Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ганхуулж эхэллээ

586
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхий нийтэд тархаад буй коронавирусын халдвар, тархалттай холбоотойгоор зургаан зүйл бүхий уриалгыг ард түмэндээ хандан гаргасан. Тэдгээр зургаагийн нэг нь “Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх” гэж заажээ. Мэдээж энэ бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн цаг үед гарцаагүй бий болох арга замуудын нэг байсан. Харамсалтай нь МАН-д иргэдийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлаас ирэх сонгуулийн ялалт нь чухал байсан учраас тэд гүрийсээр байгаа. Тиймдээ ч Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийн хүрээнд ийн уриалга гаргаж буй хэрэг. Үүний цаана Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн асуудал ч гарч ирж, МАН гурав дахь Засгийн газраа эмхлэн, зохион байгуулах шаардлагатай болох нь ээ.
Учир нь У.Хүрэлсүхийн Засгийн газар шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхлэх 2020 оны тавдугаар сарын 25-ны 12 цагаас эхлэн огцрохоос аргагүй байдалд орж, буланд шахагдана гэсэн үг. Шинэ Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан. Тэгэхээр одоогийн Засгийн газрын Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлтэй учраас хуулийн дагуу 11 сайд нь огцорно. Товчхондоо У.Хүрэлсүхийн кабинетийн талаас илүү нь огцорно гэдэг нь дахин шинэ Засгийн газар бүрдүүлнэ гэсэн үг. Үүнийг Үндсэн хуулийн 43-р зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэж хуульчилснаас харж, тайлбарлаж болно. Үндсэн  хуулийн 70-р зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд аливаа хууль, зарлиг, төрийн бусад шийдвэр, үйл ажиллагаа бүрэн нийцсэн байна гэсэн байгаа. Эс бөгөөс Үндсэн хуулийн Цэцэд маргаан дэгдэнэ.
Тиймээс тулааны өмнөх нам гүм гэдэг шиг өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн арга хэмжээг 2020 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл гэж заасны цаана дараагийн Засгийн газрын нүүдэл ч давхар яваа аж. У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхах нь тодорхой болсон төдийгүй Ерөнхий сайд Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг албан тушаалтан учраас Үндсэн хуулиа дагаж, мөрдөхийн тулд 2020 оны тавдугаар сарын 25-наас өмнө Засгийн газрыг огцруулах, шинээр эмхлэн байгуулах ажлыг зохион байгуулахаас аргагүй болж байгаа юм.
Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөж эхэлмэгц Засгийн газрын гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилох, чөлөөлөх болсон. Тэгэхээр Ерөнхийлөгчийн “хараан дор” сайд нарыг томилох нь ээ. Энэ мэтчилэн эрх мэдэл нь өмнөхөөс илүү болж, нэмэгдсэн учраас Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувиар ашиглах нь гарцаагүй. Нөгөө талдаа хэрэв УИХ-ын сонгуулийг хойшлуулж “чадвал” АН УИХ-ын ирэх сонгуулиар одоогийн суудлаа ахиулах боломж олдоно гэсэн үг. Учир нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан АН-ынхан шинэ нэр дэвшигчдээ олон нийтэд танилцуулах боломж хомсдож, танигдаж, мэдэгдсэн МАН-ын хууччуул л олон нийтээс санал авахаас аргагүйд хүрээд байсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү уриалгаараа дамжуулан барьцаа ахиулж, мэхээ хийхдээ АН-ынханд ч аятайхан, хугацаа хожих боломжийг давхар олгов бололтой. "Михайлд нэг бодол бий" гэж... Ерөнхийлөгч ч аргагүй л эгзгийг нь тааруулж, МАН-ын эмзэг цэгийг хатгалаа даа.  

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn