Дөргөн сум 350 гаруй малчин өрхтэй
Ховд аймгийн Дөргөн суманд 350 гаруй малчин өрхийн 162 мянган толгой мал бий. Энэ жилийн тухайд тус сумаас “Аймгийн аварга малчин өрх” гурав тодорч, саяхан шагналаа гардан авсан. Тэдний нэг бол Агваш багийн малчин О.Лхамсүрэнгийн гэр бүл юм.
Аймгийн аварга малчин О.Лхамсүрэн, гэргий Б.Ичинхорлоо нар анх 100 гаруй малтай өрх тусгаарлаж байсан бол одоо мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үржүүлсээр 1100 гаруй тоо толгой малтай болоод байна.
Байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн ургамлын гарц зэргээс шалтгаалан жилийн дөрвөн улиралд отор нүүдэл хийж яваа малчин О.Лхамсүрэнгийнх одоо Дөргөн сумын төвөөс 120 гаруй километрийн зайд буюу Увс аймгийн Өлгий сумын нутагт байна.
Эднийх хонин сүргийг түлхүү өсгөж байгаа бөгөөд энэ жил 400 гаруй төл бойжуулжээ. Мөн сүүлийн жилүүдэд нутгийнхаа гурван малчинг дэмжин малжуулсан байна.
Ийнхүү үе удам залган 30 жилийн хугацаанд мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа тэдний шагналыг Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын баг гардуулан өгч, баяр хүргэлээ.
Энэ үеэр гэр бүлийн гишүүд, ах дүү, төрөл төрөгсөд, нутгийн малчдын дэмжлэг, хамтын хүч хөдөлмөрийн үр дүнд "Аймгийн аварга малчин” гэх хүндтэй цолоор энгэрээ мялаасандаа баяртай байна гэж малчин О.Лхамсүрэн онцоллоо.
Малчин Д.Пүрэвсүрэн гурван үеийн “тэмээчин”
Дөргөн сумын төвөөс 55 километрийн зайд, “Төгий” гэх газарт малчин Д.Пүрэвсүрэнгийнх нутаглаж байна. Тэрбээр 33 жилийн турш мал маллаж буй.
Малчин Д.Пүрэвсүрэн, гэргий Т.Намжилцэрэн нар анх 600 гаруй малтай өрх тусгаарлаж байжээ. Тэгвэл одоо 1000 орчим толгой малтай болсон ба энэ жил 300 гаруй төл бойжуулсан байна.
Малчин Д.Пүрэвсүрэн таван хошуу мал дундаас тэмээн сүргийг түлхүү өсгөн үржүүлдэг. Тэрбээр гурван үе удам залгасан тэмээчин гэдгээрээ бахархаж явна.
Тэмээ маллах нь олон талт ашиг тустай. Дөргөн сумын газар зүйн онцлог, бэлчээрийн төлөв байдалд тулгуурлан тэмээн сүргийг өсгөн үржүүлэхэд тохиромжтой байна. Учир нь байгаль цаг уурын хатуу ширүүн уур амьсгалд хурдан дасан зохицдог, зуданд тэсвэртэй мал бол тэмээ.
Ажиглахад, тэмээ бол бэлчээрт сөрөг нөлөө багатай. Цасанд дарагдахгүй өндөр ургадаг бургас, улаан харгана, улиас зэрэг хатуу хөтүү бутаар хооллодог. Нутгийн ахмад малчид тэмээнийхээ зан араншингаар тэнгэрийн байдал, цаг агаарыг шинжиж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, ботго залуу тэмээд тонгочиж тогловол тэнгэр мууддаг. Тэмээ жалга, нөмөр бараанд салхины уруу харж хэвтэвэл тэнгэр хүйтэрнэ. Ингэ ботгондоо хоргодон буйлаад байвал цас бороо орно гэх мэтээр туршлагатай малчид хэлж байсныг санаж, мал маллах явцдаа анхаарч ирсэн гэж аймгийн аварга малчин Д.Пүрэвсүрэн хэллээ.
Малчин: Г.Бат-Эрдэнэ: Хүүхдүүдээ малчин болгоно
Дөргөн сумын Аргалант багийн малчин Г.Бат-Эрдэнэгийн гэр бүл энэ жил “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарч, шагналаа гардан авлаа. Эднийх 1100 гаруй толгой малтай бөгөөд энэ жил 400 гаруй төл бойжуулжээ. Тус малчных одоогоор Дөргөн сумын төвөөс 35 километрийн зайд “Майхан сувраа” хэмээх газар нутаглаж байна.
Тус малчин бэлчээрийн усан хангамж, даацыг тохируулах зорилгоор хамгийн холдоо 100 гаруй километр зайд отор нүүдэл хийдэг бөгөөд эх газрын эрс тэс уур амьсгал, экологийн нөхцөл байдал, эцэг эх, ахмад үеийн малчдаас өвөлсөн мал маллагааны арга туршлагадаа тулгуурлан тэмээ, хонин сүргийг түлхүү өсгөн үржүүлж байгаа юм. Тэрбээр малч удмаа үргэлжлүүлж, үр хүүхдээ малчин болгоно хэмээн ярьж байлаа. Сонирхуулахад, Ховд аймгийн Дөргөн сумын малчид 2020 оны мал тооллогоор 5.2 мянган толгой тэмээ тоолуулж, тэмээн сүргийнхээ тоо толгойгоор сүүлийн 10 гаруй жил аймагтаа тэргүүлж буй
.