор байгуулагдсан нь тодорхойгүй энэ олон улс төрийн хүчинтэй холбогдож байгаа билээ.

Х.Уянга
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn