Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш 150 гаруйг бэлтгэжээ
Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж нь энэ хичээлийн жилд 1300 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.Тус сургууль “Мэргэжилтэй ажилтан бэлтгэх бүсийн тэргүүлэх сургууль болох” зорилтынхоо хүрээнд 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай уялдаа холбоотой, хамтран ажиллаж ирсэн.
Улмаар 2017 оноос хойш есөн удаагийн сургалтаар 150 гаруй үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш бэлтгэн, хамтын ажиллагаагаа сайжруулжээ.
Үйлдвэрлэл үйлчилгээ, барилга, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл, инженер техникч, технологич, мэргэжилтэн, мэргэжлийн багш нарыг энэхүү сургалтад хамруулсан байна.
Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллага дээр тус коллежийн суралцагчид дадлага хийхэд илүү их туршлага хуримтлуулах, дадлагын ажлыг чанартай, хүртээмжтэй болгох, заах арга зүйгээ сайжруулах боломж өргөжиж байгаа аж.
Хамгийн сүүлд гэвэл, дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн 13 дадлагажуулагч багш бэлтгэжээ.