НҮБ-ын тэргүүний айлчлалаас Монгол Улс юутай үлдэв

397


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр буцлаа. НҮБ-ын тэргүүний энэ удаагийн айлчлал  Монгол Улсын  олон улсын хэмжээнд эзэлж буй байр суурь, нэр хүндийг бататган харуулсан айлчлал болсон талаар судлаачид дүгнэж байна.  Антонио Гутеррешийг Төв талбайд ёслол төгөлдөр хүлээн авснаар албан ёсны айлчлал эхэлж, Төрийн гурван өндөрлөг,  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, яриа хэлэлцээр хийв.  Түүнчлэн НҮБ-ын тэргүүн малчны хотонд зочилж, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд манай улсын газар нутагт өөрийн гараар мод суулгаж, энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор бэлдэж буй цэрэг дайчидтай уулзсан. Энэ мэт сонин содон зүйлээр дүүрэн айлчлалын үр дүнгийн талаар болон уулзалтуудын үеэр яригдсан гол асуудлуудыг тоймлон хүргэж байна. 
 

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх орон болохоо батлан харуулав

Олон улсын улс төр, аюулгүй байдал тодорхойгүй нөхцөл байдалд орж буй өнөө цагт Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж буй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард манай улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Цаашид ч цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн  зэвсгээр хөөцөлдөхөөс сэргий­лэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаа НҮБ-ын тэргүүнд дуулгасан. Түүнчлэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг 2013 онд дэвшүүлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн зургадугаар сард долоо дахь удаагийн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг зохион байгуулсан билээ. Энэ санаачилга нь Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, бүс нутгийн аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэх үйл хэрэгт манай улсын оруулж буй томоохон хувь нэмэр гэдгийг НҮБ дүгнэлээ. 
 

НҮБ-д эмэгтэй энхийг сахиулагч нарын тоог нэмэгдүүлнэ

НҮБ-ын зүгээс манай энхийг сахиулагчдын сахилга, хариуцлага, үүрэг гүйцэтгэлтийг өндрөөр үнэлдэг. Энэ талаар НҮБ-ын үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар нээлттэй ярьж, манай улсын зүгээс дэлхийн энх тайван, найрамдлын төлөө хийж гүйцэтгэж буй ажлыг нэг бус удаа сайшааж, олон улсын хамтын нийгэмлэгийн нэрийн өмнөөс талархал илэрхийлдэг.   Цаашид НҮБ-ын энхийн ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлэх, тэр дундаа эмэгтэй энхийг сахиулагчийн тоог нэмэгдүүлэхээр боллоо. 
 

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын  үйл ажиллагааг НҮБ дэмжинэ

Монгол Улс НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвх санаачилгатай ажилладаг. Дэлхийн зах зээлээс алслагдсан, дамжин өнгөрөх тээвэр нь өртөг өндөртэй, эрсдэл ихтэй,  далайд гарцгүй хөгжиж буй 32 улс бий.  Эдгээр орны эдийн засаг, экологи, хөгжлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, худалдааны өрсөлдөх чадавхийг нь нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах санаачилгыг гаргасан.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд манай улсад айлчлах үеэрээ тус төвийг нээж байлаа. Тус төв 2017 онд Монголд төвтэй анхны Олон улсын Засгийн газар хоорондын байгууллага болж,  2018 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн статустай билээ.  Энэ асуудлыг мөн Антонио Гутеррешийг айлчлалын үеэр талууд ярилцаж, цаашид үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирлоо.
 

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл НҮБ-ын дэмжлэгээр урагшлахаар болов

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.  Энэ үеэр яригдсан гол асуудал нь Эгийн голын усан цахилгаан станцын төсөл байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр  Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэ төслийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсэв.  Харин НҮБ-ын тэргүүн  энэ асуудлаар судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. 
 
Антонио Гутеррешийн Монгол Улсын талаар хэлсэн онцлох эшлэлүүд
-Энхтайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна.
-Монгол Улс ардчилсан шилжилтийг амжилттай хийсэн Азийн жишиг улс юм. НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирснийг тэмдэглэе. 
-Олон талт механизмд Монгол Улсын үзүүлж буй дэмжлэг нь НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрээр хязгаарлагдахгүй.
-Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласнаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах бодлого баримталж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харуулсан. Эх дэлхийг цөмийн зэвсгээс ангид болгохын тулд бусад улс ч Монгол Улсыг үлгэрлэн дуурайна гэж би найдаж байна.
-"Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал" санаачилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй оролцож буйд би нэн талархаж байна.
-Монгол Улс бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 
-Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд олон жилийн ган гачиг нь нөлөөлж, нийт газар нутгийнх нь 77 орчим хувь цөлжилтөд нэрвэгджээ.Засгийн газар эдгээр сорилтыг даван туулахын тулд "Нэг тэрбум мод" зэрэг санаачилгыг хэрэгжүүлж байгааг сайшааж байна.
-Монгол Улс өөрийгөө төдийгүй бусад улсыг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй тул сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч болох боломжтой. 
-Монгол Улсын удирдагчид бүх ард иргэдийнхээ өнө удаан хөгжил дэвшлийн төлөө цаашид ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг дээдлэн хамгаална гэдэгт би итгэж байна. 
  

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр: Олон талт хамтын ажиллагааг хөгжүүлнэ

-Манай улс шиг жижиг орнуудын хувьд олон талт хамтын ажиллагаа нь аюулгүй байдлын баталгаа болж ирсэн. Харамсалтай нь олон улсын хэмжээнд талцал, хуваагдмал байдал бий болж, энэ нь олон улсын хамтын нийгэмлэгт томоохон сорилт учруулж байна. Өөрөөр хэлбэл улс орнуудын хувьд аюулгүй байдлын баталгаа болж ирсэн НҮБ болон бусад олон улсын байгууллага энэ талцал, хуваагдлын аль талд нь зогсож байгааг ялангуяа санал хураалтын үеэр харуулах талбар болж байна. Иймд бид цаашид олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албатай нягт хамтран ажиллана. Талцал, үл ойлголцол болон зэвсэгт мөргөлдөөний шинэ эрин үед олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь нэн чухал юм. 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. Баасан ГАРАГ. № 154 (6886)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn