ХОВД: Манхан сумаас хөдөлсөн тэмээн жин 120 км замыг туулна

502
Монголчууд эрт цагт ачаа барааг алс хол тээвэрлэх ажлыг гагцхүү тэмээн жингээр гүйцэтгэж байсан.  Энэхүү уламжлалыг үргэлжлүүлэх, өв соёлын хэлхээг сэргээх, хадгалан үлдэх, түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд “Цайны зам” өв соёлын гуравдугаар наадам зохион байгуулж, “тэмээн жин”-гийн цуваа энэ сарын 25-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн нутаг, “Цагаан овоо” хэмээх газраас хөдөлсөн. Тэмээн жин Ховд аймгийн төв хүртэл гурван өдрийн турш нийт 120 км замыг туулах бөгөөд 30 тэмээнд 80 кг хужир, эсгий, авдар зэргийг ачсан байна.

Налгар намрын шаргал өдрүүд үргэлжлэх энэ цаг мөчид Ховд аймгийн Манхан сумын уугуул, ахмад малчин Намжилийн Нямдаваад сүрлэг уулс бүхий уудам хөндийд хоноглож, тэмээн жингээр ачаа бараа тээвэрлэх, тэмээн жинг ахлан урт аянд гарах үүрэг оногджээ. Манхан сумын Баян гол багийн 7 тэмээчин түүнтэй хамт явна. Хамгийн ахмад нь 60 настай, хамгийн залуу тэмээчин нь 30 настай. Тэд 7-10 хоногийн хугацаанд бэлтгэл ажил хийсэн бөгөөд өдөрт 30-40 км замыг туулж байна. Яг одоо тэмээн жингийн цуваа 80 гаруй км замыг туулан Хар-Ус нуур орчим ирж, бөөр харын урд хэмээх газарт шовлоо (урц) барин, хоноглож байна. Маргааш буюу 9 дүгээр сарын 27-нд 11.00 цагийн үед аймгийн төв орно хэмээв. Тэд тэмээн жин үйл ажиллагаанд 1-3 удаа оролцож буй. Хамтдаа хужир шүү бөөгнүүлж ачих, алсын замд тэмээ унах, хөтлөх гээд бүх зүйлийг хамтдаа хийж, нээлттэй яриа өрнүүлж, сайхан дурсамж бүтээж, нүүдэлчин-малчдын өв уламжлалыг үргэлжлүүлж яваадаа талархалтай байгаагаа илэрхийллээ. 

Мөн тэмээчин Х.Лхагвасүрэнгийн өвөө, аав нь алс холын газарт тэмээгээр ачаа бараа тээвэрлэж, мал тууж байсан, гурван үeийн тэмээчин-жинчид байжээ. Иймээс тэрбээр гурван үeийн жинчин гэдгээрээ бахархаж, залуу малчдыг амьдрал ахуйн ажилдаа тээврийн хэрэгсэл биш тэмээгээ ашиглаж, тэмээн сүргээ түлхүү өсгөн үржүүлэхийг уриаллаа. Ховд аймгийн Манхан, Дөргөн сумын малчид нутгийн онцлог, цаг уурын төлөв байдлаас шалтгаалан тэмээн сүргийг түлхүү үржүүлж байгаа нь судалгаанд тусгагдсан бий. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn