Таван суманд алсын зайн оношилгооны сүлжээ нэвтрүүлсэн
Ховд аймаг 17 сум, 91 багтай. Одоогийн байдлаар хөдөөгийн таван сумын эмнэлэг алсын зайн оношилгооны тоног төхөөрөмж ашиглаж байна. Монгол Улс болон Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд Ховд аймаг дахь “Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл” хэрэгжсэн.
Төслийн хүрээнд 2019 онд Ховд аймгийн Булган, Мөст, Мөнхайрхан, Дуут, Дөргөн сумын эмнэлэгт алсын зайн оношилгооны тоног төхөөрөмж суурилуулсан аж. Ингэснээр алслагдсан бүс нутгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах, аймаг, нийслэлийн эмнэлгүүдтэй цахимаар шууд холбогдон ажиллах нөхцөл бүрджээ.
Тухайлбал, Улаанбаатар хотоос 1700, аймгийн төвөөс 380 км зайд орших, 10 мянга гаруй хүн амтай Булган сумын Нэгдсэн эмнэлэг нь алсын зайн оношилгооны тоног төхөөрөмж ашиглан 2019 онд 10 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн эмч нар дутагдалтай байдаг. Иймд ямар нэг өвчтөнг эмчилж, оношилж чадахгүй байгаа тохиолдолд энэхүү тоног төхөөрөмжийг ашиглах замаар нарийн мэргэжлийн эмч нараас шууд зөвлөгөө авч, эмчилгээ явуулах боломжтой гэдгээрээ давуу талтай аж.
Н.Лхагва