ХОВД: Төрөлжсөн мал эмнэлэгтэй боллоо
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын хэмжээнд нохой, муур гэх мэт 3000 гаруй тэжээвэр амьтан байдаг.
Гэрийн тэжээвэр амьтдыг эмчлэх, вакцинжуулах, амьтдад зориулсан хэрэгслийн худалдаа, үйлчилгээ үзүүлэх зорилготой Жижиг амьтдын эмнэлгийг "Түмэн эх алтайн унага" ХХК, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дэмжлэгтэйгээр байгууллаа.
Тус аймгийн мал эмнэлгийн газар, холбогдох мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс сэргийлэх, бүртгэлжүүлэх ажлыг үе шаттай хийж байсан. Энэ удаа төрөлжсөн жижиг амьтны эмнэлгийн үйлчилгээг аймаг орон нутагт нэвтрүүлж,гэрийн тэжээвэр амьтанд шаардлагатай байгаа эмчилгээ үйлчилгээг шуурхай үзүүлэх боломжийг ийнхүүбүрдүүллээ.
Өөрөөр хэлбэл, Ховд аймагт “Түмэн эх алтайн унага” хэмээх төрөлжсөн мал эмнэлэг өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж эхэллээ. Орон нутгийн иргэд цаашид мэргэжлийн малын эмчээс зөвлөгөө мэдээлэл авах, нохой, муур, бусад жижиг амьтанд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж нээлттэй бий.
Ийнхүү Ховд аймагт анх удаа төрөлжсөн мал эмнэлэгтэй болсноор гэрийн тэжээвэр амьтнаас хүнд халдах зоонозын өвчнүүд болон бусад амьтанд дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.