Беларусийн ерөнхийлөгч тахлаас сэргийлэхэд архи, хоккей, саун гурав үр дүнтэй болохыг өөрийн иргэдэд зөвлөжээ
Дэлхийн улс орнууд коронавирусийн тахалтай тэмцэж байгаа энэ үед хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Беларусь улсын эрх баригчид аюулыг огт тоохгүй байна. Тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко саяхан ард иргэдэдээ Covid-19 өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга бол водка уух, хоккей тоглох, уламжлалт саунд суух гэж зөвлөжээ. 9.5 сая орчим хүн амтай Беларусь улсыг бараг 30 орчим жил удирдаж байгаа Лукашенко тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм. Тус улсад ресторан, баар, цэцэрлэгт хүрээлэнгүүд ямар ч хязгаарлалтгүй ажиллаж, олон хүн цугларсан спортын арга хэмжээнүүд зохиогдсоор байна. Тухайлбал Беларусийн лиг өнөөдөр Европ тивд явагдаж байгаа цорын ганц хөлбөмбөгийн тэмцээн болж байгаа.
Лукашенко өнгөрсөн Бямба гарагт мөсөн талбайд гарч, хоккей тоглосон байна. Энэ үеэр тэр хэвлэлд ярихдаа “Өвдөг сөхөрч амьд явснаас босоогоороо үхсэн нь дээр. Хоккей бол вирусийг эмчлэх жинхэнэ эм юм” гэж хэлжээ.
Беларусь улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 94 тохиолдол бүртгэгдэж, ганц ч хүн нас бараагүй байгаа. Гэхдээ Лукашенког шүүмжлэгчид энэ тоонд эргэлзэж байна. Саяхан Лукашенко коронавирустэй тэмцэх өөрийн зөвлөгөөг хүмүүст өгсөн юм. Тэрээр водка бол вирусийг устгах ид шидтэй ундаа тул беларусьчууд эмчилгээний зориулалтаар хэрэглэх ёстой гэж хэлжээ. Өөр нэг эмчилгээний аргыг Лукашенко үндэсний уламжлалт баня буюу саун гэж нэрлэсэн байна.
“Янз бүрийн вирусийг устгахын тулд хүмүүс баняд суух хэрэгтэй. Учир нь Covid-19 өндөр температурт тэсдэггүй, Цельсийн +60 хэмд үхдэг гэж мэргэжилтнүүд надад тайлбарласан” гэж Лукашенко ярьжээ. Үүнээс гадна тэр гар ариутгагч олдохгүй бол водка уух нь ариутгалын хамгийн сайн арга гэж зөвлөсөн юм. Беларусийн хөршүүд болох Орос, Украйн, Польш, Литва, Латви улсууд бүгд хилээ хаагаад байгаа. Харин Беларусь ганцаараа хилээ нээлттэй орхиж, гаднаас ирэгсдийг хоёр долоо хоног тусгаарлах арга хэмжээ авч байна.
Лукашенко өнгөрсөн долоо хоногт нэг үйлдвэрт зочлохдоо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хөл хорионы дэглэмийг ойрын үед цуцлах санааг дэмжиж байгаагаа ярьжээ. “Би түүний саяхан гаргасан саналыг дэмжиж байгаа. Бид үйлдвэр, бизнесүүдээ ажиллуулж эхлэхгүй бол ажилгүйдлээс шалтгаалан нас барах Америкчуудын тоо коронавирусийн өвчнөөр нас барах иргэдийн тооноос хавьгүй олон байх болно гэж тэр хэлсэн байна. Одоо та нар намайг яагаад үйлдвэрүүдээ хаахгүй байгааг ойлгов уу” гэж тэр үйлдвэрийн ажилчдад тайлбарлан ярьсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.
Р.Төмөр
Эх сурвалж: CNN