120 гаруй хонины арьс боловсруулахад нэг сарын хугацаанд зарагддаг
Үнэгүйдэж, хог мэт үзэгдэх болсон малын арьс, ширийг мөнгө болгох энгийн жишээ танилцуулж байна. Орон нутагтаа өрхийн үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлж буй Ховд аймгийн Жаргалант сумын иргэн А.Хөөхуяг, Б.Зоригт нартай уулзаж, санал бодлыг нь сонсов.
Тэд хэлэхдээ: Сүүлийн үед малын арьс, шир, нэхийний үнэ ханш хямд байгаа. Гэхдээ арьс, ширийг боловсруулж дээл, айргийн архад зэрэг бүтээгдэхүүн хийж зах зээлд нийлүүлэх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж нээлттэй байна.
Бид анх 2018 онд Буянт багийн 11 дүгээр гудамжны 17 тоот хашаанд ажлын байр гаргаж, арьс боловсруулах ажил эхэлсэн. Ойролцоогоор 120 гаруй хонины арьс боловсруулахад нэг сарын хугацаанд ямар ч бэрхшээлгүй зарагддаг.
Малын арьсыг 2-5 мянган төгрөгөөр худалдан авдаг. Ингээд боловсруулалт хийсний дараа 25 мянган төгрөгөөр зах зээлд нийлүүлдэг. Хүмүүс ч таатай хүлээн авч байна.
Бид арьсыг элдэж ашиглахад бэлэн болгоод шууд зах зээлд нийлүүлсээр ирсэн. Тэгвэл одоо олон төрлийн бүтээгдэхүүн хийж, шинэлэг эко хэрэглээ бий болгохыг зорьж байна. Одоогийн байдлаар үйлдвэрлэл явуулах байр байна. Харин тоног төхөөрөмж авах санхүүжилт тааруу байгаа. Тиймээс цаашид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж 20.0 сая төгрөгийн өртөг бүхий төслийн дэмжлэг авахаар холбогдох газруудад санал уламжилсан. Ер нь бид ажилгүй гээд зүгээр суух нь буруу. Өөрийн боломж бололцоо, ур чадвартаа түшиглээд ямар нэгэн ажлыг хамтын хүчээр эхлүүлсэндээ баяртай байна гэв.
Ховдод малын арьс, шир боловсруулах замаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд цөөхөн бий. Тэднээс бас туршлага судална. Бидний эхлүүлсэн өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, өргөжүүлж чадвал эхний ээлжинд оёдолчин, эсгүүрчин зэрэг 5-6 хүнийг тогтмол ажлын байраар хангах боломж бүрдэх юм. Одоогийн байдлаар стандартын шаардлага хангасан арьс худалдан авахаар зарим аж ахуйн нэгжүүдтэй тохиролцсон байгаа. Зах зээлд үнэгүйдэж байгаа хонины нэхий, үхрийн шир боловсруулж дээл, айргийн архад, улавч, ширдэг, суудлын бүрээс зэрэг үнэ цэнтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж иргэн А.Хөөхуяг, Б.Зоригт нар ярилаа.
Н.Лхагва