Аймгийнхаа угтах хаалгыг 10 000 амьд мод тарьж хийж байна

475

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн төв Ховд хотын угтах хаалгыг мод тарьж тохижуулахаар  өмнөх жилүүдэд мод үржүүлгийн ажил эрхэлдэг компаниуд, аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар 280 сая төгрөгөөр ойжуулалт хийхээр төсөл авсан боловч өнөөдөр тухайн орчинд 50 сая төгрөгөөр ганц нэг  худаг барьснаас өөр зүйл хийгээгүй байна.
Аймгийн нүүр царай болсон угтах хаалгыг амьд мод тарьж байгуулах, 280 саяар хийж чадаагүй ажлыг бид зүрх сэтгэлээрээ нэгдэж, олон ястнуудынхаа санаачлагаар хийнэ гэж зориг шулуудсан, аймгуудаас анхдагч санаачилга гаргаж байгаа  “Түмэн модот хаалга” ТББ-ыг санаачлагч,  Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай соёны бүсийн салбарын захирал Д.Байгалмаатай уулзлаа.
-Ховд аймгийнхаа  угтах хаалгыг амьд модоор хийх сайхан  санаачлага өрнүүлсэн  та бүхэнд ховдчуудын өмнөөс баяр хүргэж амжилт хүсье? Ажлын эхлэл сонирхолтой байна?
-Ховд аймгийн олон ястны санаачлагыг дэмжиж "10000 мод-Олон ястны угтах хаалга" төслийг санаачилж 1.1 км газарт 1000 мод буюу нийт тарих модны 10 хувийг 3 жилийн хугацаанд ургуулан "Эх дэлхийн төгөл" нэртэйгээр аймагт хүлээлгэн өгөх  санаачлага гаргаж, бодит ажлаа эхлүүлж байна.
Яг өнөөдөрийн байдлаар мод тарих хамгаалах шон суулгаж, торлох ажил хийж байна. “Түмэн модот хаалга“ ТББ байгууллага байгуулж, залуучуудын идэвх санаачлагыг өрнүүлж, тэднийг бүтээлч хөдөлмөрт сургах, мод тарих мөнгө босгох маркетингийн ажлыг хийхэд хамтран зөвлөж ажиллаад байна. Энэ хавар 2 км төгөл хийгээд, зам дагуу гурван эгнээ улиас, бургас тарина. Зам дагуу жимсний мод тарих хориотой байдаг тухай мэдээлэл олж уншсан. Ирэх намрын тарилтаар модоо тарина.
-Олон үндэстэн ястануудыг “Эх дэлхийн төгөл” байгуулах” ажилд ямар зохион байгуулалттай оролцуулах вэ?    
-Эх дэлхийн төгөл бүтээн байгуулахад Ховд аймагт аж төрж амьдардаг 13 үндэстэн, ястны өлгий нутгийнхаа  ястан тус бүрээр нь нэрлэж, ястан бүрийн нэрэмжит төгөл байгуулахаар санаачлага гаргасан. Зураглал, дизайныг нарийвчлан гаргасан. Үүнд: ДБХСан /WWF/-1 га, урианхай, казах, олон түмний/ чантуу, хотон болон бусад/, захчин, торгууд, дөрвөд, өөлд, мянгад, тува, баяд түмний төгөл гэж нэрлэн, үндэстэн ястан  тус бүр   0,5 га талбайг угтах хаалга буюу ховдчуудын нэрлэснээр Бичигтийн хөтөлийн замын хоёр талаар, гурван эгнээ  мод тарихаар зохион байгуулсан.
ДБХСан энэ санаачлагыг 6 сая төгрөгөөр дэмжиж энэ хөрөнгө бидний ажлын эхлэл болох шонгийн мод суулгаж, тор татах, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хоол хүнсэнд зарцуулагдаж байна. /та нар харсан байх шороон шуурган дунд хүмүүс шонгийн мод суулгаж байгаа биз/
Энэ ажлыг санаачлан хийхэд албан ёсоор хандивын аян өрнүүлээгүй байна. Бэрхшээл их байгаа хэдий ус зөөж байгаад ч хамаагүй бид модоо ургуулна. Төсвөөс мөнгө авахгүй, нам улс төр дагахгүй. Олон түмнээс сайхан сэтгэлийн дэм, хандив ирж байна. Увс аймгаас 100 хайлаасны суулгац ирсэн бол халх түмний төгөлд манай аймгийн Дарви сумаас Буурч олхонууд цоохор адуут овгийн хүмүүс 1,6 сая төгрөг цугласан, эхний ээлжинд буурч олхонуудын модыг бид суулгана. Бас 1993 оны төгсөлтийнхэн, 10 жилийнхэн тусалж байна.
-Дусал ч усгүй  элсэн талд мод тарих ажил эхлүүлж байна, хамгийн гол нь  усалгааны асуудлыг яаж шийдэх вэ?
-Бид ус зөөх торх хайж зөндөө цаг хугацаа алдлаа. Олдох боломжгүй юм. Мод тарьж байгаа замын доод талын худагны 380 вольтын шугамыг Эрчим хүчний ЦТС ирж тасалсан байна. Ер нь байгалийн ус ашиглахгүй гэж бодож байна. Зам дагуу олон үндэстэн ястан бүрт хуварилсан 0,5 га тутамд чулуун доторлогоотой суваг хийж, насосоор ус хийнэ. Мод услах усыг Хөшөөтийн уурхайн бохир ус зөөдөг машинтай тохирч, аймгийн Шим ус компанийн Цэвэрлэх байгууламжийн 50-70  хувьтай цэвэршүүлсэн саарал усыг ашиглаж туршина. Уурхайн машин 7 хоногт 2-3 удаа ирдэг, ус зөөж өгнө гэж тохирсон.-Мал орохоос өгсүүлээд тарьсан модыг ургаж гүйцтэл  сүйтгэх  тохиолдол бишгүй байдаг. Хамгаалалтын асуудлыг яаж шийдэх вэ?-Зам дагуу зургийн дагуу 0,5 га тутамд 500 мод, 1,1 км–т 1000 орчим мод суулгана. Жилийн дөрвөн улирал манаач ажиллуулна. Суваг бүр дээр автомат камер тавина. Аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтэстэй манаач хийх хүн ярьж тохиролцоод байгаа. Сайн дураар ажиллах хүн олдохгүй байна.
-Аймгийхаа угтах хаалгыг, амьд модоор чимж, зочдын сэтгэлийг татахад олон ястнуудын оролцоо ямар байгаасай гэж  бодож байна?
-"10000 мод-Олон ястны угтах хаалга" төсөл нь иргэдийн оролцоотойгоор бий болно. Гурван жилийн хугацаанд нийт 8 га газарт 10000 мод ургуулах зорилготой.  2018 онд 9000, 2019 онд 5000, 2020 онд 4000 мод тарихаар төлөвөж байгаа. Ийм учраас суваг шуудуу татах, суулгац авах, хамгаалах  усалгаа, арчилгаа хийхэд олон ястан бүрийн оролцоо дэмжлэг чухал учраас ХААН банк, Голомт банкинд “Түмэн модот хаалга” ТББ хандивын данс нээгээд байна.                                                                                                                          А.Бямбасүрэн

Эх сурвалж: MONTSAME.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn