Ардын намаас 10 их наядаа шилэн болгож, сонсгол хийхийг “ШААРДАЯ”

302

Одоогоос 2 жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийн шинээр байгуулагдсан Засгийн газар сар хүрэхгүй хугацааны дотор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө” гэх сүржин нэртэй гэгээлэг мөрөөдөлөө танилцуулж байлаа. Тодруулж хэлбэл 2021 оны 2-р сарын 17-ны өдрийн 42-р тогтоолоо 2-р сарын 23-наас эхэлж хэрэгжүүлэх гэж байгаагаа Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.
10 их наяд төгрөгөө бизнес эрхлэгчдэд бага хувийн хүүтэй буюу 3 хувийн хүүтэй зээл олгож, ажлын байрыг дэмжинэ. Ипотекийн зээлд зарцуулна. Монгол банкны репо санхүүжилтэнд өгнө. Залуучуудыг ажлын байртай болгоход зарцуулна гэж танилцуулагдаж байв. Тухайн үед
-          2 их наяд төгрөгийг бизнес эрхлэгчдэд олгож, 210 мянган ажлын байр алдагдах эрсдлийг таслан зогсооно
-          500 тэрбум төгрөгийг залуучуудыг дэмжиж, ажлын байртай болгоход зориулна. Сар бүр 5000 мянган залуусыг сургаж, сургалтын тэтгэлэг хэлбэрээр 2 сая. Сургасныхаа дараа 1 сая төгрөг.
-          Орон сууцжуулах буюу ипотекийн зээлд 3 их наядыг зарцуулна. Барилгын салбарын орлого 18,3 хувь буурчихлаа. ААН-ийн тоо 17, 6 хувь багаслаа. Сар бүр 100 тэрбумыг ипотекийн зээлд зарцуулна.
-          Монголбанкны Репо санхүүжилтэд 2 их наядыг өгье. Зээлийн 16 хувийн хүүг 10,5 болгоно
-          ХАА-г дэмжихэд 500 тэрбум
-          Томоохон мега төслүүдэд 2 их наяд төгрөгийг зарцуулна.
Энэ төлөвлөгөөний дагуу 10 их наяд төгрөг зайлшгүй зарцуулахгүй л бол болохгүй гэсэн. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлчихвэл, эдийн засаг сэргэж, ажлын байр хадгалагдаад зогсохгүй нэмэгдэнэ гэж онцолж байлаа.
10 их наядын цогц төлөвлөгөө үр дүнд хүрээгүй гэх эргэлзээ
Гэтэл үнэн хэрэгтээ эдийн засаг улам элгээрээ хэвтсэн. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, барилгын компаниуд үүдээ барьж, зарим барилгын компаниудын барилга царцаж иргэдийг хохироон, инфляцийн түвшин 16,1 хувьд хүрсэн нь үнэхээр Засгийн газрын 10 их наядын цогц төлөвлөгөө үр дүнгээ өгсөнүү гэдэгт эргэлзэхэд хүргэнэ. Иргэд, бизнес эрхлэгчдийн зүгээс ч 10 их наядаас чинь авч чадахгүй байна. Очих ёстой эзэндээ очихгүй байна гэж цар тахлын нөлөөнд байдгаа барсан бизнес эрхлэгчид уурсаж, бачимдаж байлаа.
Цогц төлөвлөгөө гэгчийг зарлах үед Монголбанкны үнэт цаасанд 8 их наяд төгрөг төвлөрсөн байв. Өнгөрсөн онд нь бодит байдалд огтхон ч нийцээгүй хэд хэдэн удаагийн хэт сүржин хатуу хөл хорионы улмаас жижиг дунд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь тасалдаж, зах зээл хямарч эхэлсэн байсан. Ийм үед арилжааны банкууд хадгаламжид цугларсан мөнгөө зах зээл рүү гаргах нь тун эрсдэлтэй байсан тул ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) худалдаж авахыг илүүд үзсэн. Үүнтэй холбоотой Монголбанкны үнэт цаасанд их хэмжээний хөрөнгө төвлөрсөн байв. Улмаар Засгийн газрын 200 өдрийн тайланд 10 их наядын цогц төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 3.4 их наяд төгрөгт хүрсэн дүн мэдээ танилцуулагдсан. Ийм их хэмжээний хөрөнгө зах зээлд нийлүүлээд байхад 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар Төв банкны үнэт цаас есөн их наяд 147 тэрбум төгрөгт хүрч улам нэмэгдсэн байдаг. Уг нь найман их наядаас гурвыг нь хөтөлбөрийн хүрээнд зарцуулж зах зээлд нийлүүлчихсэн байхад Монголбанкны үнэт цаасанд таван их наяд төгрөг л үлдэх ёстой. Гэвч эсрэгээрээ үзүүлэлт гарсан байгаа юм.
Энэ нь өөрөөр хэлбэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр эдийн засагт төдийлэн үр дүнгээ өгөхгүй байгаа төдийгүй хямрал үргэлжилж байгааг илтгэсэн. Түүгээр ч үл барам танил тал, эрх мэдлээ ашиглан цогц төлөвлөгөөний зориулалтын гурван хувийн маш бага хүүтэй зээлийг аваад цааш нь өндөр хүүтэй хадгаламж болгож хувиргаад байгаа юм биш биз гэдэг хардлага төрүүлэхээр байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа ч саяхан Ардын намынхаан 10 их наядын хөтөлбөр чинь эхэлсний дараа банкны хадгаламж 5 ДАХИН нэмэгдсэн шүү гэж хэлсэн. Түүний яриа ортой болохыг хөтөлбөр эхэлснээс хойшхи хугацааны арилжааны банкуудын хадгаламж болон Монголбанкны үнэт цаасны хэмжээ нэмэгдсээр байсан статистик үзүүлэлтээс харж болно.
Нөгөөтэйгүүр Ардын намынхан ард түмэнд гэсэн шошгоор “гувшаа ишиг” шиг Арилжааны банкуудыг хөхүүлсэн гэж ч хардах нөхцөл бий. Арилжааны банкууд зах зээлд үүсэх хямралыг хамгийн түрүүнд мэдэрдэг. Жижиг дунд бизнес эрхлэгч нарын зээлийн төлөлт хүндэрч байгааг банкууд л анх анзаарсан байж таарна. Зээлдэгчид нь зээлээ эргүүлэн төлж чадахгүй болж эхэлсэн эрсдэлтэй нөхцөл байдалтай Арилжааны банкуудад аврагдах гарц нь мэдээж төр. Улмаар Ардын намынхны 10 тэрбумын цогц төлөвлөгөөний хүрээнд бизнес эрхлэгчдэд бага хувийн хүүтэй зээл олгогдож эхэлсэн нь Арилжааны банкууд зээлдэгчдээсээ зээлүүлсэн мөнгөө авах гоё тохиол болсон биз. Магадгүй томчуудын том тохиролцооны тохиол байж ч мэднэ.
Хэрэв үнэхээр бизнес эрхлэгчдэд дэмжлэг болж чадсан бол өдгөө зах зээлд үнийн өсөлт тогтворжиж, ажлын байр нэмэгдэж, инфляци 16 хувийг давахгүй л байсан байх. Эрх баригчдын ярьсан шиг гялтганасан байгаагүй нь тухайн цогц төлөвлөгөө нь хэрэгжиж эхэлснээс хойш нэг жилийн дараа 70 мянган аж ахуй нэгж Х тайлан өгсөн нь түүнийх нь илрэл гэлтэй.
Өнгөрсөн долоо хоногт 10 их наядын зарцуулалтын задаргааг танилцуулав
Үүнийг харвал:
·         Ажлын байрыг нэмэгдүүлэхэд 2 тэрбум төгрөг
·         Урт хугацаат репо санхүүжилтад 2 их наяд төгрөг
·         Орон сууцны ипотекийн зээлд 2 их наяд төгрөг
·         ХАА-н зориулалтын зээлд 888 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.
Нийт 6,8 их наяд төгрөг бөгөөд 10 их наядаас 6,8 их наядыг нь дөрвөн төрлийн зээлд зарцуулжээ.
Зарцуулалтын задаргааг Монголбанкнаас тайлагначихлаа. Тэгвэл одоо үр дүнг нь хэлэлцэх цаг болсон. Төрөөс түмнээ дэмжихээр тараасан энэ их мөнгөний нөлөө бизнес эрхлэгчид, иргэдэд хүрсэн үү гэдгийг харах цаг ирсэн. Ардын намынхан арван их наядын цогц төлөвлөгөө нэрийн дор Арилжааны банкуудтай нийлээд ард түмнийг биш, биесээ угжсан уу үгүй юу гэдгээ одоо “СОНСГОЛ” явуулаад танилцуулчих.  “Таван Ш” гэдэг сүржин ажиллагааныхаа нэг болох “ШИЛЭН” ажиллагааныхаа хүрээнд бүх мэдээллийг нь тайлагначих.

https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/41839
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn