“Багш шавийн уулзалт”-д 200 гаруй эмч, мэргэжилтэн оролцов
Энэ жил Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн түүхт 80 жилийн ой тохиож байна.Үүнтэй холбогдуулан “Багш шавийн уулзалт”-ыг дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь улсын хэмжээнд 54 мянга гаруй төгсөгчтэй. Тэгвэл өнөөдрийн байдлаар Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт нийтдээ 1369 хүн ажиллаж байгаагаас 900 гаруй нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн байна. Тэдний дийлэнх хувь нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон салбар сургуулиудын төгсөгч аж.
Өнөөдрийн үйл ажиллагаанд Ховд аймгийн эрүүл мэндийн салбараас 200 гаруй хүн оролцож байна.Энэ удаагийн уулзалт нь эмч, мэргэжилтэн-төгсөгчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Багш шавийн уулзалтаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Ховд аймагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Мөн хөдөө орон нутагт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий эмч, мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулсан бөгөөд Эрүүл мэндийн яамнаас Дарви сумын Эрүүл мэндийн төвд пургон автомашин олгосныг энэ үеэр хүлээлгэн өглөө.