Ховчдууд тэмээний овоо тахих зан үйл хийжээ

343

Ховд аймгийн Манхан сумын "Зэрэг гол" багийн нутагт төрж өссөн ард иргэд, тэдэнтэй ажил үйлс сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг хүмүүс нэгдэн Тэмээний баяр зохион байгууллаа. 
  
"Зэрэг гол" багийн гурван малчин өрх Тооройн элс хэмээх газраар нүүдэл хийсэн бөгөөд арагт хүүхдээ суулгаад, ачаатай тэмээ хөтлөн яваа малчдыг харсан ойролцоох нутгийн малчид домботой цай, тавагтай идээгээ барьсаар нүүдэл тослоо. Энэ нь тэмээгээр нүүдэллэх ёс заншлыг харуулжээ.
Үүний дараа тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх зорилгоор  "Тэмээний овоо тахих" зан үйлийн ёслол зохион байгууллаа. 
Манхан сумын малчид эрт үеэс зүг бүрээс тэмээгээ хураан, Зэрэг гол багийн нутаг, Тооройн элсний ойролцоох чулуун овоог тойрон цуглаж,  тэмээний тухай ерөөл магтаал хэлэлцэн, нутаг ус, овооны их сан, малын сан тавьж, ном хурсаар иржээ.  
Манхан сум бол Ховд аймагтаа хамгийн олон тэмээ тоолуулдаг /3000 гаруй тэмээтэй/ сумдын нэг. Тус сумынхан тэмээний уралдаан, тэмээтэй сайхан хос шалгаруулах тэмцээн зэргийг жил бүр зохион байгуулж байна
Энэ жилийн тухайд овооны урд талд гал асааж, сумын соёлын төвийн ажилтан, ахмад тэмээчид алтай магтаал, тэмээний ерөөл зэргийг хэлж, морин хуурын аялгуу эгшиглүүлсэн бөгөөд тус сумын хамба лам ном айлдах явцад малчид тэмээгээ хөтлөн овоог тойров. Мөн 5-6 буур овоонд шавуулж ариулах, тойруулах гэх мэт зан үйлийн шинжтэй үйл ажиллагаа боллоо. 
Үүнээс гадна малчдын дунд эр зориг, бахархлын илэрхийлэл болсон “Тэмээ сургах", "Эмнэг тэмээ булгиулах” тэмцээнийг зохион байгуулж,  эмнэг тэмээг уналга ачлагад сургасан нэр бүхий шилдэг малчдыг шалгарууллаа. 
Мөн байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд бэлчээрээр маллахад гойд зохицсон, тарга хүч, ашиг шим сайтай шилмэл ат, шилмэл ингэ, шилмэл буур шалгаруулсан юм. 
Эх сурвалж: Монцамэ.мн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn