Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хурдтай хөгжлийн төлөө эд эс бүхэн нэгдэж, уураг тархи бүхэн улайстал ажиллах болтугай!
Гэр бүлээрээ, хамт олноороо, анд найзуудаараа 2024 оны амжилт бүтээл, ухаарал сургамжаа дүгнэж, 2025 онд хийх ажлаа төсөөлөн төлөвлөж, он солигдох торгон агшныг хүлээж буй эрхэм Монголчууддаа, хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол ахан дүүс Та бүхэндээ, ажил амьдралаараа Монгол Улстай холбогдсон хүн бүрд шинэ оны баярын мэнд дэвшүүлж байна.
Та бид хамтдаа Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх, Эрдэнэтийн 49 хувийн санхүүгийн схем Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж, Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд зарлагдаж, Тавантолгойд онц байдал тогтоогдож, төрийн сангууд цахим системд ил болж, иргэдийн мэдэх эрх хангагдаж, жагсаал цуглаантай шинэ жилийг угтаж байсан.