“Алтан хөхий уул”-ыг тахих ёслол ирэх онд болно
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, уул усаа шүтэн дээдлэх заншлын дагуу Ховд аймгийн Мянгад сумын Алтан Хөхий уулын тахилгыг ирэх 2023 онд зохион байгуулна. Үүнтэй холбоотой бэлтгэл ажил үргэлжилж байна. Ховд аймгийн Мянгад, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нийт 90.735 орчим га нутгийг хамарсан үзэсгэлэнт Алтан Хөхий уул нь баруун аймгийн олон угсаатны шүтээн уул юм. Алтан Хөхий уулыг нутгийн иргэд 1761 оноос хойш өнөөг хүртэл тахиж ирсэн уламжлалтай бөгөөд 2005 онд Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигаар төрийн тахилгатай уул болгожээ.
Монголын төрийн тахилгат Алтын Хөхий уул нь Монгол Алтай болон Их нууруудын хотгорын заагт цөлөрхөг хээр, цөлийн бүс рүү түрэн орж орших бөгөөд энд Монгол орны нутаг дэвсгэрт илэрдэг өндөр уул, бэсрэг нам уулс, бэл, ухаа гүвээт тал, толгод, тэгш дэнж, хотос хөндий, сайр хавцал, гүн жалга зэрэг олон ялгаат экосистем зэрэгцэн оршдог аж. Алтан Хөхийн уул нь далайн түвшнээс дээш дунджаар 2500-3000 метрт орших ба хамгийн өндөр оргил болох Өндөр хөхийн уул нь 3350 метр өндөрт өргөгдсөн.
Төрийн тахилгат "Алтан Хөхий уулын түүх, соёл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг 2022 оны 9 дүгээр сарын 14-нд Ховд аймгийн Мянгад суманд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандаж, төрийн тахилгат хайрхнууд, үндэсний бахархалт зүйлсийг дээдлэн хамгаалах” зорилтыг тусган хэрэгжүүлж буй.
Энэхүү зорилтын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ховд аймгийн ЗДТГ, ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэн, Мянгад сумын ЗДТГ, Ховд их сургууль хамтран дээрх эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Энэ үеэр Алтан Хөхий уулын онцлог, түүх, нутгийн иргэдийн хууч яриа, тахилгын зан үйл, соёл, уламжлал, байгалийн нөхцөл, хамгаалал, цаашид анхаарах асуудлыг шингээсэн 20 гаруй илтгэл хэлэлцэв.
Ингэснээр Алтан Хөхий уул, Өндөр хөхийн овооны тайлга тахилгын уламжлалт зан үйлийг тодруулж, цаашид зан үйлийг зөв хийх, иргэдийн санал бодлыг судлан тусгах боломж өргөжсөн юм. Хэлэлцүүлгийн явцад уул, овоог тахихтай холбоотой санал, зөвлөмжийг иргэдээс нээлттэй авсан бөгөөд зөвлөмж боловсруулж, дээд шатны байгууллагад уламжлах, бодлогын баримт бичиг боловсруулах судалгааны баг ажиллаж байна.
Иргэд хэлэхдээ, "Алтан Хөхий уулын савдаг эрэгтэй эсвэл эмэгтэй эсэхийг тодруулах, уулыг тахих зан үйл хийхдээ олон хүн цуглаж тухайн газрын орчны бохирдол үүсгэж байгаа тул цааашид зан үйл хийх цөөн тооны хүмүүсийг томилж, мориор явуулах, бусад иргэд уулын бараа харагдах холын газраас сүсэглэн залбирч, тусгайлсан үйл ажиллагаагаа өрнүүлэх, уулын оргил зүгт машинаар явахыг хориглох, тахилгын зан үйл хийж буй газарт бие засахыг болиулж, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай" гэх мэт олон санал уламжлав.