Ч.Арслан: Би мал аж ахуйг Монголоор нь байлгахыг хичээдэг хүн

213

Манай сонины редакцид зорьж ирсэн энэ хүнийг Чанагийн Арслан гэдэг. Тэр зорилгоо хэлэхдээ “Би алс баруун хязгаараас төр, засгийнханд өөрийн бодол санаагаа хэлэх гэж ирсэн юм. Эхний алхам маань хэвлэл, сонины газар  байлаа” гэсэн юм. Тиймээс түүнтэй төсөрхөн ярилцлаа.
 
-Уугуул нутаг хаана вэ. Улсын нийслэлд ирэх зорилго чинь чухам юу байв? 
-Эхлээд би өөрийгөө товчхон танилцуулъя. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын малчин хүн. Миний нутаг ус бол Монголын эрх чөлөөний төлөө тэмцэгч, эх оронч Галданбошигтын удам өөлд түмэн 330 гаруй жил нутагласан яг тэр нутаг. Бүр тодруулаад хэлбэл, алдарт цаст Хайрхан Цамбагарав орчимд насаа элээж сууна. Миний өвөг дээдэс гэвэл хошуундаа толгой баян Налгар гэж байлаа. Түүний том хүү удамт малчин Н.Чанаг миний эцэг. Ижий маань Сэржмядаг. Тэд маань нутаг усандаа малч гэдгээрээ гайхагдсан хүмүүс байсан гэдгийг манай сумын ахмадууд одоо ч дурсан ярьдаг.
 
Үр хүүхэд бидэндээ ”Хүнийг алаг үзэж хэзээ ч болохгүй шүү. Хүн гомдоох шиг том нүгэл байдаггүй юм. Хүнийг ямагт хүндэлж яв. Бусдыг сайнаар бодож хүндэлж явна гэдэг өөрөө хүн байхын эхлэл” гэж захидаг байлаа.
 
-Өөрөө тэгвэл аав, ижийнхээ захиасыг хэр биелүүлсэн хүн бэ? 
-Тэдний маань хэлж захьсан бүхэн ажил, амьдралд минь луужин болж ирсэн. Цаст уул Цамбагаравын баруун талд Суга хайрхан гэж мөн мөнх цастай уулын бэлд би төрсөн. Энэ нутагтаа эзэн болж нэртэй, зүстэй хөдөлмөрлөж өнөөдрийг хүрлээ. Ямар мэргэжилтэй вэ гэвэл би малчин гэж түрүүнд нь хэлнэ. Уг нь жолооч болж Эрдэнэбүрэн сумын “Социализм” нэгдэлд 17 жил машин барьсан. Найман удаа удаа байгууллагынхаа хөдөлмөрийн аварга болж байсан гэхээр бас муугүй ажилласан гэж болно доо. 
-Тэгээд хэдийд малчин болсон байхав? 
-Жолооч байлаа гээд муу амьдраагүй ээ. Гэр бүлтэй болж зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон байлаа. Гэтэл хөдөөд малчин ховордож үнэт баялаг мал эзэнгүйдээд байх шиг санагдаад ер нь малчин болъё гэж шийдсэн. Багаасаа малын дэргэд өссөн малд хайртай, нутаг усаа гэдэг хүн чинь чиргүүлтэй 130-аа нэг өдөр хүлээлгэж өгчихөөд эхлээд нэгдлийн 50 бяруу, дараа нь суурь хонь авч малласан даа.
 
Малчин болсны маань гол зорилго малыг уламжлалт аргаар маллахын зэрэгцээ малын чанарт гойд анхаарах, бэлчээр сонгож оторлохын үлгэр дуурайллыг бусдад харуулъя гэж бодсон.
 
Тэгээд байгаль, мал, малчин гурвын нандин холбоосыг чанд ойлгож ажилласан. Нутаг нутгийн алдартай сайн малчдын туршлага, ажлын арга барилыг судалж үзсэн. Гэхдээ өөрийн гэсэн бодол санаа чухалд л итгэсэн дээ. Сайн тууварчин байсан аавынхаа малаа хэрхэн таргалуулдаг байсан уламжлалыг ч дагасан гэж болно.
 
-Эндээс малчин Ч.Арслангийн арга туршлага гэвэл юуг онцлох ёстой вэ? 
-Маш их онцлоготойг хэлж болно. Цаст Цамбагарав түүний салбар уулсаар нүүдэллэн малаа оторлож ирлээ. Манай бригадынхан гэхэд сумаас зааж өгсөн чиг дагуу голын хөндий нам доорх газар бараадаж нутагладаг. Тэгвэл би огт өөр зам сонгосон. Тэр мөнх цаст уулсын зүг отор хийсэн. Намайг Суга хайрханы чигт нүүдэллэхэд сумын зарим удирдах нөхөд “Энэ нөхөр сарьдаг уул бараадаад яадаг бол наад зах нь малаа чононд өгөөд дуусч мэднэ. Түүнийг нь хэн төлөх юм бас өвөлдөө хасах 40-өөс дээш хэмийн хүйтэн газарт яаж өвөлжиж, хаваржих юм” гэж л байсан.  Гэвч би угаас командын малчин байхыг эсэргүүцдэг бүхнийг дарга мэддэг юм биш гэж боддог зандаа хөтлөгдөж ажилласан. Буруудаагүй ээ. Тэр хүйтэн сэрүүн нутагт мал өлчирждөг. Өвс ургамал нь ч малд тарга хүч авахуулахад сайн гэдгийг амьдралд харуулж чадсан юм шүү.
 
-Та малд зөв тарга хүч авахуулах нь чухал гэж хэлсэн дээ. Үүнийгээ жаахан тодруулаад өгнө үү? 
-Алдарт Цамбагарав, Суга хайрхан болон Хашаатын нуруу орчмын өвс, ургамал тун шимтэй дээ. Мал дотроос хонь таргалуулдаг тарваган тагнай, хурган чих, агь ганга, хонин зээргэнэ, яргуй, бэт цэцэг гээд олон төрлийн ургамал бий.
 
Би малыг зөнгөөр нь бэлчээрлүүлэхэд их анхаардаг. Өглөө болно, нар гарна гэж хүлээлгүй ердөө л үүрээр болжмор жиргэх үед л малаа бэлчээдэг. Мал нэг хэсэг идээшилж байгаад хэвтэн амарна. Дахиад идээшилнэ. Удахгүй амарна. Энэ мэт мал зөнгөөрөө өдөрт 4-5 удаа идээшлэх, амрахыг хослуулна. Бас аль өвс ургамал нь ямар таргад нөлөөтэйг их бодолцдог.
 
Ер нь малын тарга чинь усан бадай, элгэн, махан тарга гэсэн шат дарааллыг даваад эцэст өөхөн махан болон халиман тарга гэж авдаг. Энэ таван төрлийн таргыг авахуулсан мал өвөл, хаварт ажрахгүй дээ. Уулархаг нутагт элбэг богино наст ургамал малын махан таргад их нөлөөтэй байдаг юм.
 
-Өөрийн арга туршлагаа бусдад хэр түгээж чадсан бэ? 
-Гол нь өөрөө биеэрээ үлгэрлэсэн. Цаст уулын хүйтэн, сэрүүн нөхцөлд дассан мал өлчир болдог гэж би дээр хэлсэн дээ. Бас нутаг орон, цаг агаарын байдалдаа зохицоод үс ноосны ургац нь хүртэл өөр болдог.
 
Би 1988, 1991 онуудад улсын аварга малчин болж байлаа. Хошой аварга гэсэн үг. Олон залуусыг араасаа дагуулж алдар хүндэд хүргэсэн дээ. П.Батжаргал, Л.Баттулга, С.Балжинням, Б.Нохойжав, А.Нямсүрэн нар улсын аварга болсон. Бас 25 хүн аймгийн аварга малчин цолд хүрсэн.
 
Аймаг, сумын хэмжээний хурал зөвлөгөөнөөр арга туршлагаа ярьдаг л байлаа. Ховд их сургуулийн оюутнуудын өмнө нэг биш удаа илтгэл тавьсан удаатай. Миний дүү нар болоод өөрийн хүүхдүүдээс олон хүн малчин болсон. Тэд дунд улс, аймгийн аваргууд төрсөн. Нэг үе Ч.Арслан гэдэг хүн Ховдод бурхан малчин гэгдэж байлаа. Одоо харин...
 
-Та нэг юм хэлэх гээд болчихов уу даа. Гүйцээгээд хэлчихгүй юу? 
-Манай хөдөөд намчирхал гэж нэг саад байна шүү дээ. Намын нэрээр сонгогдсон хүмүүс, дарга нар түүнээс болоод хүний үг сонсохоо байсан шиг.
 
-Та МАН-ын гишүүн биз дээ? 
-Уг нь би МАХН-д 1986 онд элссэн хүн. Аймгийн намын бүгд хурлын гишүүн байлаа. Гэтэл одоо намайг ардчиллын хүн гэж боддог шиг байгаа юм. Тиймээс үг хэлээд үнэлгээ муутай санагдах болсон.
 
-Яагаад ...? 
-Яахав. Тэр жил АН-аас УИХ-д нэр дэвшсэн Д.Батцогт нарын хүмүүс гуйхаар нь нөхөр журмын хувьд нэг удаа сонгуулийн ажилд нь унааны тус үзүүлсэн. Үүнээс болж ардчилагч талын хүн гэж боддог шиг байгаа юм. Уг нь одоо ч надад Н.Энхбаяр даргын гарын үсэгтэй МАН-ын гишүүний үнэмлэх байна. Одоогийн эрх баригч намын гишүүн гэж болно биз дээ. За тэгээд бас малыг уламжлалт монгол арга ухаанаар маллахаас биш малчин хүнд даргын заалт хамаагүй гэдэг миний хувийн бодол зарим хүнд таалагддаггүй биз.
 
-Та ярианыхаа эхэнд өөрийн бодол санаагаа төр, засгийнханд дуулгахаар ирсэн гэж хэлсэн. Тэр чинь юу вэ? 
-Монгол Улсын эдийн засгийн гол хүч чинь мал аж ахуй юм шүү дээ. Иймээс төр, засгаас хөдөөгөө анхаараач гэдгийг хэлэх байна. Байгаль орчны тухай, малын тухай ярихгүй биш ярьж л байна даа. Гэхдээ зөвхөн өнөөдрийн өнгөнөөс ярих юм. Энэ нь дутагдал гэж хэлнэ.
 
Хөдөөд бэлчээрийн хомсдол нүүрлэсэн. Үүнээс гарах арга замыг зөв сонгох учиртай. Сумыг гэхэд үйлдвэржсэн төв болгоё гэдэг.  Энэ зорилгоо биелүүлэхгүй хөдөө хөгжихгүй байгаа юм. Хөдөө нь хөгжихгүй бол Монгол Улс хөгжихгүй шүү дээ.
 
Мал аж ахуйг шинэчилье гээд ярьдаг. Энд уламжлалдаа түшиглэсэн арга барил хэрэгтэй. Энэ мэтээр надад санаа оноо байна л даа. Хэрэв тоодог юм бол. Хүмүүстэй уулзаж учирч бодол санаагаа хэлж л явна. Бас МАН-ынхандаа би танай намын хүн гэдгээ ойлгуулах ажил ч бий. Монголчууд өв уламжлалаараа малаа маллаад байгаль орчноо хайрлан хамгаалаад явж байсан цагт амьдарч чадна аа. Үүнд нь би итгэдэг. Орон нутгийнхан, малчдад ингэж л зөвлөж явдаг юм.
 
-Таныг жороо морийг эрхэмлэдэг гэж сонссон шүү? 
-Тийм дээ. Адуунд хайртай тэр дотроо жороо морь сонирхдог. Монгол уламжлалаа хадгалъя гэдэг үүднээс “Морин Эрдмийн тавилан” гэж ном бичсэн хүн дээ.
 
 
 
Д.ЦЭРЭННАДМИДЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn